Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

АМАР АМГАЛАНГИЙН ОРОНД ЗОРЧИХУЙ

 

            Балтийн тэнгисийн зүгээс зөөлөн, чийглэг салхи сэвэлзэн далай үнэртэнэ. Цас, бороо ээлжлэн, заримдаа холилдон өдөр бүр орох боловч тийм хүйтэн биш, өдөр богинохон. Бидний мэдэх Москва, Ленинградын өвлийг санагдуулна.

 

            Алдарт Стокольм хотоос эрт, эдүгээгийн түүхийг нэгэн дороос уншиж бүрэн болмоор. Чулуу дэвссэн давчуу, нарийн гудамжтай, шовх өндөр оройтой тоосгон байшин, орчин үеийн шил, төмөр болсон харшийн аль аль нь нүд булаана. Хотын төвд байх хэдэн зуун метр цэвэр болор цамхгаас эхлээд ур, хийц, ухаан бодол шингэсэн аврага бүтээн байгуулалт хэдэн арваараа сүндэрлэнэ. Арав хүрэхгүй сая хүнтэй боловч дэлхийн өндөр хөгжилтэй цөөхөн орны нэг болж чадсан энэ орон олон хүний анхаарлыг зүй ёсоор татдаг.

 

Хүүхдээ дээдэлсэн орон


Швед хүүхэд долоон настай сургуульд орж есөн жил суралцан суурь боловсрол эзэмшдэг. Заавал эзэмших боловсрол хэмээн үүнийг хуульчилжээ. Суурь боловсролын сургууль төгсөгчдийн хорь гаруй хувь нь нийгмийн ухаан, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуульд, бусад нь техник мэргэжлийн боловсролын сургуулиудад элсэн гурван жил суралцан бүрэн дунд боловсрол эзэмшдэг. Мэргэжлийн сургууль төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэх олгодоггүй, үйлдвэрлэлд хоёроос доошгүй жил ажиллаж байж мэргэжилтэй ажилчид болдог юм байна. Харин ажиллагсадын мэргэжлийг дээшлүүлэх сургалтын төв хэдэн арваараа ажилладаг ажээ. Мэргэжлийн сургууль төгсөгчдийн 5-6 орчим хувь нь их сургуульд элсэн суралцдаг бөгөөд үүний тулд боловсролын төвшин тогтоох шалгалт өгнө. Энэ шалгалтыг хэдэн удаа ч өгч болох бөгөөд хамгийн өндөр оноо авсан шалгалтаа баталгаажуулан их сургууль, коллежид элсэхдээ үндсэн баримт бичиг болгодог системтэй. Мэргэжлийн боловсролын ахлах сургуульд суралцагч 2500 цагийн хичээл үзэж төгсч байгаагийн 750 цагт нь ерөнхий эрдмийн, бусад цагт нь мэргэжлийн сонгосон хичээлүүдээ үздэг. Нэгдүгээр ангиас швед, англи хэлийг зэрэг зааж эхлэнэ. Бүх шатны сургуульд математикийн хичээлд онцгой анхаарал тавьдаг. Хүүхэд 1-3 дугаар ангидаа зөвхөн дээрх гурван хичээлийг үздэг юм байна. Дуу хөгжим, биеийн тамирын хичээл өдөр бүр ордог гэж хэлж болно. Хүүхэд сургууль дээрээ бараг өнжих бөгөөд энэ хугацаанд чөлөөтэй тоглож, наадаж эрх дураараа байна. Харин багаас нь ажил хөдөлмөрийн дөр суулган юуханыг ч болов хийж сургахыг эрмэлздэг нь ихээхэн сонирхол татлаа. Зурж, бичиж, эвлүүлж, нааж, зорж, сийлж сурна. Магадгүй швед хүний уйгагүй ажилсаг чанар энэ үеэс бүрэлдэн тогтдог бизээ. Дунд сургууль төгсөгчдийн 30 орчим хувь нь дээд боловсрол эзэмшдэг бөгөөд энэ хугацааг төрийн зүгээс маш нарийн зохицуулж иржээ. Шведэд дээд, дунд боловсролтой хүмүүсийн харьцааг 1:10 байвал боловсролын тогтолцоог зөв зохистой байна гэж үздэг аж. Бүх хүнээ дээд боловсролтой болгох зорилт тавьдаггүй, дээд боловсролтой хүмүүс, өндөр мэргэжлийн ажилчдын цалин хөлс ялгаа багатай, харин ч нарийн, өндөр мэргэжлийн ажилчид илүү их орлоготой ажээ. Бүх шатны сургуулийн багш нарын цалин дунджаар 20-30 мянган крон буюу 2700-4500 орчим ам.доллар. Улсын болон аж ахуй нэгж байгууллага бүр ажиллуулж байгаа хүнийхээ цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний татварыг төвлөрсөн төсөвт төлдөг бөгөөд энэ мөнгө бүхэлдээ нийгмийн хамгаалалд зориулагддаг ажээ. Нийт 600 гаруй дунд сургуулийн 1-9 дүгээр ангид 997 мянган хүүхэд, ахлах сургуульд 300 мянган хүүхэд, төрийн өмчийн 13 их сургууль, 37 коллежид (23 нь төрийн өмчийн) 340 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 138 мянга нь өдрийн үндсэн ангид, бусад нь оройн болон эчнээ сургалтад хамрагдан суралцаж байгаа гэнэ. Хувийн хэвшлийн сургуулийг ихэвчлэн компани, аж ахуйн нэгж, сан үүсгэн байгуулдаг боловч сургалтын төлбөр авдаггүй, харин хүүхдэд ноогдох хувьсах зардлаар тооцон олгосон мөнгөөр болон тогтмол зардал, байрны түрээсийн мөнгө зэргээр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Хувийн хэвшлийн дунд сургуульд 58 мянга, ахлах сургуульд 25 мянган хүүхэд суралцаж байгааг хүн амын тоотой нь харьцуулахад бага. Хувийн хэвшлийн сургуулиуд баталсан стандартыг мөрдөн, төртэй гэрээ байгуулан ажилладаг. Энэхүү гэрээг зөрчвөл сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргадаг бөгөөд үүсгэн байгуулагч нь үл зөвшөөрвөл шүүхэд хандана. Нэгэнт төрийн 100 хувийн санхүүшилттэй тул боловсролын үндэсний агентлаг зэрэг байгууллагуудаас улсын сургуулиудын нэгэн адил хянаж шалган шаардлага тавьж магадлан итгэмжилдэг. Пүүс, компани, сан зэрэг аливаа хэвшлийн сургалтын байгууллага үүсгэн байгуулагч нь өөрийн байгууллагад ажиллах хүмүүсийг багаас нь бэлтгэх, тухайн пүүс, сангийн төлөө гэсэн сэтгэлтэй, хүмүүжилтэй болгон төлөвшүүлэн хүмүүжүүлэхийг гол зорилгоо болгодог ажээ.

 

            Эхний долоон жил хүүхдэд ямар нэгэн дүн тавьдаггүй, харин улирал бүрийн дараа эцэг, эхтэй нь уулзан хүүхэд хэрхэн сурч төлөвшиж байгаа,  цаашид анхаарах асуудлын талаар багш нар зөвлөгөө өгнө. Хүүхдийг сайн, муу байна гэж хамт олных нь өмнө дүгнэж, нэр төрд нь халдах, сэтгэл зүйн хувьд дарамтлахаас аль болох болгоомжилдог нь энэ улсад нэгэнт уламжлал болжээ. 3, 5, 7 дугаар ангийн хүүхдүүдээс швед болон англи хэл, математикийн хичээлээр тестийн шалгалт авдаг боловч энэ нь албан ёсны үнэлэлт болдоггүй. Дунд сургуулийн 100 хүүхдэд тав, ахлах сургуулийн 100 хүүхдэд долоон багш ногддог. 1300 орчим хүүхэдтэй ахлах сургуульд 200 гаруй багш ажиллаж, сургалт, үйлдвэрлэлийн зориулалттай бүхэл бүтэн долоон том цогцолбор үйлчилж байх жишээтэй.

 

            Харин наймдугаар ангиас нь улирал бүрийн эцэст дүн тавьж, үнэлгээ өгч эхэлнэ. Гэхдээ сайн, онц, онцсайн гэсэн гурван янзын дүнтэй. Кредит үнэлгээг аль ч шатны сургалтад хэрэглэдэггүй бөгөөд хэдийн кредит гэж нэрлэж байгаа боловч 60 минутаар тооцсон цагаар сургалтын багтаамж, хичээлийн хөтөлбөр, бусад үзүүлэлтүүдээ хэмждэг.

 

            Улсын хэмжээнд аль нэгэн хичээлээр ямар нэгэн олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулдаггүй, хүүхдийг хүүхэд насанд нь хайрлан хүндэтгэж, эрх зоргоороо байлгахыг үндсэн философио болгосонд Шведийн боловсролын тогтолцооны онцлог оршино. Бага балчраас нь хүүхдийг дарга, цэрэг болгож, уралдуулж тэмцэлдүүлж, хор шарыг нь дэвэргэн, атаархал хорслоор хүмүүжүүлбэл ирээдүйд хэн болж өсөх нь тодорхой гэж үзнэ.

 

            Сүүлийн үед иргэдээ залуужуулах талаар онцлон анхаарч, хүүхэд төрүүлэхийг зүйл бүрээр хөхиүлэн дэмжиж байгаа юм байна. Хүүхдийг анх төрөхөд 30 мянган крон төлж, 360 хоног эцэг, эхийн аль нэгнийх нь цалингийн 80 хувийг олгодог юм байна. Цаашлаад 16 нас хүртэл нь улсаас халамжийн тэтгэмж олгодог болохоор гурваас дээш хүүхэдтэй өрхийн тоо жилээс жилд энэ оронд нэмэгдсээр байгаа юм байна.

 

Хөгшдөө дээдэлсэн орон


            Швед орон нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогоороо дэлхийн сонорыг дэлдэж, анхаарлыг татсаар иржээ. Өндөр настны тэтгэвэрт гарч буй хүн үндсэн цалингийнхаа 80 орчим хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авдаг юм байна. Хэрэв ажил хийхийг хүсвэл хувийн хэвшлийн байгууллагуудад хэдэн ч нас хүртлээ ажиллаж болдог гэнэ. Гэхдээ нэгэнт тэтгэвэр өндөр, амьдралд хүрэлцээтэй болохоор хүмүүс өтөл болтлоо ажиллах хэрэгцээгүй. Үр хүүхдэдээ өвлүүлэх хангалттай хөрөнгөтэй, бас үе залгамжлан эзэмшсэн эдлэн газар, байшин сууцтай, гадаад дотоодын банкинд хадгаламжтай, эмнэлгийн тусламж, эмчилгээ үйлчилгээ үнэ төлбөргүй болохоор хөгшид ихэвчлэн улс орнуудаар аялж,   зугаалж амрахыг чухалчилдаг гэнэ.

 

            Өндөр настнуудад зориулсан, ганцаардаж гуниглахаас аврах зориулалттай амралт сувиллын газар ч хот бүхэнд хэдэн арваараа бий. Өглөө такси дуудан тийм газар очиж, өдөржин тоглож, үеийнхэнтэйгээ хууч хөөрөн, бас шаардлагатай бол эмчилгээ сувилгаа хийлгээд орой мөн л такси хөлөглөн гэртээ харьж ирнэ. Такси хөлөглөх картыг нь хүртэл нийгмийн хамгааллын байгууллагаас олгодог. Хөдөө орон нутагт амьдардаг хөгшид нийслэл, төвлөрсөн хотуудад ирж, харин хотынхон хөдөө гарч амрах дуртай гэнэ. Ийнхүү өсөх наснаас өтлөх хүртлээ амар амгалан аж төрж, шинэ өдөр бүрийг баяр баясгалантай угтдаг болохоор шведийн иргэд их найрсаг, ямагт инээмсэглэж аль болохоор хүнд туслахыг эрмэлзэх юм. “Хэзээ нэг ингэж амьдарна даа” гэсэн бодол сэтгэлд эргэлдэвч ийм хүнээ дээдэлсэн, мөнгө төгрөг үл шаардах харилцааны наад захын соёлоос залуу хөгшин гэлтгүй сурч эзэмшиж эхлээсэй гэж бодогдож явлаа. Хэт их баячууд үгүй, бас ядуу хоосон хүмүүсгүй болж чадсан энэ амар амгалан орны иргэд тогтвортой байдлыг юу юунаас илүү эрхэмлэн улс орноо зөв сайхан авч яваа социал-демократ намаа ээлж халаагүй сонгон төр, засгийнхаа эрхийг бариулсаар дариу хагас зуун жилийг ардаа орхижээ.

 

Цагаачдад ээлтэй орон


            Өндөр ёс суртахуунтай, хүмүүнлэг, ардчилсан энэ орон эртнээс цагаачдын анхаарлыг татсаар иржээ. Шведэд газар газрын цагаач иргэд ажиллаж, амьдарч байна. Югославын дүрвэгсэд, дани, фин, грек, турк, жүүд, австри, англи, итали, латин америкчууд гээд ёстой л түм түжигнэж, бум бужигнана.

 

            Манайхан ч 1990-ээд оны эхнээс энэ улсад хөл тавин ажиллаж, амьдарч эхэлжээ. Бас чамгүй олон хүн Шведийн их сургуулиудад суралцан бакалаврын болон магистрын зэрэг эзэмшсэн байна. Докторын шатны сургалтад хамрагдан суралцаж байгаа хүмүүс ч бий гэнэ. Сургалт ихэвчлэн англи хэл дээр болохоор британи аялгатай англи хэлийг хямд өртөг, зардлаар сайн эзэмших боломжтой юм.

 

            Монголчуудыг анх очиход шведүүд их найрсаг угтан хүлээж авсан гэнэ. Алс холоос ирсэн олон жил коммунист дэглэмтэй байсан орны иргэд хэмээн хүндэтгэл үзүүлж,  ажиллаж амьдрах боломжоор хангах гэж онцгой анхаарч байжээ. Одоо зөвхөн Стокольм хотод 500 гаруй монгол иргэн амьдарч байгаа гэнэ. Манайхан ихэвчлэн зочид буудал, зоогийн газарт ажилладаг юм байна. Өөрийнх нь иргэдээс гурав дахин бага цалин авч, бас татвар төлдөггүй, вьетнам, хятад зэрэг Азийн хүмүүстэй харьцуулахад боловсрол, соёл сайтай болохоор монголчуудыг авч ажиллуулахдаа дуртай ажээ. Бидний байрласан “Кристиниберг” хэмээх бэсрэгхэн буудлын зоогийн газар ажиллаж байгаа Чимгээ гэхэд ШУТИС-ийн нийтийн хоолны ангийг төгссөн, бас нэг хувийн сургуулийн англи хэлний анги дүүргэсэн охин байв. Англи, швед аль ч хэлээр чөлөөтэй ярих ажээ. Ийн аж амьдралынхаа төлөө өглөөнөөс үдэш хүртэл борви бохис хийх завгүй ажиллаж байгаа монгол хүн олон. Цөм л “хараар” ажиллаж байгаа гэцгээх юм. Шведийн холбогдох байгууллагууд төдийлөн өдөр бүр шалгаж, хөөж туугаад байдаггүй, мөрөөрөө яваа хэнд ч аядуу, эерэг ханддаг гэнэ. Гэвч манайхан л болсон хойно тараа таниулж эхэлжээ. Швед, Норвегийг дамжин дэлгүүр, худалдааны төвүүдээс хулгай хийж амьдардаг бүхэл бүтэн бүлэг хүмүүс байгаа юм байна. Эхний удаад сануулж, улс орноосоо гарч явахыг анхааруулдаг байсан боловч сүүлийн үед хулгай хийсэн нь нотлогдвол шүүхээр шийтгэн, ял эдлүүлэх болжээ. Шведийн шоронд чамгүй олон монгол хүн сууж байгааг сонсов. Хүмүүсийн ой, тойноос бараг гарчихаад байсан “Хулгай” гэсэн ойлголтыг энэ оронд монголчууд л дахин сэргээж, хаа нэгэн газар хулгай дээрмийн хэрэг гарвал эзнийг нь хайх гэж төвөг удахаа ч бараг больжээ. Шатахуун түгээх газрын бензинээс эхлээд манайханд авахгүй юм бараг үгүй гэнэ.

 

            Швед улсыг Бельгид сууж байгаа манай Элчин сайд хамаардаг нэртэй ч өөрийн иргэдийн төлөө анхаарал тавьж наагуур, цаагуур явсныг мэдэх монгол хүн лав алга. Манай улсын өргөмжит консул гэж нэг эмэгтэй өнгөрсөн зун Ерөнхий сайдын айлчлалын үеэр хальт харагдаад өнгөрснийг эс тооцвол бас юу ч хийгээгүй гэцгээж байв. Аль ч оронд суугаа элчин сайдын яам, консулынхны хувьд өөрсдийгөө бөөцийлөх гэсээр байтал томилолтын хугацаа нь дуусдаг бичигдээгүй хууль үйлчилсээр олон жил болж байгаа билээ. Үүнийг өөрчлөн юун түрүүнд өөрийн иргэддээ үйлчилдэг болгож чадах Засгийн газар аль ч нийгмийн үед байгаагүй. Одоо ч өөрчлөгдөж хувираагүй байгаа зүйлийн нэг нь энэ биз ээ.

 

            Хүмүүс албан ёсоор ажиллуулах, бүх шатны сургалт нь үнэ төлбөргүй энэ оронд аль болох олон хүн суралцуулах талаар төр, засгийн зүгээс зориуд анхаарч гэрээ хэлэлцээр хийгээсэй гэж холын тэр нутагт “бор зүрхээрээ” амьдрал хөөж яваа нутгийн иргэд төр засагтаа дамжуулсныг уламжилж буй маань энэ. Хүнд хэцүү ажилд нойр, хоолгүй шахам зүтгэж яваа энэ сайхан залуучууд соёл, иргэншилд суралцан, ажил хийж, мэргэжил эзэмшин эх орондоо валют илгээн олон хүний амьдралыг дааж явааг онцлон анхаарч, нийгэм, эрүүл мэндийн даатгалд хамруулах, харь оронд ажилласан хугацааг нь баталгаажуулах зэргээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын байгууллагын зүгээс санаачлан хийх олон ажил, асуудал эзнээ хүлээсээр байна.

 

            Цас бударсан өвлийн хот, Балтийн тэнгисийн хөвөө, хязгаар нутгийг орхин хоёрхон цаг нисээд агаарын тээврийн “SAS” компанийн онгоц “Шереметьево” олон улсын нисэх онгоцны буудалд газардав.

 

            Эртний танил энэ буудлын гааль, нисэхийн ажилтнууд урьдын адил хашгичиж зандран, ачаа бараа онгичин угтах нь дэндүү танил, бас нэгэн бодлын зүгээр ч юм шиг ээ.

 

 

 

 

Сэтгүүлч   В.АЛЗАХГҮЙ

Стокгольм-Улаанбаатар




ЭРГЭН ЭРГЭН ОЧМООР ЭРДЭНЭДАЛАЙ НУТАГ

 

 

Нутаг орноосоо хол, хүний газар, гүний нутагт амьдарч байгаа хүн эх орноо улам илүү их санаж, хайрладаг юм шиг санагддаг. Лувсанцэрэнгийн Дугаржав бид хоёр 1976 оны намар Москвад танилцсан билээ. Комсомолын дээд сургульд суралцахаар анх очиход Дугаржав тус сургуулийн түүх, нийгмийн ухааны факультетын нэгдүгээр дамжааны оюутан байв. Сургууль ч гэж сургууль, үндсэн факультетэд 600 оюутан суралцана, 100 гаруй профессор, багштай. Дэлхийн маш олон орны залуучууд суралцдаг, сургуулийн орчин нь одоогийн ярьж буйгаар бол  жинхэнэ кампус. Сургуулийн том хашаанаас гарахгүй хэдэн ч сар болж болмоор. Дэргэд Кусковын алдарт парк. Эртнээс Шереметев гүнгийн эзэмшил газар байсан гээд бодохоор тааруухан байхын учиргүй тансаг сайхан орчин.

 

Манай сургуулийн үндсэн ангид Монголоос 10 гаруй оюутан суралцаж байв. Дугаржавыг “Анхны монгол онц сурлагатан” гээд багш нар их сайн. Ялангуяа манай декан Тамара Ивановна Карпова гуай тааралдсан монгол хүн бүрт Дугаржавыг магтана. Үг дуу цөөнтэй, махлагдуухан биетэй Дугаржавт магтаал, сайшаал төдийлэн таалагдахгүй байгаа бололтой, тэрүүхэндээ муухан мушийх. Бид хоёрын яриа их нийлнэ. Манай оюутнуудын дунд бид хоёроос өөр малчны хүүхэд байсангүй. Тамара Ивановнагаас эхлээд манайхан хүртэл биднийг “Чабаны” гэж дуудах. Ингэж дуудуулах нь  бид хоёрт тийм ч муухай сонсогдохгүй.

 

Дугаржав зав л гарвал Дундговь аймгаа, Эрдэнэдалай сумаа ярина. Анх ингэж энэ сайхан нутаг усны тухай сонсож, дуулж билээ.   Эрдэнэдалай сумыг манай улсын хамгийн том сум гэж ярьдаг байв. Нэгдэл нь ч их нэртэй. Хамгийн олон хүн амтай, хамгийн олон толгой малтай, хамгийн сайхан айрагтай гээд хамгийн хамгийн гэсэн олон зүйл энэ сумаар нэрлэгддэг байлаа.  Дундговь хэзээнээс адуу, айраг, дуу хуураар алдартай. Харин Дугаржав   тэмээний тухай  их ярина. Өргөж авч өсгөсөн эцэг нь тэмээчин хүн байжээ. Дөнгөж төрсөн ботгоос эхлэн атан тэмээ, алдартай ороо буурын тухай хүртэл ярина. Дундговийн хүн гэхэд дуу хуурын тал дээр маруухан. Залуучуудын байгууллагын ажилтан болохоор бэлтгэгдэж байсан атлаа үдэшлэг, бүжиг гэхээр зугтаах нь холгүй. Ихэнх цагаа номын санд өнгөрөөнө.

 

Сургуулийн нийтийн хоолны газраар орох нь ховорхон. Оюутны байрандаа тухлах дуртай. Гурилтай шөл, банш, будаатай цай гээд гарын хоол цай дорхноо бэлтгэнэ. Настай хүмүүсийн дэргэд өссөн болохоороо их цайсаг. “Ном унших, цай уух” нь Дугараагийн гол хобби гэж бид “явуулдаг” байлаа. 1980 онд Мандалговийн 10 жилийн дунд сургууль төгссөн ангийн хамт олноороо их бахархана. Москвагийн газар зохион байгуулалтын дээд сургуульд суралцаж байсан Ж.Наранцацралт манай сургууль дээр их ирнэ. Дугаржав бид нийлэн борцтой, будаатай цай хийж ууцгаадаг байв. Дундаа гал тогоотой болохоор оросууд биднийг их гайхана. Сүүтэй цай мөртлөө будаа, мах, банш хийхээр учрыг нь олохгүй. Манай өрөөний найз сонгино хэрчээд   будаатай цайнд маань хийчих шахсансан. Үгүй дутуугаа нөхөн хамт өнгөрөөсөн тэртээх оюутны дөрвөн жил одоо ч өчигдөрхөн юм шиг санагддаг.

 

Саяхан бид Эрдэнэдалай сум орохоор үүр цүүрээр хөдлөв. Дорхноо Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвийн баруун талаар дайран талын сайхан хайрхан уулын өмнүүр зурайсан их замаар довтолгон Дундговийн нутагт хөл тавив. Нутгийн хүмүүс энэ хайрханы нэрийг хэлэхээс ихэд цээрлэдэг ёсыг   би ч бас хүндэтгэн дагадаг. Баян-Өнжүүлийнхэн хайрханаа бүр илүүтэй шүтэж, биширч байх шиг санагддаг  юм. 

 

  Хоёр сум, хоёр аймгийн хилийн дээсэн дээр нэг их овоонд чулуу өргөв. “Бүр дээд үед л энэ овоо ийм байсан. Эртний шүтлэгтэй овоо. Түүнээс биш орчин цагийн шинэ овоо биш. Энэ овоондоо чулуу нэмээд л хол, ойрд оддог байлаа” гэж Дугаржав сэтгэл догдлон ярив. Хүний төрсөн нутаг гэдэг нэг л өөр байдаг. Зам харгуй, овоо тахилга, уул толгод бүхэн нэгийг өгүүлж, нөгөөг сануулдаг. Овооноос цааших нутгийн өвөлжөө, хаваржаа, бууц бүрийг Дугаржав нэрлэн бидэнд ярьж өгөв. Нутаг усныхаа, ойр дотно хүмүүсийн тухай ярих сайхан байдаг. Уулзах шиг л болдог билээ.    

 

Эрдэнэдалай сум аргагүй л том сум гэдэг нь сумын төвд очиход мэдрэгдэнэ. Зах зээлд шилжих хүнд үеийг ажралгүй давж, ард нь гарчээ. Одоо ч гэсэн малын тоогоор улсдаа тэргүүлсэн хэвээр гэнэ. Сумын засаг дарга  Натарын Сумьяадорж зангарагтай дарга нарын нэг ажээ. Олон жил сумандаа ажиллаж байгаагийн сүүлийн 10 гаруй жилд засаг даргаар ажиллаж байгаа гэнэ.

 

-Манай суманд улс төрийн хоёр нам ээлжилж сонгуульд олонхи болдог. Сумын ажлын гол үзүүлэлтүүд тогтвортой байгаа. Мал  өсөж байна, бас хүн ам ч тогтвортой өсч байгаа. Шилжилт хөдөлгөөн багассан. Аль болохоор орон нутагтаа ажлын байр олшруулан хүмүүсийн тогтвор, суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэхийг хичээж байна. Тэгтлээ улс төржөөд байдаггүй . Тэртээ тэргүй бидэнд шийдэх ёстой олон асуудал байна. Аль болохоор хүч, боломжоо нэгэтгэн сум орноо авч явах юмсан гэж хичээж байна хэмээн засаг дарга тайван, айван ярилаа. Энэ түшигтэй сайхан хүн олон залуучуудыг төрийн албанд сургаж, ах шиг, эцэг шиг ханддаг ажээ. Сумын хурлын дарга залуу миний хүүгийн чацуутан байв. Аль ч шатанд үнэхээр залуучуудын үе эхэлжээ.

 

Эрдэнэдалайн төв сайхан хөрстэй, юу ч тарьсан ургаж үндэслэхээр газар шороо юм. Харин тарьсан мод, зүлэг, бут, сөөг ховорхон харагдана. “Ногоон хэрэм” төслийн хүрээнд эхлээд сумын төв, сургууль, эмнэлгийн орчныг ногоон болгож чадвал үр дүн гарна” гэж тус сумын дунд сургуулийн захирал Ө.Ням-Осор өгүүлэв.

 

Эзэнтэй сум, суурины төвдөө мод, бут ургуулж чадахгүй байгаа бид эх захгүй говь, талд “Ногоон хэрэм” сүндэрлүүлэх юу л бол доо гэж өөрийн эрхгүй санагдаж байлаа. Ө.Ням-Осор захирал 1970-аад оны эхээр их сургууль дүүргэн нутагтаа ирснээс хойш зөвхөн сум, сургуульдаа ажиллаж байгаа, Дундговийн дунд сургуулиудын захирал нарыг ахалдаг, аргагүй л манай боловсролын салбарын “ас”-уудын нэг билээ.

 

-Намайг дунд сургуульд сурагч байхад их сургууль төгссөн сайхан залуу багш ирж байлаа. Тэр үеийн багш нар ямар олон талын авьяастай, хичнээн ч цэвэр цэмцгэр, ганган дэгжин байсан юм бэ. Манай багш ч шуурхай, шударга нь дэндсэн хүн дээ.Одоо ч ажлын хурд, санах, сэдэх нь хэвээрээ гэж Л.Дугаржав бахархан өгүүлэв. 

Эрдэндалайн сургуульд өнөөдөр 1200 хүүхэд суралцаж байна. Сургуулийн орчин сумын төвдөө л кампус юм. Сургууль юм юмтай. Цөөхөн ортой, тохилог буудал хүртэл байна. Сумын хэмжээнд сургууль завсардалт үндсэндээ зогсжээ. Сургууль мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан, сум, сургуулийн зүгээс багш нарт онцгой анхаардаг болохоор нийслэл, өөр аймгаас хүртэл хэд хэдэн багш ажиллаж байна.

 

Сургууль, хамт олны хувьд тогтсон уламжлал гэж байдаг. Энэ сургуулийнхан ахмад үеэ дээдлэн хүндэтгэж, сургуулийнхаа  түүхийг бүрдүүлэн жижиг хөөрхөн музей хүртэл байгуулжээ. “1957-1960 оны үед танай сургуулийн захирлаар Гаажидын Доржчамба гэдэг хүн ажиллаж байсан юм гэнэ лээ.  Уг нь Өмнөговийн уугуул хүн. Хүү Цолмон нь Дугараа бид хоёртой хамт манай сургуульд суралцаж байсан юм” гэж би хэрэгт дурлав. Сургуулийнхан ууган захирлуудынхаа нэг энэ эрхэм хүний тухай сайн мэддэг ажээ. “Г.Доржчамба багш 1964 онд УБДС төгсөөд Өмнөговьд багшилж байсан.  Сүүлд нь манай Өлзийт суманд ажиллаж байгаад энэ нутагтаа нойрссон доо” гэж захирал өгүүллээ.

 

Эрдэнэдалайн сургуулийнхан бидэнд авьяаслаг хүүхэд, багачуудынхаа жижигхэн концертыг сонирхуулав. Арав гаруй хүүхэд морин хуураар үнэхээр нэг наадаж өгч байна аа. Аргагүй л Дундговийнхон доо. Дэлгэрдалай гэдэг хүү сайхан шүлэг уншив. Бас өгүүллэг бичдэг ажээ. Авьяастай хүү байна. Хүний унаган авьяас ил байдаг.  Аав нь С.Дашдооровын нутаг Дэлгэрхангай сумын, ээж нь энэ нутгийн хүн учир хүүдээ ийм нэр хайрлажээ. 6 дугаар ангийн сурагч Буян-Өлзий хүү “Сэргэлэн бага нас”-ыг хадааж өгөв. Бид түүнийг “Жижигхэн Хайдав гуай” гэж өхөөрдөв. Дуулаад сурчихсан, наснаасаа олон медальтай догь эр ээ. Хүүхдүүд нь өсгөлүүн, сэргэлэн цовоо, баяр баясгалан бялхаж цалгисан ийм нэгэн сайхан сургуульд нэгэн өдрийг өнгөрөөв. Дундговийн сум бүр олон алдартантай.  Өлзийт сум хамгийн олон сайн дуучидтай, ихэнх зохиолчид Дэлгэрхангайгаас төрсөн бол харин Эрдэнэдалайнхан төрийн түшээдээрээ их бахархана. УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Р. Раш хоёр хоёулаа энэ сумынхан гэнэ. Миний машид эрхэмлэн хүндэлж явдаг Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, академич Н.Өлзийхутаг гуай маань бас энэ сумын уугуул ажээ.

 

Говийнхон хэзээнээс ажилсаг гэдэг нь ганцхан суманд бууж мордох зуур нүдэнд илхэн. Сумын төвд давхар байшин ч харагдана. Байр сав бүхэн эзэнтэй, ашиглалттай болжээ. Ойр, ойрхон байрлалтай олон жижиг сумдыг нэгэтгэн иймэрхүү хэдхэн сумтай болчихвол хаана, хаанаа их л хэрэгтэйсэн. Манайхан ярьсаар байгаад олон   он жилүүдийг өнгөрөөж юм юманд цаг хугацаа их алдах юм. 

 

Бид Дугаржавынхаа ээж Долгор гуайнд зочиллоо. Долгор гуайн аав Равданпунцаг нь энэ сумын анхны сайн малчин хүн. Би Дугаржавын гэрт түүний маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй үнэмлэхийг үзэж байснаа саналаа.  Олон   хүүхэд төрүүлж өсгөсөн энэ сайхан буурал сумын төвд том охиныхтойгоо айл ажээ.  Хүүхдүүдийн нь эцэг Дашроломын  Раднаа сумынхаа намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад олон жилийн өмнө идэр залуухан насандаа өөд болсон билээ. Дугаржав аав, ах хоёроо их ярьдаг байсан. Раднаа дарга  Намын анхан шатны байгууллагын дарга нараас бараг хамгийн анх хөдөлмөрийн баатар болох гэж байсан юм гэдэг. Сүхбаатарын одонт Раднаа даргаа одоо ч олон хүн дурсан ярьдаг. Харин сумын ахмадын хорооны байранд энэ эрхэм сайхан хүний тухай ямар ч мэдээ олж хараагүй. Он жилүүд улиран улиран одовч мартахын учиргүй учрал тохиолдол, бас хүмүүс гэж аль ч сум оронд, хамт олонд  байдаг билээ. Энэ сумын хүндтэй ахмадуудын нэг , хүний гавьяат эмч Чимэд гуайтай уулзлаа. Ганцхан суманд 40 гаруй жил ажиллаж байгаа энэ сайхан эмч ануухан, хүн зон нь хүндэлж, дээдэлсээр, эмч ч ач буянаа түгээсээр тал нутагтаа тавтай сайхан амьдарч байна.

 

Говийн илчит улаан наран өлмий дороос мандан шинэ өглөө эхэллээ. Бид шинэ өглөөг сумын төвийн өмнө орших хадаг яндар болсон их овоон дээр угтав. “Овооны их танд, олзны их бидэнд” гэж их л сүсэглэн залбирав. Том сумын юм бүхэн цаанаа л нэг зангарагтай байдаг нь энэ овооноос хүртэл мэдрэгдэнэ.  Эрдэнэдалайн төвд Говь түшээ гүний хүшуу нутгийн хамгийн том сүм, хийд төвхнөж байсан түүхтэй. Үлдсэн ганц сүмийг нь засч, өөд татжээ. 

 

Дундговийн сумууд аймгийн төвөөсөө төдийлэн холгүй юм. Миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн төвөөс ч бага, цомхон Мандалговьд дорхноо ирэв. Оюутан цагийн сайн нөхөр Жанлавын Наранцацралт  наран дор налайх нутаг усаа ширтэн зогсоно. Хүрэл хөшөөнд хувилан мөнхөрчээ. Үнэхээр нутаг амьтай, эгэлгүй энгийн хүн байсан даа. Аймгийн засаг дарга Ш.Төрбаттай хальтхан уулзаж хэдхэн үг солив. Уралын их сургуульд сурч байх үеэс нь гадарлана. Философийн анги төгссөн юмдаг. Одоо аймгийн даргын буурь сууж, эрдэм боловсрол, туршлага дадлагын хувьд илт өсөж хөгжжээ. Харин философчийн унаган мэргэжлээсээ холдсоор байгаа бололтой.

 

Цагаандэлгэр хавьд зөөлөн бороо шивэрч, аймгийн нийт нутгаар хур бороотой, их говийнхны олон жил хүлээж байгаа өгөөмөр дэлгэр зун болох төлөвтэй байлаа.

 

 

                                                                         Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ

 

НАРАНД ОЙРХОН ОРОНД ӨНГӨРҮҮЛСЭН НАЙРСАГ АРВАН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

 

 

Оршил болгон өгүүлэхэд . Японы Засгийн газар 2007 оноос эхлэн “21 дүгээр зууны Зүүн Азийн хүүхэд залуусын өргөн хүрээний харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлжээ. Таван жилийн хугацаанд Зүүн Азийн улс орнуудаас 6000 хүүхдийг Японд урьж, улс оронтойгоо танилцуулан аялуулах зорилго бүхий энэ хөтөлбөрт манай улсын хүүхдүүдийг оролцуулах асуудал 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шийдэгдсэн түүхтэй. Энэ өдөр тус улсад айлчилж байсан манай улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Японы Ерөнхий сайд Абэтай уулзахдаа дээрх хөтөлбөрт Монгол Улсыг багтаах санал тавьсныг Ерөнхий сайд тэр дор нь шийдэж, холбогдох байгууллага, хүмүүст үүрэг өгчээ. Гадаад улс оронд нүүрийн буянтай Ерөнхийлөгчийнхөө буянаар жил бүр манай ерөнхий боловсролын сургуулиудын зөвхөн Х ангийн 100 шахам хүүхэд Япон оронд зочилж энэ өндөр хөгжилтэй орны түүх, соёл, зан заншил, байгаль орчинтой танилцах боломжтой болсон нь үнэхээр сайшаалтай. Хөтөлбөрт Зүүн Азийн 10 гаруй орон хамрагдаж байна. Жилд 1200 хүүхэд хүлээн авдаг, энэ хүүхдүүд зөвхөн Х ангийн хүүхдүүд байдаг онцлогтой юм байна. Х ангийн хүүхдүүд   удахгүй сургуулиа төгсөж, мэргэжлээ сонгох, бас хол ойр явахад биеэ даасан, аливааг нухацтай эргэцүүлэн бодож хүлээж авах чадвартай, сургууль хамт олонтойгоо 1-2 жил хамт байж үзсэн харснаа бусдад хүргэх, сурталчлах боломжтой тул онцгойлон сонгож авчээ.

 

Хөтөлбөрийг Японы олон улсын хамтын ажиллагааны төв /JICE/ хэрэгжүүлж байна. Энэхүү төв нь олон улсын хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг ашгийн бус, төрийн бус байгууллага ажээ. 30-аад жилийн өмнө байгуулагдсан энэ байгууллагын төвд 200 гаруй хүн ажилладаг, олон улс оронд салбартай. Монголчуудын сайн мэдэх ЖАЙКА байгууллагын дүү гээд ойлгочихсон ч нэг их хол зөрүүгүй. Манай орны ажил хэрэгч хүмүүс аль аль байгууллагыг нь сайн мэднэ. 

 

Хүүхдүүдийг яаж сонгон шалгаруулдаг вэ. Хөтөлбөрт оролцох хүүхдүүдийг Японоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны төв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хариуцан нээлттэй, ил тод шалгарулдаг. Хүүхдүүдийн олонхи нь япон хэл сонгон судалдаг сургуулиудын хүүхдүүд байдаг боловч энэ жилийн хувьд 15 хүүхэд нь байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудаас шалгарчээ. Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль болон “Шинэ Монгол” дунд сургуулиас хамгийн олон сурагчид оролцов. Дарханы “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль, Өвөрхангайн “Мэргэд” сургуулийн сурагчид орон нутгийн үе тэнгийн анд нөхдөө төлөөлөв. Энэ сургуулиуд япон хэл заадаг ажээ. Өвөрхангай аймгийн төвийн “Мэргэд” сургууль бүр хоёрдугаар ангиас япон хэл судалдаг онцлогтой.

 

Хөтөлбөрт оролцохын тулд бүх хичээлдээ зөвхөн “А”,“В” үнэлгээтэй сурдаг,  япон болон англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Бас урлаг, спортын авьяастай хүүхдүүд ч шалгаруулдаг.Энэ жилийн хувьд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай зарим сургуулийн сурагчид оролцов.  Японд ирж очих унааны болон бусад бүх  зардлыг Японы тал хариуцдаг. Энэ жил хөтөлбөрт 30 шахам сургуулийн 90 хүүхэд, япон хэлний 7 багш хамрагдлаа.

 

Хүүхдүүд-хүндтэй зочид. Хөтөлбөрт оролцох хүүхдүүдтэй анхны уулзалтыг Улаанбаатарын “Кемпиньски” зочид буудалд хийсэн билээ. Энэ үеэс эхлэн хүүхдүүдэд алхам тутамд гүн гүндэтгэл үзүүлж байлаа. Манай бүрэлдэхүүнийг Японы Гадаад хэргийн яамны олон улсын арга хэмжээний    танхимд хүлээн авч найрамдлын уулзалт-цуглаан болов. Уулзалтад Японы Гадаад хэргийн дэд сайд, ноён Яасутоши Нишимура хүрэлцэн ирж, хүүхдүүдэд хандан элэгсэг дотно үг хэлэхдээ “Та бүхний дунд Монгол Улсын ирээдүйн удирдагчид, инженерүүд, зохион бүтээгчид байгаа. Манай улстай ойр дотно танилцах бүх боломжийг хангахыг манай хүмүүс хичээсэн. Удахгүй та нар сургуулиа төгсөнө. Суралцах улс, сургууль, мэргэжлээ сонгоход тань энэ аялал туслаасай гэж хүснэ” гэж онцлон дурьдав. Уулзалтад Японы олон улсын хамтын ажиллагааны төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Акира Акаки болон Жайка-гийн удирдах ажилтнууд, манай Гадаад харилцааны яамны Азийн газрын ерөнхий захирал Б.Ганболд, Хөрш орнуудын газрын ерөнхий захирал Х.Аюурзана,Японд суугаа манай элчин сайд Р.Жигжид  нар оролцов.

 

Хүүхдүүдийг очсон муж бүрт нь мужийн засаг дарга, хотын дарга нар хүлээн авч хүндэтгэл үзүүлж байв. Бидний очсон Точиги мужийн Үцүномия хотын дарга хүүхэд бүрт хотынхоо “Найрамдалт иргэн”-ий  өргөмжлөл гардуулсан нь хамгийн том хүндэтгэл боллоо. Хүүхдийг хүндэтгэх нь ирээдүй, хойчоо хүндэтгэж буй хэрэг. Хайр, хүндэтгэл хүнийг зөв сэтгэлтэй, зөөлөн аядуу зантай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүн болгон төлөвшүүлдэг. Хүүхэд оролцсон арга хэмжээний урилга авсан хэн байлаа ч таслах ёсгүй. Энэ нь япончуудын хувьд бараг бичигдээгүй хууль ажээ.

 

Япон хүүхдүүд болон манай хүүхдүүд. Манай хүүхдүүд очсон мужийнхаа нэг  ахлах сургуульд зочилж, үе тэнгийнхэнтэйгээ хамт хичээлд нь сууж, улс орныхоо тухай мэдээлэл харилцан солилцож, найз нөхөд болцгоов. Япон 12 жилийн сургалтын тогтолцоотой болохоор Х ангийнхны хувьд манай   хичээлийн програм  арай түрүүлж явж байгаагаараа онцлог байв. Хүүхдүүд хичээлдээ их чөлөөтэй оролцох юм. Багш, хүүхэд хоёр нэг түвшинээс харилцана. Багш сурагч харилцан  асуудал дэвшүүлэн, хичээлийн төгсгөлд заавал нэг шийдэлд хүрдэг ажээ. Дуу шуугиан ихтэй. Хичээлийн завсарлагаар хүүхдүүд сургуулийнхаа гуанз, цайны газарт хооллоно. Өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ байдаг ажээ. Бидний очсон ахлах сургууль 10-12 дугаар ангийн 840 сурагчтай. Ганцхан ээлжтэй.   Сургууль дээр  хөгжим, дуу, бүжиг, спортоос эхлээд уламжлалт зан заншилд суралцах олон төрлийн дугуйлан хичээллэнэ. Сурагчид ижил өнгийн формын хувцастай. Багш, сурагчгүй зөөлөн улавч өмсөнө. Эрх чөлөөг дээдэлсэн орон боловч зан заншил, соёл, уламжлалаа хүндэтгэн бас зарим зүйлийг албан ёсоор хорьдог гэнэ. Сургууль бүрт үе дамжин хадгалагдсан өөр,өөрийн  уламжлал бий.  . Охид, хөвгүүдэд үсээ будахыг зөвшөөрдөггүй сургууль хүртэл байдаг ажээ. 1947 онд хийсэн боловсролын эрс шинэчлэлтээс өмнө сургуулиуд ихэвчлэн охид, хөвгүүдийн гэж ангилагддаг байжээ. Сургалтын хөтөлбөр нь хүртэл өөр байсан гэнэ. Харин одоо ихэвчлэн холимог болсон боловч олон муж, хотод охидын сургууль байдгийн нэг нь бидний очсон Үцүномия охидын ахлах сургууль байлаа.    Хүүхдийг аль болох хамтач, бүлгээрээ амьдардаг болгон иргэншүүлэх нь хүмүүжлийн философийн нь түлхүүр ажээ.

 

  Бид өдөр тутам шахам хүүхдүүдийн дунд, хүүхдүүдтэй хамт ажиллаж амьдарч яваа мөртлөө тэднээ тун бага мэддэг ажээ. Манай хүүхдүүд яасан сайхан болж өөрчлөгдөж байгаа юм бэ. Хот,аймаг, сумын хүүхдүүдийн дунд илэрхий ялгаа ажиглагддагсан. Гэтэл энэ ялгаа аль ч талаар арилжээ. Хүүхдүүд нээлттэй, чөлөөтэй сэтгэж, олон талын, мэдлэг, мэдээлэл шаардсан асуулт асууж, зарим хүүхэд орос, англи, япон гээд гурван хэлээр харилцаж, санал бодлоо солилцож байв. “Чамгүй олон даваа, шалгаруулалт  давсан   хүүхдүүд ийм байлгүй яах вэ” гэж бодож болох боловч  аргагүй л манай ерөнхий боловсролын түвшинг илэрхийлж байлаа.

 

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, нийслэлийн 1, 11, 18, 23,48, 93 дугаар сургуулиуд зэрэг уламжлалт сургалт сайтай сургуулиудын зэрэгцээ хувийн хэвшлийн олон сургуулийн сурагчид мэдлэг, авьяас чадвараараа олны талархлыг зүй ёсоор хүлээж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Шинэ Монгол” сургууль хүүхдүүддээ олон талын чадвар эзэмшүүлж, төлөвшүүлэхийг зорилгоо болгодог нь илэрхий ялгаран харагдаж байлаа.

 

            Монголд сэтгэлтэй япон хүмүүс. Ийм хүмүүсийн нэг нь Японы Точиги мужийн Үцүномия их сургуулийн захирал Чоетон Канно гуай юм. 

 

-Эрүүл чийрэг, сэргэлэн цовоо, өсгөлүүн, эрдэм,  боловсролыг шамдан эзэмшиж байгаа танай хүүхдүүд эх орныхоо сайхан ирээдүйн тухай өөдрөг бодлыг төрүүлж байна. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Монгол орон, монгол хүмүүсийн тухай бидний ойлголт маш их өөрчлөгдсөн. Манай хотын зарим их, дээд сургуульд монгол оюутнууд суралцаж байгаа. Тэд бусад орны оюутнуудаас аль  ч талаар дутдаггүй. Гадаад хэлийг сурч эзэмшихдээ гаргууд. Ялангуяа манай япон хэлийг маш амархан сурдаг. Монгол хүн үнэхээр оюуны өндөр чадавхитай, авьяаслаг хүмүүс юм гэж Чоетон Канно профессор ярив. Энэ их сургууль манай Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран ажилладаг ажээ. Захирал Чоетон гуай манай оронд зочилж ХААИС-ийн ойд оролцсон тухайгаа халуун дотно дурсан ярьж танил дотно нөхөддөө мэнд дэвшүүлэв.  Манай хоёр орны хамтын ажиллагаатай байгууллага, хүмүүс үнэхээр аль ч салбарт олон болжээ.

 

Үцүномия хотод амьдардаг монгол оюутнууд  “Иккүра” олон улсын соёлын харилцааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Нагато Ёшико гуайг “Манай хотын өндөр ээж” хэмээн хүндэтгэн нэрлэдэг ажээ.Нагато гуайн нийгэмлэг нь тус хотын хэсэг өндөр настан эмэгтэйчүүдийн санаачлан байгуулсан төрийн бус байгууллага юм. Төр, захиргааны байгууллагын зарим ажлыг төрийн бус байгууллагууд гэрээгээр хэрхэн, яаж, хариуцлагатай гүйцэтгэж болохын үлгэр жишээг энэ нийгэмлэгийн үйл ажиллагаа харуулж байв. Ажил, амьдралын олон жилийн туршлагатай ахмад ажилтнууд ямар ажлыг яаж хийхээ маш сайн мэднэ. Бас нийгэмд хэрэгтэй үйлийг бүтээж байгаадаа урам зоригтой, сэтгэлийн асар их таашаал авдаг гэнэ. Хүн бүрийн ажил үүрэг тодорхой. Тэднийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй бололтой. Аливаад эхийн сэтгэл шингээнэ. Нагато гуай манай орныг сурталчлах, монгол хүмүүст туслах талаар үнэхээр чин сэтгэлээсээ ихийг хийж, бүтээжээ. 1997 оноос монгол,япон хэлээр зурагт ном гаргах хөдөлгөөн өрнүүлж ”Ач  хариулсан тогоруу” зэрэг үлгэрийн номууд  бүтээжээ.  Нагато сан олон монгол хүүхдүүдтэй ажээ. Бидний сайн мэдэхээс Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн япон хэлний тэнхмийн эрхлэгч, доктор Пүрэвсүрэн энэ өндөр ээжийн монгол охидын нь нэг ажээ.

 

 Манай хөтөлбөрт тусгагдсан бүх арга хэмжээг энэ нийгэмлэгийнхэн нэг ч цаг, минутын зөрүүгүй зохион байгуулав. Нантайсан уул, Никко хүрхэрээг үзэх аялалаас эхлээд   үйлдвэр аж ахуйн газарт болон  япон айлд зочлох гээд хамаг аятай сайхан бүхнийг хүүхдүүдэд үзүүлэх гэж Нагато сан хамтран зүтгэгчдийнхээ хамт бараг долоо хоног цаг, наргүй ажиллав. Биднийг нүдэндээ нулимстай үдсэн сайхан сэтгэлт Нагато гуайн мэндчилгээг таньдаг бүх хүмүүст нь энэ ялдамд уламжилья.

 

Монголжсон япон хүмүүс.  Монгол хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн ийм олон япон хүн  байдаг гэж би урьд өмнө огт төсөөлж  байсангүй. Бидний   дотны  танил, японы монголч эрдэмтэн Кимура Аяаког   нэгэн өвөрмөц жишиг тогтоосон хүн гэж боддог. Аяако маш сайн бичдэг. Монгол хэлний найруулга зүйн өвөрмөц онцлогийг гаргууд сайн эзэмшсэн хүн. Түүний хоёр ч ном монгол хэлээр гарсан. Аяако одоо Токиогийн их сургуульд багшилж байгаа. Гадаад хэлийг хүмүүс янз бүрийн түвшинд сурдаг. Харин япон хүмүүс манай бичгийн болон ярианы хэлийг жигд сурч эзэмшдэг ажээ. МУИС-д монгол хэл сурсан Норико  Като, Томоко Яамана нар бидэнтэй хамт ажиллав. Томоко Цэрмаа гэсэн монгол нэртэй. Нөхөд нь хүртэл Цэрмаа гэж дуудна. Тэрээр 90-ээд оны эхээр  Монголын радиод ажиллаж байжээ. Норико, Томоко хоёр маш сайн ярина.  Бичгийн болон шууд орчуулга хийж мэргэжжээ. Цаг, наргүй ажиллана. Хүнтэй ажиллаж байгаа хүмүүст жижиг зүйл гэж огт байдаггүй бололтой. Халамж, анхаарал тавина. Арга хэмжээ бүрийн дараа санал солилцон яавал улам сайн болгох вэ гэж мэрийнэ. Хүмүүсийн хэлэх үгийг урьдчилан авч үг, үсэг гээлгүй орчуулж бэлтгэнэ. Урьд өмнө хамт суралцаж, ажиллаж байсан нөхдөө асууж сураглана. Манай хоёр багшийн хувьд хоёулаа Чой.Лувсанжав багшаар хичээл заалгаж байснаараа их бахархана. “Манай монгол хүмүүс нээлттэй, цайлган сэтгэлтэй. Гаднын хүнд хүндэтгэлтэй хандаж, юугаар ч болов туслахыг ихэд хичээдэг, ер бусын сайхан сэтгэлтэй” гээд л магтана. Бид тийм ч их амиа хичээсэн үндэстэн биш шүү гэж бахархах сэтгэл төрнө. Хэлэх гэсэн зүйлээ тун болгоомжтой, товч тодорхой хэлж илэрхийлнэ. “Та нар ядахдаа японд байх хугацаандаа болж л өгвөл цаг сайн бариарай” гэх жишээтэй.  

 

  Хөгжилтэй, ямагт баяр баясгалантай Ёкияаси Арай, дэндүү гэмээр хариуцлагатай Цуяоши Хатори гээд олон хүмүүс манай хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хандан хөтөлбөрийг амжилттай зохион байгуулав.   Монгол хэлийг сонгон эзэмшиж, Монголын төлөө эрдэм мэдлэг, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж яваа япон хүмүүсийг “Монголжсон япон хүмүүс” гэж нэрлэхэд юуны буруу хазгай байх вэ. Япончууд манай элчин сайд Р.Жигжидийг “Япон хэл, соёл, зан заншлыг үлгэр жишээ болох түвшинд сурсан, маш их ажил хэрэгч хүн” гэж их хүндэтгэх юм. Японд сурч, мэргэжил боловсрол эзэмшсэн хүмүүс ч олон болжээ. Одоо яг хичнээн хүн ямар, ямар түвшний сургалтад хамрагдаж байгааг нарийн гаргахад чамгүй цаг, хугацаа шаардагдах бололтой.

 

Манай хоёр орны хувьд ойрхон мөртлөө холхон байсан цаг үе улиран одож улам бүр ойртон нягтарсаар байна даа гэсэн урамтай бодол энэхүү арван хоногийн туршид ямагт бодогдсоор байлаа.  

 

 

                                                                                                Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ

 

 

 

ТОКИОГИЙН ТӨВД ҮЗСЭН СУМЫН НААДАМ

 

 

ХАВРЫН БАЯРЫН ЭРГЭН ТОЙРОНД. Токиод сакурагийн улирал дуусч, борооны улирал ойртон хүмүүс хөнгөн нимгэн хувцас хунараа өмсөн аль хэдийн зун болжээ. Токиогийн төвийн нэг том цэцэрлэгт хүрээлэнд Монголчуудын хаврын баяр болов. Хэдэн жилийн өмнөөс “Хаврын баяр” нэртэй арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн нь одоо нэгэнт уламжлал болжээ. Хаврын баяр хоёр ч өдөр үргэлжилдэг юм байна.  Цэцэрлэгт хүрээлэнгийн нэг өнцөгт асар, майхан босгон төрийн далбаагаа мандуулсан нь эхлээд нүдэнд тусав. Хоёр унь олсоор холбон тогтоож, төрийн далбааны иш болгожээ. Дан цагаан бүрээс нөмөргөсөн гурван ч гэр барьсан нь гаднаас харахад их л ядруухан харагдав. Хана, унь нь наранд гэрэлтэн гаднын хүмүүст бол монголчууд тун тавгүй орон гэрт амьдардаг юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр.

 

Хаврын баярын зочдын дийлэнх нь япончууд, гаднынхан ажээ. Бас манай урьд хөршийн монголчууд маш олон харагдана. 

 

Хоёрдахь өдрийн баярт оролцохоор сумогийн их аварга Хакухо Даваажаргал ирлээ. Сумогийн их аварга үнэхээр хаан  шиг хүндтэй ажээ. Баярт оролцож байсан япончууд ихэд дор мэхийн хүндэтгэл илэрхийлж, их аваргыг ойроос харсандаа насны хэрэг бүтсэн мэт баярлаж  байв. Хүн бүр зураг авах, зургаа авахуулахыг хичээн бидэнд ч ойртох боломж олгосонгүй. Их аваргыг үнэхээр бишрэн хүндэтгэдэг ажээ. Ийм их хүндэтгэл, баяр бахдлыг дааж, тээж явах асар их үүрэг ноогддог ажээ. Юун түрүүнд Мөөеө аварга, Тамираа эгч хоёроороо бахархаж би ч бас зээ хүүгийнхээ хамт омог бардам зогсож байв. Япончууд мэхийн ёсолж байхад хэнэг ч үгүй гар хуруугаараа даллан зогсож байгаа хүмүүс нь манайхан. Их эзэн хааны удам угсааныхан угаасаа бөхөлзөж, тонголзох дургүй босоо заяатай ард түмэн шүү дээ.   

 

Хойно, урьдаа дагуултай их аварга наадмын хоймор налайж манай үндэсний бөхийн барилдаан эхлэв.  Зүс мэдэхээс Төв аймгийн арслан, өндөр Дамба харагдав. Нэгийн даваанд манай оюутнуудын найз бололтой америк залуу өмдөн дээрээ далбаа өмсөөд барилдсан нь олныг ихэд хөгжөөв. Дэвээ, шаваа гээд сүрхий бэлтгэсэн нь харагдаж байв. Эхний гар ачаанд өнхрөөд өгөв. Аймгийн арслан Төмөрбаатар гэдэг сайхан залуу түрүүлэв. Давсан бөхөд атга боорцог, чихэр өгч байна. Хакуко аварга үзэгчид рүү шид гэж хэлснийг бөхийн барилдааныг зохион байгуулж байсан залуу тайлбарлав. Эхэндээ гайхаж байсан япончууд тайлбарыг сонссоноос хойш чихэр, болж өгвөл боорцог олж авахаар манайхантай ана мана уралдаж байв.  Миний дэргэд сууж байсан өвөө олж авсан нэг ширхэг боорцогоо ихэд нямбайлан боож авав. Хэрэгт дурлан асуулгавал  “Ач хүүдээ өгнө. Тэр бөх барилдах дуртай” гэж их л баяр хөөртэй хариулж байлаа.

 

Токиод Энхтуяа гэдэг эмэгтэй “Улаанбаатар” нэртэй монгол хоолны газар ажиллуулдаг юм байна. Энхтуяагийн гуанзнаас эхлээд маш олон лангуу хуушуур голдуу хийж, эрэлт хэрэгцээ ихтэй байлаа. Хүний, өөрийн гэлгүй л уралдан авч идэж байв. Ширхэг хуушуур 200-250 / 3000 орчим төгрөг / иень гэхээр орлого, ашиг ч чамгүй байгаа бололтой. Энхтуяаг таньдаггүй монгол бараг байхгүй бололтой. “Их өглөгч, сайхан зантай эгч байгаа юм” гээд нутгийнхан маань ам сайтай гэж жигтэйхэн. Монголын үндэсний гэгдэх цөөхөн төрлийн хоолыг арлын оронд нутагшуулж байгаа хүн ажээ. Сумочид их дуртай гэнэ. Магадгүй манай бөхчүүдийн хүч, чадлыг махны орц ихтэй хоол, ундтай нь холбон үздэг байж ч болох юм. 

 

Монголоос очсон хамтлаг, дуучид дуулж хуурдав. Орой нь 1 цаг орчмын концерт тоглолоо. Жинхэнэ “халтуурдах” гэгч болов. Үзэгчид шаардлага тавьж, нэг дуучин залуу “Тэгвэл чи гар” гэж хэдэрлэж ч байх шиг. “Рок, попын зарим хамтлаг, дуучид маань уран сайханчдын л түвшний хүмүүс юмаа даа” гэсэн урамгүй бодол төрөв. Нэг нөхөр нэртэй дуучдыг дуурайн дуулж байгаа бололтой, ёстой л “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэдэг болж байлаа. Дөрөө чангалсан нь илт, зориг зүрх, дуу хоолойн чанга гэдэг жигтэйхэн. Гэтэл ихэнх үзэгчид нь япончууд, тэр тусмаа өндөр настнууд байдаг. Юм юм л бодогдож байлаа. 

 

  Хуушуураа “Чингэс”,”Болор”,”Алтан түрүү” тэргүүтнээр даруулсан залуучууд нэг буланд зодолдож байгаа бололтой, цагдаа энэ тэр болоод явчихав.Гар арчсан цаас, хог хөглөрөөд, зохистой зохисгүй үг яриа дуулдаад, ер нь товчхондоо  сумын наадам дээр болдог бүхэн л болж байлаа. Гэтэл Токиогийн төв байдаг. Хаврын баяр эхний жилүүдэд оюутан залуучуудын хүрээнд болдог байсан гэнэ. Тэр үедээ их дэгтэй, зохион байгуулалт сайтай байжээ. Одоо оролцогчид нь их нэмэгдэж. Японы бусад олон муж, хотуудад ажиллаж, суралцаж байгаа залуучууд   зорьж ирж оролцдог, хүсэн хүлээдэг баяр нь юм байна. Японы иргэдээс гадна урьд хөршийн монголчууд, манай залуучуудтай хамт суралцдаг   орон орны оюутан залуучууд оролцдог ажээ. “Өвөр Монголын Шилийн гол аймгийн уугуул Гандөш гэдэг сэргэлэн залуутай танилцав. “Хаврын баярт оролцогчдын дийлэнх нь манай нутгийнхан байгаа. Японд амьдардаг өвөр монголчууд энэ баярт оролцохдоо их дуртай. Би гэхэд бараг 7-8 дахь жилдээ хоолон гэр ажиллуулан үйлчилж байна” гэв. Хувийн компаний эзэн гэнэ. 

 

Биднийг Москвад оюутан байхад урлаг, спортын олон том арга хэмжээ болдог байж билээ. Яасан ч зохион байгуулалттай,ах захтэй, дэг журамтай байсан юм бэ гэж бодогдож байлаа.Японд суралцаж байгаа монгол оюутнуудын холбоо хариуцан зохион байгуулдаг юм байна. Хирдээ л их бэлтгэжээ. Элчин сайдын яам ч сайн дэмжиж, тусалдаг гэлцэж байв. “Манай Жигжид элчин сайдын томилолтын хугацаа дөхөж байгаа гэсэн. Бид бас Элчин сайдаараа бахархдаг. Оронд нь тэгээд ямар хүн ирдэг бол. Сунгаж барьж болдоггүй л юм байхдаа” гэж өөр зуураа ярилцахыг сонсоход хүний газар болоод ч тэр үү, сайхан сонсогдож байлаа.

 

МАНАЙХАН ЮУ ЯРИВ. Хаврын баярын үеэр Токиогийн гадаад хэлний их сургуульд урилгын профессороор ажиллаж байгаа доктор Жанцангийн Бат-Ирээдүйтэй уулзаж сайхан ярилцав. Манай МУИС-тай олон жил хамтран ажиллаж байгаа энэ сургуульд япончууд монгол хэл үздэг, манайхаас багш нар гэрээгээр ажилладаг уламжлал тогтоод олон жил болж байгаа юм. Багшийн зарим шавь нар баярт оролцож байлаа. Манай үндэсний  дээл хувцастай хоёр бүсгүй монголоор тун цэвэрхэн ярьж байв. Уртын дуу сайн дуулж сурсан гэнэ. Японы хүүхэд, залуучууд  маш олон морин хуур, уртын дууг маш их сонирхон сурч байгаа юм байна. Манай энэ мэргэжлийн хүмүүс  Токиод төдийгүй зарим хотуудад ч ажиллаж байгаа ажээ. 

 

- Японд олон залуучууд суралцаж байна. Бас ажиллаж байгаа хүмүүс ч олон бий. Их, дээд сургуулиуд гадаадаас оюутан суралцуулах талаар маш их анхаарал тавьж байна.  Өөрийн нь суралцагчдын тоо жил ирэх тутам буурч байна. Амьдрал, боломж сайтай хүмүүс үр хүүхдээ ихэвчлэн англи хэлтэй улс орнуудад суралцуулдаг болжээ. Тэгээд ч японы ихэнх гэр бүл нэг хоёрхон хүүхэдтэй. Манай улс ч гэсэн Монголын их, дээд сургуулиудад гадаадаас оюутан суралцуулах талаар онцгой анхаарч хөтөлбөр, төсөл хүртэл хэрэгжүүлмээр санагддаг. Эхний ээлжинд хойт, урьд хоёр их хөршийн монгол угсаатан залуучууд ирээд суралцаг. Тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр, их сургуулиуд дундын оюутны байр, хотхон хүртэл барьж байгуулж болно. Боловсролын импортоо нэмэгдүүлэх талаар маш их санаа тавьж байгаа Австрали, Япон, БНСУ зэрэг орны туршлагаас ч суралцах хэрэгтэй байна. Зарим мэргэжлээр өндөр төлбөртэй, тусгай хөтөлбөртэй сургалт ч зохион байгуулж болно шүү дээ. Би санал, бодлоо солилцож, сургуультайгаа байнга холбоотой ажиллаж байгаа. Одоо ч нэг л жил үлдлээ гэж ярив.  Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор энэ залуухан эрдэмтэн гадаад орнуудад чамгүй олон жил ажиллаж байгаа, Японд ирэхийн өмнө МУИС-ийн Монгол хэл, судлалын сургуулийн захирлаар ажиллаж байсан юм.

 

          Алдарт Токиогийн их сургуульд   манайхаас гурван докторант суралцаж байна. Токиогийн их сургуулийн   сургалт үнэхээр өндөр шаардлагатай, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол олгодог. Сургалтын хөтөлбөрийн стандарт маш өндөр,  энэ орны дээд боловсролын брэнд.

 

    Японд,Токиод ихэвчлэн магистр, докторын түвшний сургалт дүүргэсэн залуучуудад Монголд ажил олддоггүй тухай манай хүүхдүүд тодорхой жишээ татан ярьж байв.

 

-Унаган орос хэлтэй, хуучин ЗХУ-д багшийн мэргэжлээр бүүр Ленинградын их сургууль төгссөн, энд 7 жил суралцан докторын зэрэг хамгаалсан, “ус, цас” шиг англи хэлтэй нэг эгч бий. Эх орондоо очиж ажиллана гээд маш өндөр сэтгэгдэлтэй явсан, жил шахам хөөцөлдөж байж нэг төсөлд ажиллаж байгаа сурагтай байна.   Бас манай сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан нэг залууг Улаанбаатарын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль багшаар аваагүй байгаа юм даа. АНУ-д магистрын, Японы Тококу их сургуульд докторын зэрэг хамгаалсан Д.Түвшин гэдэг залуу  бас нэг яаманд хандаад баримт бичгээ бүрдүүлж өгсөн боловч одоо хүртэл хариу аваагүй байгаа гэсэн. Тийм болохоор энд суралцаж байгаа хүмүүс ихэвчлэн Японд ажиллаж, амьдрах сонирхолтой байдаг гэцгээв.

 

“Шинэ Монгол” дунд сургууль төгссөн Б.Батзаяа Чибагийн их сургуулийг нанотехнологийн чиглэлээр   магистрын зэрэгтэй төгсөөд Токиогийн их сургуулийн докторантурын өндөр босгыг даван элсчээ.

 

-Манай “Шинэ Монгол” сургууль үнэхээр сайхан сургууль. Япон хэл, соёл, зан заншилд хүүхдүүдийг багаас нь сургадаг. Сургуулийнхаа хамт олон, Галбадрах багшдаа маш их баярлаж явдаг. Токиогийн их сургуулийн бакалаврын түвшинд зөвхөн манай сургуулиас таван залуу суралцаж байгаа гэж ярилаа. Харин А.Амаржаргал МУИС-д нэг жил суралцаад Токиогийн их сургуульд элсэн бакалавр, магистрыг дүүргэн  докторантурт элсчээ. Боловсрол судлаач юм.

 

Манай залуучуудын зарим нь хувь хүмүүсээр зуучлуулан очиж Япон хэлний сургуульд суралцдаг юм байна. Хэлний шаардлага хангавал уралдаант шалгалт өгч дараагийн сургуульд элсэн суралцана. Сургууль олон, босго шалгуурууд нь янз бүр. Гагцхүү сайн судалж, чанартайг нь сонгон суралцахад анхаармаар санагдсан. “Ажил олж өгнө, дараагийн сургуульд шууд суралцуулна” гэхчлэн олон зүйл амлан авчраад орхидог хүмүүс ч байдаг гэнэ. Уг нь албан ёсны сургууль, байгууллагаар дамжуулан энэ ажлыг зохион байгуулж байвал хаана хаанаа найдвартай баймаар. Хэн ч гэлээ, энэ ажлыг олон жил эрхэлж байгаа нэг эмэгтэй аваачсан оюутнуудаараа хуушуур энэ тэр хийлгэн ашиг орлого олж байдаг тухай ч хүүхдүүд ярьж байлаа. Бас Улаанбаатарт япон хэлний дамжаа хичээллүүлдэг, чамгүй өндөр төлбөртэй энэ дамжаа нь олигтой юм сургадаггүй бололтой. Амин хувиараа явж байсан болохоор төдийлэн сонирхсонгүй.

 

ЯПОНЧУУД ЮУ ЯРИВ. Токиогийн их сургууль, Сэншү их сургууль, Нийгмийн халамжийн их сургууль, Айчи мужийн Сейжон их сургуулийн зарим таньдаг багш, профессоруудтай уулзаж ярилцав. Заримтай нь уулзалгүй чамгүй хугацаа өнгөрсөн боловч япончууд урт настай, хувьсаж өөрчлөгдөөд байх нь ховорхон хүмүүс юм.

 

Японы Нийгмийн халамжийн их сургуулийн хүндэт профессор Шимазаки гуай энэ жил 85 настай. Сүүлийн олон жилийн хөдөлмөрөө Монголд зориулж яваа хүн. Нөхөр Шимазаки нь  Японы нийгмийн халамжийн асуудлаар мэргэшсэн нэртэй том эрдэмтэн багш байжээ.  Шимазаки гуай дайны дараа, 1950-иад оны эхээр Токиогийн их сургуулийн эдийн засгийн салбарт элсэн суралцжээ. Эмэгтэй хүн эрдэм номын мөр хөөж, өндөр боловсрол эзэмших нь тухайн үед маш ховорхон, эдийн засгийн факультетэд дөрөвхөн эмэгтэй оюутан байжээ. Дэлхийн дайнд ялагдсан Япон улс хөгжлийн шинэ гарцыг хайж, юуны өмнө боловсролын салбарт АНУ-ын тогтолцоог бүрэн авчээ.  Америкууд Японы хоёр ч хотод атомын бөмбөг хаясан, япон хүмүүс тэдэнд маш дургүй байсан тул энэ шийдвэр газар бүрт эсэргүүцэлтэй тулгарсан гэнэ. “Яагаад, яагаад” гэсэн олон асуултад тухайн үед Ерөнхий сайд байсан хүн “Тэд биднийг ялсан, биднээс хүчирхэг учраас ялсан байж таарна” гэсэн хариулт өгч байжээ.  Хүүхдүүдийг 6 настайгаас нь суралцуулах асуудал ч эсэргүүцэл дагуулсан гэнэ.  Тариаланчид, загасчдын бага балчир хүүхэд хаана, хэнийд амьдарч яаж сурч чадах вэ гэсэн  баахан яриа, хөөрөө ч гарч.  “Хүүхдийг чинь хоёр жилийн өмнө албан ёсоор сургуульд хамруулж, эрт боловсрол, мэргэжил эзэмшүүлэх гэж байна. Яагаад хотын хүүхдүүд 6-7 настайгаасаа суралцаж, харин хөдөөнийхөн бүтэн хоёр жилээр хоцорч байх ёстой юм бэ. Засгийн газар хүүхэд бүрт тэгш боломж олгохыг хүсч байна” гэсэн хариулт өгч байсан гэнэ. Ухаалаг удирдагч   хүнд, бэрх  үед улс орон, ард түмнээ хэрхэн авч гардагийн жишээг эндээс харж болно.  Шимазаки багшийн үеийнхэн ЗХУ-ыг сонирхон орос хэл сурч, олон талаас нь судалж байжээ.Тэрбээр одоо ч орос дууны дугуйланд явсан хэвээрээ ажээ.

 

 Харин Монголын талаар тун бага мэдлэгтэй байсан гэнэ. Тэрбээр одоогоос 10 гаруй жилийн өмнө олон улсын эрдэм шинжилгээний нэгэн бага хурал дээр англи хэлээр илтгэл тавьсан монгол залуутай танилцсан нь одоогийн Эдийн засгийн хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, доктор Ч.Хашчулуун ажээ. Илтгэл нь маш их таалагдсан гэнэ. Монголчуудыг ийм өндөр боловсролтой, ажил хэрэгч хүмүүс байна гэж санаагүй ажээ. “Манай Хашчулуун Японд олон жил суралцан докторын зэрэг хамгаалсан. Одоо хариуцлагатай ажил хийж байгаа. Маш их ирээдүйтэй хүн. Би түүнийг эх орныхоо төлөө маш ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Шимазаки багш хэллээ.  Хот, хөдөөгийн хүн амын ядуурал, эмзэг бүлгийн нийгмийн асуудлаар олон жил судалгаа хийж, Монголд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхэд оролцон ажилласан сайхан сэтгэлийн цогц болсон энэ буянтай сайн хүн   манай залуу судлаачдыг мэргэшүүлэн сургахын төлөө бүх л сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байна. “Бид хоёр хоёулаа профессороор олон жил ажилласан.   Манай гэр бүлийнхний үе  залгамжлах эрдэмтэн шавь нар маань Монгол Улсад байгаа гэж бодох надад маш бахархалтай байдаг” гэлээ. Шимазаки багш сүүлийн үед монгол хэлийг шаргуу сурч байгаа юм байна. Өндөр насанд гадаад хэл сурах гэж мэрийх нь хүний ой тогтоолт, санамжийг сайжруулж  тархинд шимт тэжээл болдогоороо онцлогтой ажээ.”Нагасава Такаши профессор ч гэсэн монгол хэл сурах хэрэгтэй. Тэр чинь залуу хүн” гэж хошигнов. Нагасава сэнсэй энэ жил 65 настай гэнэ. Хорь дүү шавиа залуу хүн гэхээс яах вэ. Нийгмийн халамжийн их сургуулийн профессор Нагасава багш Монголд олон удаа ирсэн, хэд хэдэн монгол шавьтай, манай Боловсролын их сургуулийн багш нар, Жендэрийн төвийнхөнтэй хамтарч ажилладаг хүн.

 

 Би Шимазаки багшид манай Г.Мэнд-Ооёогийн эмхэтгэсэн монгол, японы яруу найрагчдын түүврийг бэлэглэв. “Манай Ж.Саруулбуянгийн шүлэг байгаа юу “гэж багш хамгийн түрүүнд шимтэн асуув. Ж_Саруулбуян Шимазаки багш хоёр хамтарч морины тухай хоёр ч ном бичжээ. Аз болоход энэ түүвэрт Саруулын шүлэг байлаа. “М.Мөнхзаяа мундаг хүн байна” гэж монголоор хэлээд “Би зөв хэлсэн үү” гэж лавлав. Энэ түүвэрт багтсан ихэнх шүлгийг монголоос япон хэлэнд Мэнд-Ооёогийн Мөнхзаяа орчуулжээ.

 

Олон жилийн түүхтэй Сэншүгийн их сургууль нь Японы тэргүүлэх их сургуулиудын нэг билээ. Токио хоттой гудамжаар зааглагддаг Канагава мужийн Кавасака хотод төв цогцолбор нь байрладаг. 1880 онд тэр үеийн дэвшилт үзэлтэй дөрвөн хүн санаачлан байгуулжээ. Японд хувийн сургуулийн өмч нь олон нийтийн өмч, тодруулж хэлбэл тухайн сургуулийн өмч байдаг. Сургуулийг удирдах зөвлөл, зөвлөлөөс томилогдсон ерөнхий захирал  удирддаг. Сургуулийн өмчийг төр захиран зарцуулах, удирдлагад нь оролцох эрхгүй, харин төрийн зохицуулалт, зөвшөөрөл, хяналт шалгалтын хүчирхэг механизм үйлчилдэг. Өнөөдөр тус сургуульд 30000 шахам оюутан суралцаж байна. Хичээлийн төв байр уулын оройд байрладаг тул багш, оюутангүй нилээд өгсөж ирдэг байсныг өөрчлөн км шахам урттай урсдаг шат бүхий шинэ байр барьжээ. 

 

Профессор Эйко Уто их сургуулийнхаа Хүмүүнлэгийн сургуулийн захирлаар ажиллаж байна. Хүмүүнлэгийн сургуулийн бэлтгэдэг мэргэжлүүдээс социологчид, сэтгэл судлаачид, нийгмийн ажилтнуудын    эрэлт хэрэгцээ нь байнга  өсч  байгаа юм байна. Энэ нь томоохон компани, пүүсүүд юуны өмнө сэтгэл судлаачид, социологчдын баг бүрдүүлэн үйл ажиллагаагаа судалгаанд тулгуурлан зохион байгуулдагтай холбоотой.    Их сургуулийн удирдлага, бүрэлдэхүүний сургуулийн захирлуудыг дэвшүүлж буй хөтөлбөрөөр нь шалгаруулан хамт олны саналаар сонгодог уламжлалтай. Эйко Уто багш өнгөрсөн жил уулзахад шалгаруулалтад  оролцохоор боловсруулсан  мөрийн хөтөлбөрөө сонирхуулж байсан юм. 

   

Уто багш өөрийн багш, профессор Еножигийн хамт 2001 онд Монгол оронд зочилж, тус их сургуулийнхаа хүндэт профессор, манай Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн хамт авахуулсан дурсгалт зургаа өрөөндөө хүндэтгэн залжээ. Охиныхоо хоёр багшийг ирэхэд би энэ уулзалтыг зохион байгуулсан юм.Хархорин явахдаа уулзалтыг яг таг болгохыг Ц.Балдоржид хариуцуулж билээ.  Хөдөөнөөс ирээд Ерөнхийлөгчийн Тамгын газраар ортол С.Одхүү “Ерөнхийлөгч амарч байгаа, хөдөө явсан” гэх нь тэр. Яарч сандран “Багаа байхгүй юм байна шүү дээ” гэж бачимдахад,

 

-Чи битгий сандарч тэвдээд бай. Настай хүмүүс байна лээ, зочдоо  ая таваар нь байлга. Чиний цаг наргүй хөтөлбөрийн гарыг даахгүй шүү.Багаа бэлэн, бэлэн гэж байж билээ. Яасан ч сайхан байсан юм бэ . Зочид маань “Улаанбаатар”, “Континенталь” зочид буудалд тухлан манай орон, найз нөхдийн минь талаар насан туршийн сэтгэгдэлтэй буцаж билээ.

 

Япон явж ирээд сонин, сайхныг хуучлахад Н.Багабанди:

 

-За хайртай зээ хүү чинь тод шар малгай өмсөөд, том гэгчийн цүнх үүрээд гарч өгсөн үү гэж өхөөрдөөд миний зээ хүү Батбямбын Бат-Энхэд  эрдэм номын их аяны нь эхэнд адис, ерөөлөө хайрлав. Амны билгээр болог ээ.

 

Намуун салхинд сакура цэцэг цас шиг будран будран унах юм. Зөөлөн ягаан, цагаан өнгө нь алаг цэцэг, зүлэг моддыг чимэн ер бусын үзэсгэлэн төгөлдөр  болгох ажээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн талбай дүүрэн хүмүүс ая тухтай амарч, хооллож ундаалж, зарим газар нь дуу хуур, бүжиг наадам болж байлаа. 

 

 Би тэгээд ийм нэгэн дөрвөн мөр тэрлэв.

 

 

                       Таван эмээ дуулж бүжиглэнэ

                        Таван жаахан охин тавтай нь аргагүй үзнэ

                       “Тайван жаргалын тухай дуу юу” гэж лавлавал

                       “Үгүй дээ хүү минь, тавилан заяаны тухай дуу” гэлээ                                                          

 

 

                                                                      СЭТГҮҮЛЧ В.АЛЗАХГҮЙ

                                                                          Токио-Улаанбаатар 


Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:15:34
Visitors Counter