[:mn]
АНУ-ын Пэрэгрин лидершип институт /ПЛИ/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран НИТХ-ын ажлын алба, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, ажилтнуудад зориулан Монгол Улсад 2018 оны 9 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд “Манлайллын ур чадвар хөгжүүлэх” хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Монгол Улсад зохион байгуулсан хоёр өдрийн сургалт нь дээрх хоёр байгууллагаас АНУ-д зохиох 10 өдрийн сертификат олгох сургалтын эхний шат юм.
Улаанбаатар хотын “Хангарьд” ордонд зохион байгуулсан “Манлайллын ур чадвар хөгжүүлэх” сургалтад нийт 62 хүн хамрагдав.
Нийслэлийн ИТХ-ын ажлын алба- 13 ажилтан
Чингэлтэй дүүрэг- 5 төлөөлөгч, ажилтнууд
Сүхбаатар дүүрэг- 17 төлөөлөгч, ажилтнууд
Хан-Уул дүүрэг- 3 төлөөлөгч, ажилтнууд
Баянзүрх Дүүрэг- 23 төлөөлөгч, ажилтнууд
Багахангай дүүрэг- 1 мэргэжилтэн
Манлайллын сургалтыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, доктор, дэд профессор Б.Батбямба, ПЛИ-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Дебора К.Роббинс нар үг хэлж нээв.
2018 оны 9 дүгээр сарын 18
Сэдвүүд:
1. Манлайллыг тодорхойлох нь
2. Манлайллын үнэ цэнэ болон онцлог шинжүүд
3. Шилдэг манлайлагчийн 14 шинж чанар
4. Удирдах албан тушаалтны манлайлал
5. Баг ба багаар ажиллах нь
6. Манлайллын төрлүүд
2018 оны 9 дүгээр сарын 19
Сэдвүүд:
1. Хүний нөөцийн манлайлал
2. Төслийн удирдлагын манлайлал
3. Манлайллын ёс зүй
4. Өөрчлөлтийг удирдах нь
5. Манлайллын харилцаа холбоо
6. АНУ-ын Төр, Засгийн бүх шатны байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагаа
Сургалтын хоёр дахь өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан ПЛИ-ийн захирлуудыг хүлээж авч уулзаж, сургалтын байдалтай танилцсан. С.Амарсайхан дарга ажил хэрэгч, өндөр түвшиний сургалт хамтран зохион байгуулж байгаад ПЛИ-ийн захирал, багш нарт талархал илэрхийлж, цаашид хамтарсан сургалт, туршлага солилцох уулзалт, аялал зохион байгуулахаар харилцан санал солилцов.
ПЛИ-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Дебора Роббинс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг Денвер хотын парламенттэй, Налайх хотыг Жиллетте хоттой шууд харилцаатай болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сургалтын төгсгөлд Б.Батбямба дарга сургалтыг зохион байгуулагчид, багш нарт болон оролцогчдод талархал илэрхийлэн өөрсдийн ажил албандаа мэдсэн, сурснаа хэрэгжүүлэхийг хүслээ. Сургалтад оролцогч бүрт ПЛИ-ийн ерөнхийлөгч, доктор Олин Оедековен, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан нарын гарын үсэгтэй СЕРТИФИКАТ гардуулж өгөв.
“Манлайллын ур чадвар хөгжүүлэх” хоёрдугаар шатны сургалтыг ПЛИ-ийн Ерөнхийлөгч, ноён Олин Оедековен тэргүүтэй өндөр мэдлэг боловсрол, ажлын баялаг туршлагатай манлайллын зөвлөхүүдийн баг АНУ-ын Вайоминг мужийн Жиллетте хотод байрлах ПЛИ-ийн төв байранд 2019 оны 1 дүгээр сарын 12-22-ны өдрүүдэд 5 өдрийн тэнхмийн сургалт, 3 өдрийн туршлага судлах, танилцах аялалын хөтөлбөртэй зохион байгуулах саналтай байгаа бөгөөд сургалтад идэвхтэй оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.
[:]