Перегрин Академик Сервисийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал хатагтай Дебора Роббинс, хэрэглэгчдийн үйлчилгээ хариуцсан захирал хатагтай Лана Гаскинс, Гадаад харилцаа, маркетинг хариуцсан захирал хатагтай Ж.Алимаа нар Монгол Улсад зочилж 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Альфа зочид буудалд тус байгууллагуудын үйлчилгээг хэрэглэгч их, дээд сургуулиудын удирдлага, магадлан итгэмжлэл хариуцсан багш нарт зориулсан сургалт, уулзалтыг зохион байгууллаа.Энэхүү уулзалтад АСBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн 10, нэр дэвшигч гишүүнчлэлтэй 5 сургуулийн 30 гаруй хүмүүс оролцлоо.

Энэ жил олон улсын магадлан итгэмжлэлийн АСBSP байгууллагын 30 жилийн ой, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 20 жилийн ой тус тус тохиож байна. Сургалтад АCBSP-ийн гүйцэтгэх захирал, ноён Жеффрей Алдерман, БМИҮЗ-ийн гүйцэтгэх захирал Ж.Ариунболд нар оролцов.

Сургалт, уулзалтын эхэнд ПАС-ийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал, хатагтай Дебора Роббинс, АCBSP-ийн ерөнхий гүйцэтгэх захирал, ноён Жеффрей Алдерман нар үг хэлж, харилцагч нарт талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Хэрэглэгчдийн үйлчилгээ хариуцсан захирал Лана Гаскинс, гадаад харилцаа, маркетинг хариуцсан захирал Ж. Алимаа нар хэрэглэгчдэд зориулсан B-School Connection хөтөлбөр болон http://pasadmin.peregrineacademics.com сайтны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Сайжруулсан B-School Connection хөтөлбөр нь бизнесийн хөтөлбөрөөр төгсөгчдийн мэргэжлийн түвшний ур чадварыг хөгжүүлэхэд /ACBSP-ийн стандарт-6/ зориулагдсан юм. Энэхүү стандартын дагуу B-School Connection нь оюутнуудад танхимд сурсан онолын ойлголтуудыг өнөөгийн дэлхий дээр болж буй үйл явдлуудтай холбох, бизнесийн орчинд хэрхэн хэрэгждэг тухай мэдлэгийг олгодог, оюутнуудыг идэвхтэй уншигч нар болгох зорилготой олон улсын хөтөлбөр болно.

Faculty Certification Program- B-School Connection хөтөлбөрийн нэг хэсэг нь Багш нарт сертификат олгох сургалт юм. B-School Connection-ийг тухайн багшийн хичээл заадаг курс, ангийн оюутнууд ашигласнаар багш нарт сертификат авах эрх үүсдэг ба 3 түвшинтэй үйл явц байдаг.

ПАСМ-ийн маркетингийн менежер Б. Ичинхорлоо 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан B-School Connection бичил кейс судалгаанд суурилсан анхны тэмцээний тухай танилцуулж, багш нарын санал сэтгэгдлийг сонсов.
– Англи болон монгол хоёр хэл дээрх илтгэлүүдийг тус тусад нь шүүн байр эзлүүлэх, мөн өгөгдөх кейсүүд нь өөр байх;
– Шүүгчдэд рубрик өгөх ба хөндлөнгийн шүүгчтэй байх;
– Энэхүү тэмцээний гол зорилго нь байр эзлэхдээ бус багш нар оролцогч хүүхдүүдээ сорих, мэдлэг олгох явдал юм гэдгийг багш нар санал болгож байлаа.

ПАС-ийн Client Admin Site / http://pasadmin.peregrineacademics.com / сайт нь онлайн шалгалтын бүртгэл, оюутны шалгалтын дэлгэрэнгүй дүн, хөтөлбөрийн нарийвчилсан тайланг бэлтгэх үйл ажиллагааг хялбар болгох зорилготой билээ. Онлайн шалгалт хариуцсан багш нар оюутны мэдлэгийг хөндлөнгөөс үнэлж байгаа энэхүү Перегриний шалгалтын дата-аас юу олж мэдсэнээ магадлан итгэмжлэлийн тайландаа тусгах хэрэгтэйг Лана Гаскинс зөвлөөд шалгалтын үр дүнд хэрхэн шинжилгээ хийж, түүнийгээ ашиглан хичээлийн үйл явцыг хэрхэн сайжруулах талаар уулзалтад оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ээлжит уулзалт-сургалт үр өгөөжтэй, ажил хэрэгч боллоо.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn