Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

АНСАН КОЛЛЕЖООС “БАВААСАН” ИХ СУРГУУЛЬ ХҮРТЛЭХ АЯН ЗАМААС ТҮҮСЭН АЛАГ ЭРЭЭН БОДОЛ

Ансан коллеж анхаарал татав.

 

БНСУ-ын нийслэл Сеүл хоттой хаяа нийлэн оршдог Ансан хотын нэрээр нэрлэгдсэн Ансан коллеж уг нь техникийн сургууль юм.  Гадаад, дотоодын 5000 гаруй оюутан суралцдаг, Солонгостоо бол төдийлэн том сургуулийн тоонд ордоггүй, дундач сургууль  ажээ. Солонгосын аль ч сургуулийн нэгэн адил гадаадын суралцагчид олонтой. Коллеж сувилагчийн сургуультай. Техникийн коллежийн сувилагчийн сургууль мөртлөө сургалтын өвөрмөц онцлогоороо энэ сургуулийн төгсөгчид  эх орондоо төдийгүй Ази,Номхон далайн орнууд, алс холын Америкт хүртэл   мэргэжлээрээ төвөггүй ажилладаг, эрэлт хэрэгцээ тун ихтэй гэнэ. “Англи хэлэнд суурилсан, хэрэглээнд тулгуурласан прагматик сургалтын үр дүн” гэж сургуулийн удирдлагууд ярьж байлаа.

 

Сургуулийн орчин үнэхээр тохитой юм. Цахилгаан тэрэгний болон нийтийн тээврийн унааны буудлаас багш, оюутнууд сургуулийнхаа автобусаар ирнэ. Багш, ажиллагсад, оюутнуудын машины зогсоолтой. Гэхдээ нийтийн унаагаар ирж, буцах нь цаг хугацааг хэмнэдэг, хямд төсөр ажээ.

 

Сургуулийнхаа хаяг, эрхэм зорилгоо байгалийн чулуун дээр бичиж байрлуулах нь Солонгост түгээмэл, маш их хүндэтгэлтэй, бараг жишиг болсон ажээ.

Хичээлийн төв байр нь зарим орны төрийн ордноос ч сүрлэг, сайхан харагдана.

 

Сургуулийн улаан хивс, улаан сандал бүхий хурал, концертын том танхим үргэлж хөл хөдөлгөөнтэй. Сургуулийн төдийгүй хотын ихэнх чухал арга хэмжээ энэ танхимд болдог ажээ. Зургаан том хаалга зэрэг онгойж зочин, гийчдээ урьдаг тул хүлээх, шахцалдахын зовлонгүй. Энэ ордоноос олдог орлого сургуулийн санхүүжилтэд том хувь нэмэр оруулаад зогсохгүй сургууль нийгэмд үйлчлэх, орчноо гэгээрүүлэх зорилтуудаа хэрэгжүүлэх төв болдогоороо онцлогтой. Шивэртийн хөндийд босох төрийн өмчийн их сургуулиудын нэгдсэн цогцолборт /кампус/ сургууль дундын  нэг ийм сайхан ордон баригдаасай билээ.

Сургуулийн лекц, соёл урлагийн бас нэгэн том танхим өөрийн эрхгүй анхаарал татав. Танхимын тайзны ар тал шилэн ханатай. Зузаан хилэн хөшиг нээгдэхэд  шилэн хананы цаад талын гүн ойн төгөл нэн үзэсгэлэнтэй харагдана. Үнэхээр сайн бодож төлөвлөсөн зураг, дизайн ажээ. Үдэш орой бол ойн төгөлийг өнгө өнгийн гэрэл чимэглээд үнэхээр тансаг сайхан. Тансаг сайханд өсөж өндийж, боловсрол, мэргэжил эзэмшиж  байгаа  оюутан залуучууд аяндаа гоо сайханы таашаал, өндөр мэдрэмжтэй иргэн болон төлөвшдөг  онцлогтой. Сургуульд ийм орчинг бүрдүүлэх ёстой юм.

 

 

Нээлттэй их сургуульд  нээлттэй зочлов.

Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотоос цаг хүрэхгүй нисээд Энэтхэгийн далайн эргийн нэгэн арал дээр орших Пинан хотод очив. Цаг хугацааны хувьд шөнө дөлөөр таарсан болохоор   онгоцны буудлаас 11 км далай дээгүүр давхих нэн сонин, замын ядаргаа, бухимдал дорхноо арилав. Зөөврийн тэрэгний жолооч жигтэйхэн яриа эр таарав. Азийн бар орнуудын нэг Малайз улстай хоромхон зуурт танилцаж амжих шиг болов.

 

Ази-Номхон далайн орнуудын нээлттэй их сургуулиудын нийгэмлэгийн 2011 оны тайлангийн бага хурал Малайзын “Баваасан” нээлттэй их сургуульд болов. Энэ зууны эхээр манай улсад Баваасан гэдэг содон нэртэй хувьсгалч байсан болохоор энэ үгийн талаар сонирхож асуув. “Хүсэл эрмэлзлэл” гэсэн утгатай санскрит, эсвэл түвд гаралтай үг байх гэсэн хариулт сонсов.

Дэлхийн 21 орны 67 их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон энэ бага хурлаар шинэ зууны сургалтын хамгийн түгээмэл хэлбэр болох нээлттэй, цахим сургалтын /Е-сургалт/ талаар гурван өдрийн туршид ярилцаж санал бодлоо солилцов.

Ази-Номхон далайн орнуудын хэмжээнд боловсролын магадлан итгэмжлэлийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг нэг жишигт ойртуулах, цахим сургалтын хөтөлбөр, нээлттэй их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх асуудлаар энэ ажлыг эрхлэн гүйцэтгэдэг орон, орны хүмүүс санал бодлоо солилцон үнэхээр нээлттэй хэлэлцэв.

Шинжлэх ухаан,технологийн их сургуулийн профессор С.Байгалтөгс, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн тэнхимийн эрхлэгч Даваалхам бид гурав тус тусын шугамаар энэ арга хэмжээнд оролцлоо. Манай хоёр багшийн тухайд өмнө нь хэд хэдэн удаа арга хэмжээнүүдэд оролцож байсан болохоор танил тал олонтой, харилцан мэдээлэл төдийгүй сургалтад хэрэглэж байгаа шинэ арга, програм хүртэл солилцож зав чөлөөгүй ажиллацгаав. Манай ЭМШУИС-ийн төгсөгч, хүний их эмч Д.Даваалхам Японд докторын зэрэг хамгаалжээ. Англи, япон хоёр хэлийг үнэхээр сайн эзэмшжээ. Ажил хэрэгч, санаачлагатай, энэ болон ирж буй цагийн төлөөлөл болж байгаад  нь чин сэтгэлээсээ баярлахаас аргагүй.  Аргагүй л техник, технологийн зуун, хурдны зуун иржээ. Бидний үед гурван сард өгдөг байсан мэдээлэл, мэдлэгийн одоо гурван цаг байтугай гучхан мөчид авч байна. 

 

Дэлхий даяарчлагдаж байна. Эхлээд нэг хэлтэй болох юм байна.   Шанхайн нээлттэй их сургуулийн захирал, профессор Занг Деминг хятад хэлээр илтгэлээ тавив. Хятад хэл үнэхээр “чанга” дуулдаж байлаа. Их гүрэн улсын бодлого их, бага алив бүхэнд илэрч байх юм.  Харин өчүүхэн миний бие мэдэхгүйн эрхэнд монголоороо “илтгэснийг” манай С.Байгалтөгс багш маш хичээнгүйлэн орчуулж өгөв. Талаар өнгөрөөсөн цаг хугацаа гэдэг үнэхээр эргэж олдохгүй баялаг юм гэдгийг л хэлэх гэсэн санаа маань энэ.

 

Мэдээллийн технологийн ололт, дэвшлийг ашиглан зайн сургалтыг хөгжүүлэх, манай улсын тухайд эхний ээлжинд их, дээд сургуулийн эчнээ сургалтад е-сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, шилжүүлэх, улмаар мэргэжил дээшлүүлэх сургалтад энэ дэвшилтэт аргыг албан ёсоор өргөн хэрэглэж эхэлмээр санагдаж явлаа. Аливаад мөн чанарын нь үүднээс хандахдаа тааруухан манайхан зайн сургалтад  одоо хүртэл ач холбогдол өгч чадахгүй байгаагийн  улмаас олон боломжоос хоцорч яваа билээ. Үнэхээр бодлогын түвшинд анхаарах асуудал юм.

 

Малайзын Парламентын гишүүн, Үйлдвэрлэлийн сайд, Ус, эрчим хүч, мэдээллийн сайдын албыг хашиж байсан ноён Лим Кинг Яак гуай таван жилийн өмнө байгуулагдсан “Wawasan” нээлттэй их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Харин би энэ сургуулийн дэд ерөнхийлөгч, профессор Ван Тат Мэн гуайн тухай хэдхэн үг хэлье.   Гонгогт олон жил их сургууль  удирдсан энэ эгэл даруухан хүн үнэхээр дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зохион байгуулагч гэнэ. Таван жилийн дотор сургуулиа Ази-Номхон далайн шилдэг нээлттэй их сургууль болгож чаджээ. Одоо Ази-Номхон далайн нээлттэй их сургуулиудын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энэ гурван өдрийн бүх арга хэмжээг ягштал зохион байгуулав. Даруухан гэхэд дэндүү даруухан хүн ажээ. Аяга, таваг  ч хумилцаж гүйхээс сийхгүй. Утсаа хүртэл авахаа больчихсон манай зарим захирал, сургуулийн удирдлагууд үе үе санаанд орж л явлаа. Уг нь үзсэн дуулсан, явсан сууснаасаа санаа аваад хийж хэрэгжүүлдэгсэн бол хийх ажил мөн ч их байна санж.

 

Профессор Вандангийн АЛЗАХГҮЙ

 

Улаанбаатар-Сеүл-Куала Лумпур-Пинан 

2011 оны намар цаг 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:14:00
Visitors Counter