Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

АМАР АМГАЛАНГИЙН ОРОНД ЗОРЧИХУЙ

 

            Балтийн тэнгисийн зүгээс зөөлөн, чийглэг салхи сэвэлзэн далай үнэртэнэ. Цас, бороо ээлжлэн, заримдаа холилдон өдөр бүр орох боловч тийм хүйтэн биш, өдөр богинохон. Бидний мэдэх Москва, Ленинградын өвлийг санагдуулна.

 

            Алдарт Стокольм хотоос эрт, эдүгээгийн түүхийг нэгэн дороос уншиж бүрэн болмоор. Чулуу дэвссэн давчуу, нарийн гудамжтай, шовх өндөр оройтой тоосгон байшин, орчин үеийн шил, төмөр болсон харшийн аль аль нь нүд булаана. Хотын төвд байх хэдэн зуун метр цэвэр болор цамхгаас эхлээд ур, хийц, ухаан бодол шингэсэн аврага бүтээн байгуулалт хэдэн арваараа сүндэрлэнэ. Арав хүрэхгүй сая хүнтэй боловч дэлхийн өндөр хөгжилтэй цөөхөн орны нэг болж чадсан энэ орон олон хүний анхаарлыг зүй ёсоор татдаг.

 

Хүүхдээ дээдэлсэн орон


Швед хүүхэд долоон настай сургуульд орж есөн жил суралцан суурь боловсрол эзэмшдэг. Заавал эзэмших боловсрол хэмээн үүнийг хуульчилжээ. Суурь боловсролын сургууль төгсөгчдийн хорь гаруй хувь нь нийгмийн ухаан, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуульд, бусад нь техник мэргэжлийн боловсролын сургуулиудад элсэн гурван жил суралцан бүрэн дунд боловсрол эзэмшдэг. Мэргэжлийн сургууль төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэх олгодоггүй, үйлдвэрлэлд хоёроос доошгүй жил ажиллаж байж мэргэжилтэй ажилчид болдог юм байна. Харин ажиллагсадын мэргэжлийг дээшлүүлэх сургалтын төв хэдэн арваараа ажилладаг ажээ. Мэргэжлийн сургууль төгсөгчдийн 5-6 орчим хувь нь их сургуульд элсэн суралцдаг бөгөөд үүний тулд боловсролын төвшин тогтоох шалгалт өгнө. Энэ шалгалтыг хэдэн удаа ч өгч болох бөгөөд хамгийн өндөр оноо авсан шалгалтаа баталгаажуулан их сургууль, коллежид элсэхдээ үндсэн баримт бичиг болгодог системтэй. Мэргэжлийн боловсролын ахлах сургуульд суралцагч 2500 цагийн хичээл үзэж төгсч байгаагийн 750 цагт нь ерөнхий эрдмийн, бусад цагт нь мэргэжлийн сонгосон хичээлүүдээ үздэг. Нэгдүгээр ангиас швед, англи хэлийг зэрэг зааж эхлэнэ. Бүх шатны сургуульд математикийн хичээлд онцгой анхаарал тавьдаг. Хүүхэд 1-3 дугаар ангидаа зөвхөн дээрх гурван хичээлийг үздэг юм байна. Дуу хөгжим, биеийн тамирын хичээл өдөр бүр ордог гэж хэлж болно. Хүүхэд сургууль дээрээ бараг өнжих бөгөөд энэ хугацаанд чөлөөтэй тоглож, наадаж эрх дураараа байна. Харин багаас нь ажил хөдөлмөрийн дөр суулган юуханыг ч болов хийж сургахыг эрмэлздэг нь ихээхэн сонирхол татлаа. Зурж, бичиж, эвлүүлж, нааж, зорж, сийлж сурна. Магадгүй швед хүний уйгагүй ажилсаг чанар энэ үеэс бүрэлдэн тогтдог бизээ. Дунд сургууль төгсөгчдийн 30 орчим хувь нь дээд боловсрол эзэмшдэг бөгөөд энэ хугацааг төрийн зүгээс маш нарийн зохицуулж иржээ. Шведэд дээд, дунд боловсролтой хүмүүсийн харьцааг 1:10 байвал боловсролын тогтолцоог зөв зохистой байна гэж үздэг аж. Бүх хүнээ дээд боловсролтой болгох зорилт тавьдаггүй, дээд боловсролтой хүмүүс, өндөр мэргэжлийн ажилчдын цалин хөлс ялгаа багатай, харин ч нарийн, өндөр мэргэжлийн ажилчид илүү их орлоготой ажээ. Бүх шатны сургуулийн багш нарын цалин дунджаар 20-30 мянган крон буюу 2700-4500 орчим ам.доллар. Улсын болон аж ахуй нэгж байгууллага бүр ажиллуулж байгаа хүнийхээ цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний татварыг төвлөрсөн төсөвт төлдөг бөгөөд энэ мөнгө бүхэлдээ нийгмийн хамгаалалд зориулагддаг ажээ. Нийт 600 гаруй дунд сургуулийн 1-9 дүгээр ангид 997 мянган хүүхэд, ахлах сургуульд 300 мянган хүүхэд, төрийн өмчийн 13 их сургууль, 37 коллежид (23 нь төрийн өмчийн) 340 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 138 мянга нь өдрийн үндсэн ангид, бусад нь оройн болон эчнээ сургалтад хамрагдан суралцаж байгаа гэнэ. Хувийн хэвшлийн сургуулийг ихэвчлэн компани, аж ахуйн нэгж, сан үүсгэн байгуулдаг боловч сургалтын төлбөр авдаггүй, харин хүүхдэд ноогдох хувьсах зардлаар тооцон олгосон мөнгөөр болон тогтмол зардал, байрны түрээсийн мөнгө зэргээр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Хувийн хэвшлийн дунд сургуульд 58 мянга, ахлах сургуульд 25 мянган хүүхэд суралцаж байгааг хүн амын тоотой нь харьцуулахад бага. Хувийн хэвшлийн сургуулиуд баталсан стандартыг мөрдөн, төртэй гэрээ байгуулан ажилладаг. Энэхүү гэрээг зөрчвөл сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргадаг бөгөөд үүсгэн байгуулагч нь үл зөвшөөрвөл шүүхэд хандана. Нэгэнт төрийн 100 хувийн санхүүшилттэй тул боловсролын үндэсний агентлаг зэрэг байгууллагуудаас улсын сургуулиудын нэгэн адил хянаж шалган шаардлага тавьж магадлан итгэмжилдэг. Пүүс, компани, сан зэрэг аливаа хэвшлийн сургалтын байгууллага үүсгэн байгуулагч нь өөрийн байгууллагад ажиллах хүмүүсийг багаас нь бэлтгэх, тухайн пүүс, сангийн төлөө гэсэн сэтгэлтэй, хүмүүжилтэй болгон төлөвшүүлэн хүмүүжүүлэхийг гол зорилгоо болгодог ажээ.

 

            Эхний долоон жил хүүхдэд ямар нэгэн дүн тавьдаггүй, харин улирал бүрийн дараа эцэг, эхтэй нь уулзан хүүхэд хэрхэн сурч төлөвшиж байгаа,  цаашид анхаарах асуудлын талаар багш нар зөвлөгөө өгнө. Хүүхдийг сайн, муу байна гэж хамт олных нь өмнө дүгнэж, нэр төрд нь халдах, сэтгэл зүйн хувьд дарамтлахаас аль болох болгоомжилдог нь энэ улсад нэгэнт уламжлал болжээ. 3, 5, 7 дугаар ангийн хүүхдүүдээс швед болон англи хэл, математикийн хичээлээр тестийн шалгалт авдаг боловч энэ нь албан ёсны үнэлэлт болдоггүй. Дунд сургуулийн 100 хүүхдэд тав, ахлах сургуулийн 100 хүүхдэд долоон багш ногддог. 1300 орчим хүүхэдтэй ахлах сургуульд 200 гаруй багш ажиллаж, сургалт, үйлдвэрлэлийн зориулалттай бүхэл бүтэн долоон том цогцолбор үйлчилж байх жишээтэй.

 

            Харин наймдугаар ангиас нь улирал бүрийн эцэст дүн тавьж, үнэлгээ өгч эхэлнэ. Гэхдээ сайн, онц, онцсайн гэсэн гурван янзын дүнтэй. Кредит үнэлгээг аль ч шатны сургалтад хэрэглэдэггүй бөгөөд хэдийн кредит гэж нэрлэж байгаа боловч 60 минутаар тооцсон цагаар сургалтын багтаамж, хичээлийн хөтөлбөр, бусад үзүүлэлтүүдээ хэмждэг.

 

            Улсын хэмжээнд аль нэгэн хичээлээр ямар нэгэн олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулдаггүй, хүүхдийг хүүхэд насанд нь хайрлан хүндэтгэж, эрх зоргоороо байлгахыг үндсэн философио болгосонд Шведийн боловсролын тогтолцооны онцлог оршино. Бага балчраас нь хүүхдийг дарга, цэрэг болгож, уралдуулж тэмцэлдүүлж, хор шарыг нь дэвэргэн, атаархал хорслоор хүмүүжүүлбэл ирээдүйд хэн болж өсөх нь тодорхой гэж үзнэ.

 

            Сүүлийн үед иргэдээ залуужуулах талаар онцлон анхаарч, хүүхэд төрүүлэхийг зүйл бүрээр хөхиүлэн дэмжиж байгаа юм байна. Хүүхдийг анх төрөхөд 30 мянган крон төлж, 360 хоног эцэг, эхийн аль нэгнийх нь цалингийн 80 хувийг олгодог юм байна. Цаашлаад 16 нас хүртэл нь улсаас халамжийн тэтгэмж олгодог болохоор гурваас дээш хүүхэдтэй өрхийн тоо жилээс жилд энэ оронд нэмэгдсээр байгаа юм байна.

 

Хөгшдөө дээдэлсэн орон


            Швед орон нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогоороо дэлхийн сонорыг дэлдэж, анхаарлыг татсаар иржээ. Өндөр настны тэтгэвэрт гарч буй хүн үндсэн цалингийнхаа 80 орчим хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авдаг юм байна. Хэрэв ажил хийхийг хүсвэл хувийн хэвшлийн байгууллагуудад хэдэн ч нас хүртлээ ажиллаж болдог гэнэ. Гэхдээ нэгэнт тэтгэвэр өндөр, амьдралд хүрэлцээтэй болохоор хүмүүс өтөл болтлоо ажиллах хэрэгцээгүй. Үр хүүхдэдээ өвлүүлэх хангалттай хөрөнгөтэй, бас үе залгамжлан эзэмшсэн эдлэн газар, байшин сууцтай, гадаад дотоодын банкинд хадгаламжтай, эмнэлгийн тусламж, эмчилгээ үйлчилгээ үнэ төлбөргүй болохоор хөгшид ихэвчлэн улс орнуудаар аялж,   зугаалж амрахыг чухалчилдаг гэнэ.

 

            Өндөр настнуудад зориулсан, ганцаардаж гуниглахаас аврах зориулалттай амралт сувиллын газар ч хот бүхэнд хэдэн арваараа бий. Өглөө такси дуудан тийм газар очиж, өдөржин тоглож, үеийнхэнтэйгээ хууч хөөрөн, бас шаардлагатай бол эмчилгээ сувилгаа хийлгээд орой мөн л такси хөлөглөн гэртээ харьж ирнэ. Такси хөлөглөх картыг нь хүртэл нийгмийн хамгааллын байгууллагаас олгодог. Хөдөө орон нутагт амьдардаг хөгшид нийслэл, төвлөрсөн хотуудад ирж, харин хотынхон хөдөө гарч амрах дуртай гэнэ. Ийнхүү өсөх наснаас өтлөх хүртлээ амар амгалан аж төрж, шинэ өдөр бүрийг баяр баясгалантай угтдаг болохоор шведийн иргэд их найрсаг, ямагт инээмсэглэж аль болохоор хүнд туслахыг эрмэлзэх юм. “Хэзээ нэг ингэж амьдарна даа” гэсэн бодол сэтгэлд эргэлдэвч ийм хүнээ дээдэлсэн, мөнгө төгрөг үл шаардах харилцааны наад захын соёлоос залуу хөгшин гэлтгүй сурч эзэмшиж эхлээсэй гэж бодогдож явлаа. Хэт их баячууд үгүй, бас ядуу хоосон хүмүүсгүй болж чадсан энэ амар амгалан орны иргэд тогтвортой байдлыг юу юунаас илүү эрхэмлэн улс орноо зөв сайхан авч яваа социал-демократ намаа ээлж халаагүй сонгон төр, засгийнхаа эрхийг бариулсаар дариу хагас зуун жилийг ардаа орхижээ.

 

Цагаачдад ээлтэй орон


            Өндөр ёс суртахуунтай, хүмүүнлэг, ардчилсан энэ орон эртнээс цагаачдын анхаарлыг татсаар иржээ. Шведэд газар газрын цагаач иргэд ажиллаж, амьдарч байна. Югославын дүрвэгсэд, дани, фин, грек, турк, жүүд, австри, англи, итали, латин америкчууд гээд ёстой л түм түжигнэж, бум бужигнана.

 

            Манайхан ч 1990-ээд оны эхнээс энэ улсад хөл тавин ажиллаж, амьдарч эхэлжээ. Бас чамгүй олон хүн Шведийн их сургуулиудад суралцан бакалаврын болон магистрын зэрэг эзэмшсэн байна. Докторын шатны сургалтад хамрагдан суралцаж байгаа хүмүүс ч бий гэнэ. Сургалт ихэвчлэн англи хэл дээр болохоор британи аялгатай англи хэлийг хямд өртөг, зардлаар сайн эзэмших боломжтой юм.

 

            Монголчуудыг анх очиход шведүүд их найрсаг угтан хүлээж авсан гэнэ. Алс холоос ирсэн олон жил коммунист дэглэмтэй байсан орны иргэд хэмээн хүндэтгэл үзүүлж,  ажиллаж амьдрах боломжоор хангах гэж онцгой анхаарч байжээ. Одоо зөвхөн Стокольм хотод 500 гаруй монгол иргэн амьдарч байгаа гэнэ. Манайхан ихэвчлэн зочид буудал, зоогийн газарт ажилладаг юм байна. Өөрийнх нь иргэдээс гурав дахин бага цалин авч, бас татвар төлдөггүй, вьетнам, хятад зэрэг Азийн хүмүүстэй харьцуулахад боловсрол, соёл сайтай болохоор монголчуудыг авч ажиллуулахдаа дуртай ажээ. Бидний байрласан “Кристиниберг” хэмээх бэсрэгхэн буудлын зоогийн газар ажиллаж байгаа Чимгээ гэхэд ШУТИС-ийн нийтийн хоолны ангийг төгссөн, бас нэг хувийн сургуулийн англи хэлний анги дүүргэсэн охин байв. Англи, швед аль ч хэлээр чөлөөтэй ярих ажээ. Ийн аж амьдралынхаа төлөө өглөөнөөс үдэш хүртэл борви бохис хийх завгүй ажиллаж байгаа монгол хүн олон. Цөм л “хараар” ажиллаж байгаа гэцгээх юм. Шведийн холбогдох байгууллагууд төдийлөн өдөр бүр шалгаж, хөөж туугаад байдаггүй, мөрөөрөө яваа хэнд ч аядуу, эерэг ханддаг гэнэ. Гэвч манайхан л болсон хойно тараа таниулж эхэлжээ. Швед, Норвегийг дамжин дэлгүүр, худалдааны төвүүдээс хулгай хийж амьдардаг бүхэл бүтэн бүлэг хүмүүс байгаа юм байна. Эхний удаад сануулж, улс орноосоо гарч явахыг анхааруулдаг байсан боловч сүүлийн үед хулгай хийсэн нь нотлогдвол шүүхээр шийтгэн, ял эдлүүлэх болжээ. Шведийн шоронд чамгүй олон монгол хүн сууж байгааг сонсов. Хүмүүсийн ой, тойноос бараг гарчихаад байсан “Хулгай” гэсэн ойлголтыг энэ оронд монголчууд л дахин сэргээж, хаа нэгэн газар хулгай дээрмийн хэрэг гарвал эзнийг нь хайх гэж төвөг удахаа ч бараг больжээ. Шатахуун түгээх газрын бензинээс эхлээд манайханд авахгүй юм бараг үгүй гэнэ.

 

            Швед улсыг Бельгид сууж байгаа манай Элчин сайд хамаардаг нэртэй ч өөрийн иргэдийн төлөө анхаарал тавьж наагуур, цаагуур явсныг мэдэх монгол хүн лав алга. Манай улсын өргөмжит консул гэж нэг эмэгтэй өнгөрсөн зун Ерөнхий сайдын айлчлалын үеэр хальт харагдаад өнгөрснийг эс тооцвол бас юу ч хийгээгүй гэцгээж байв. Аль ч оронд суугаа элчин сайдын яам, консулынхны хувьд өөрсдийгөө бөөцийлөх гэсээр байтал томилолтын хугацаа нь дуусдаг бичигдээгүй хууль үйлчилсээр олон жил болж байгаа билээ. Үүнийг өөрчлөн юун түрүүнд өөрийн иргэддээ үйлчилдэг болгож чадах Засгийн газар аль ч нийгмийн үед байгаагүй. Одоо ч өөрчлөгдөж хувираагүй байгаа зүйлийн нэг нь энэ биз ээ.

 

            Хүмүүс албан ёсоор ажиллуулах, бүх шатны сургалт нь үнэ төлбөргүй энэ оронд аль болох олон хүн суралцуулах талаар төр, засгийн зүгээс зориуд анхаарч гэрээ хэлэлцээр хийгээсэй гэж холын тэр нутагт “бор зүрхээрээ” амьдрал хөөж яваа нутгийн иргэд төр засагтаа дамжуулсныг уламжилж буй маань энэ. Хүнд хэцүү ажилд нойр, хоолгүй шахам зүтгэж яваа энэ сайхан залуучууд соёл, иргэншилд суралцан, ажил хийж, мэргэжил эзэмшин эх орондоо валют илгээн олон хүний амьдралыг дааж явааг онцлон анхаарч, нийгэм, эрүүл мэндийн даатгалд хамруулах, харь оронд ажилласан хугацааг нь баталгаажуулах зэргээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын байгууллагын зүгээс санаачлан хийх олон ажил, асуудал эзнээ хүлээсээр байна.

 

            Цас бударсан өвлийн хот, Балтийн тэнгисийн хөвөө, хязгаар нутгийг орхин хоёрхон цаг нисээд агаарын тээврийн “SAS” компанийн онгоц “Шереметьево” олон улсын нисэх онгоцны буудалд газардав.

 

            Эртний танил энэ буудлын гааль, нисэхийн ажилтнууд урьдын адил хашгичиж зандран, ачаа бараа онгичин угтах нь дэндүү танил, бас нэгэн бодлын зүгээр ч юм шиг ээ.

 

 

 

 

Сэтгүүлч   В.АЛЗАХГҮЙ

Стокгольм-Улаанбаатар




Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:17:17
Visitors Counter