Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

ЭРГЭН ЭРГЭН ОЧМООР ЭРДЭНЭДАЛАЙ НУТАГ

 

 

Нутаг орноосоо хол, хүний газар, гүний нутагт амьдарч байгаа хүн эх орноо улам илүү их санаж, хайрладаг юм шиг санагддаг. Лувсанцэрэнгийн Дугаржав бид хоёр 1976 оны намар Москвад танилцсан билээ. Комсомолын дээд сургульд суралцахаар анх очиход Дугаржав тус сургуулийн түүх, нийгмийн ухааны факультетын нэгдүгээр дамжааны оюутан байв. Сургууль ч гэж сургууль, үндсэн факультетэд 600 оюутан суралцана, 100 гаруй профессор, багштай. Дэлхийн маш олон орны залуучууд суралцдаг, сургуулийн орчин нь одоогийн ярьж буйгаар бол  жинхэнэ кампус. Сургуулийн том хашаанаас гарахгүй хэдэн ч сар болж болмоор. Дэргэд Кусковын алдарт парк. Эртнээс Шереметев гүнгийн эзэмшил газар байсан гээд бодохоор тааруухан байхын учиргүй тансаг сайхан орчин.

 

Манай сургуулийн үндсэн ангид Монголоос 10 гаруй оюутан суралцаж байв. Дугаржавыг “Анхны монгол онц сурлагатан” гээд багш нар их сайн. Ялангуяа манай декан Тамара Ивановна Карпова гуай тааралдсан монгол хүн бүрт Дугаржавыг магтана. Үг дуу цөөнтэй, махлагдуухан биетэй Дугаржавт магтаал, сайшаал төдийлэн таалагдахгүй байгаа бололтой, тэрүүхэндээ муухан мушийх. Бид хоёрын яриа их нийлнэ. Манай оюутнуудын дунд бид хоёроос өөр малчны хүүхэд байсангүй. Тамара Ивановнагаас эхлээд манайхан хүртэл биднийг “Чабаны” гэж дуудах. Ингэж дуудуулах нь  бид хоёрт тийм ч муухай сонсогдохгүй.

 

Дугаржав зав л гарвал Дундговь аймгаа, Эрдэнэдалай сумаа ярина. Анх ингэж энэ сайхан нутаг усны тухай сонсож, дуулж билээ.   Эрдэнэдалай сумыг манай улсын хамгийн том сум гэж ярьдаг байв. Нэгдэл нь ч их нэртэй. Хамгийн олон хүн амтай, хамгийн олон толгой малтай, хамгийн сайхан айрагтай гээд хамгийн хамгийн гэсэн олон зүйл энэ сумаар нэрлэгддэг байлаа.  Дундговь хэзээнээс адуу, айраг, дуу хуураар алдартай. Харин Дугаржав   тэмээний тухай  их ярина. Өргөж авч өсгөсөн эцэг нь тэмээчин хүн байжээ. Дөнгөж төрсөн ботгоос эхлэн атан тэмээ, алдартай ороо буурын тухай хүртэл ярина. Дундговийн хүн гэхэд дуу хуурын тал дээр маруухан. Залуучуудын байгууллагын ажилтан болохоор бэлтгэгдэж байсан атлаа үдэшлэг, бүжиг гэхээр зугтаах нь холгүй. Ихэнх цагаа номын санд өнгөрөөнө.

 

Сургуулийн нийтийн хоолны газраар орох нь ховорхон. Оюутны байрандаа тухлах дуртай. Гурилтай шөл, банш, будаатай цай гээд гарын хоол цай дорхноо бэлтгэнэ. Настай хүмүүсийн дэргэд өссөн болохоороо их цайсаг. “Ном унших, цай уух” нь Дугараагийн гол хобби гэж бид “явуулдаг” байлаа. 1980 онд Мандалговийн 10 жилийн дунд сургууль төгссөн ангийн хамт олноороо их бахархана. Москвагийн газар зохион байгуулалтын дээд сургуульд суралцаж байсан Ж.Наранцацралт манай сургууль дээр их ирнэ. Дугаржав бид нийлэн борцтой, будаатай цай хийж ууцгаадаг байв. Дундаа гал тогоотой болохоор оросууд биднийг их гайхана. Сүүтэй цай мөртлөө будаа, мах, банш хийхээр учрыг нь олохгүй. Манай өрөөний найз сонгино хэрчээд   будаатай цайнд маань хийчих шахсансан. Үгүй дутуугаа нөхөн хамт өнгөрөөсөн тэртээх оюутны дөрвөн жил одоо ч өчигдөрхөн юм шиг санагддаг.

 

Саяхан бид Эрдэнэдалай сум орохоор үүр цүүрээр хөдлөв. Дорхноо Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвийн баруун талаар дайран талын сайхан хайрхан уулын өмнүүр зурайсан их замаар довтолгон Дундговийн нутагт хөл тавив. Нутгийн хүмүүс энэ хайрханы нэрийг хэлэхээс ихэд цээрлэдэг ёсыг   би ч бас хүндэтгэн дагадаг. Баян-Өнжүүлийнхэн хайрханаа бүр илүүтэй шүтэж, биширч байх шиг санагддаг  юм. 

 

  Хоёр сум, хоёр аймгийн хилийн дээсэн дээр нэг их овоонд чулуу өргөв. “Бүр дээд үед л энэ овоо ийм байсан. Эртний шүтлэгтэй овоо. Түүнээс биш орчин цагийн шинэ овоо биш. Энэ овоондоо чулуу нэмээд л хол, ойрд оддог байлаа” гэж Дугаржав сэтгэл догдлон ярив. Хүний төрсөн нутаг гэдэг нэг л өөр байдаг. Зам харгуй, овоо тахилга, уул толгод бүхэн нэгийг өгүүлж, нөгөөг сануулдаг. Овооноос цааших нутгийн өвөлжөө, хаваржаа, бууц бүрийг Дугаржав нэрлэн бидэнд ярьж өгөв. Нутаг усныхаа, ойр дотно хүмүүсийн тухай ярих сайхан байдаг. Уулзах шиг л болдог билээ.    

 

Эрдэнэдалай сум аргагүй л том сум гэдэг нь сумын төвд очиход мэдрэгдэнэ. Зах зээлд шилжих хүнд үеийг ажралгүй давж, ард нь гарчээ. Одоо ч гэсэн малын тоогоор улсдаа тэргүүлсэн хэвээр гэнэ. Сумын засаг дарга  Натарын Сумьяадорж зангарагтай дарга нарын нэг ажээ. Олон жил сумандаа ажиллаж байгаагийн сүүлийн 10 гаруй жилд засаг даргаар ажиллаж байгаа гэнэ.

 

-Манай суманд улс төрийн хоёр нам ээлжилж сонгуульд олонхи болдог. Сумын ажлын гол үзүүлэлтүүд тогтвортой байгаа. Мал  өсөж байна, бас хүн ам ч тогтвортой өсч байгаа. Шилжилт хөдөлгөөн багассан. Аль болохоор орон нутагтаа ажлын байр олшруулан хүмүүсийн тогтвор, суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэхийг хичээж байна. Тэгтлээ улс төржөөд байдаггүй . Тэртээ тэргүй бидэнд шийдэх ёстой олон асуудал байна. Аль болохоор хүч, боломжоо нэгэтгэн сум орноо авч явах юмсан гэж хичээж байна хэмээн засаг дарга тайван, айван ярилаа. Энэ түшигтэй сайхан хүн олон залуучуудыг төрийн албанд сургаж, ах шиг, эцэг шиг ханддаг ажээ. Сумын хурлын дарга залуу миний хүүгийн чацуутан байв. Аль ч шатанд үнэхээр залуучуудын үе эхэлжээ.

 

Эрдэнэдалайн төв сайхан хөрстэй, юу ч тарьсан ургаж үндэслэхээр газар шороо юм. Харин тарьсан мод, зүлэг, бут, сөөг ховорхон харагдана. “Ногоон хэрэм” төслийн хүрээнд эхлээд сумын төв, сургууль, эмнэлгийн орчныг ногоон болгож чадвал үр дүн гарна” гэж тус сумын дунд сургуулийн захирал Ө.Ням-Осор өгүүлэв.

 

Эзэнтэй сум, суурины төвдөө мод, бут ургуулж чадахгүй байгаа бид эх захгүй говь, талд “Ногоон хэрэм” сүндэрлүүлэх юу л бол доо гэж өөрийн эрхгүй санагдаж байлаа. Ө.Ням-Осор захирал 1970-аад оны эхээр их сургууль дүүргэн нутагтаа ирснээс хойш зөвхөн сум, сургуульдаа ажиллаж байгаа, Дундговийн дунд сургуулиудын захирал нарыг ахалдаг, аргагүй л манай боловсролын салбарын “ас”-уудын нэг билээ.

 

-Намайг дунд сургуульд сурагч байхад их сургууль төгссөн сайхан залуу багш ирж байлаа. Тэр үеийн багш нар ямар олон талын авьяастай, хичнээн ч цэвэр цэмцгэр, ганган дэгжин байсан юм бэ. Манай багш ч шуурхай, шударга нь дэндсэн хүн дээ.Одоо ч ажлын хурд, санах, сэдэх нь хэвээрээ гэж Л.Дугаржав бахархан өгүүлэв. 

Эрдэндалайн сургуульд өнөөдөр 1200 хүүхэд суралцаж байна. Сургуулийн орчин сумын төвдөө л кампус юм. Сургууль юм юмтай. Цөөхөн ортой, тохилог буудал хүртэл байна. Сумын хэмжээнд сургууль завсардалт үндсэндээ зогсжээ. Сургууль мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан, сум, сургуулийн зүгээс багш нарт онцгой анхаардаг болохоор нийслэл, өөр аймгаас хүртэл хэд хэдэн багш ажиллаж байна.

 

Сургууль, хамт олны хувьд тогтсон уламжлал гэж байдаг. Энэ сургуулийнхан ахмад үеэ дээдлэн хүндэтгэж, сургуулийнхаа  түүхийг бүрдүүлэн жижиг хөөрхөн музей хүртэл байгуулжээ. “1957-1960 оны үед танай сургуулийн захирлаар Гаажидын Доржчамба гэдэг хүн ажиллаж байсан юм гэнэ лээ.  Уг нь Өмнөговийн уугуул хүн. Хүү Цолмон нь Дугараа бид хоёртой хамт манай сургуульд суралцаж байсан юм” гэж би хэрэгт дурлав. Сургуулийнхан ууган захирлуудынхаа нэг энэ эрхэм хүний тухай сайн мэддэг ажээ. “Г.Доржчамба багш 1964 онд УБДС төгсөөд Өмнөговьд багшилж байсан.  Сүүлд нь манай Өлзийт суманд ажиллаж байгаад энэ нутагтаа нойрссон доо” гэж захирал өгүүллээ.

 

Эрдэнэдалайн сургуулийнхан бидэнд авьяаслаг хүүхэд, багачуудынхаа жижигхэн концертыг сонирхуулав. Арав гаруй хүүхэд морин хуураар үнэхээр нэг наадаж өгч байна аа. Аргагүй л Дундговийнхон доо. Дэлгэрдалай гэдэг хүү сайхан шүлэг уншив. Бас өгүүллэг бичдэг ажээ. Авьяастай хүү байна. Хүний унаган авьяас ил байдаг.  Аав нь С.Дашдооровын нутаг Дэлгэрхангай сумын, ээж нь энэ нутгийн хүн учир хүүдээ ийм нэр хайрлажээ. 6 дугаар ангийн сурагч Буян-Өлзий хүү “Сэргэлэн бага нас”-ыг хадааж өгөв. Бид түүнийг “Жижигхэн Хайдав гуай” гэж өхөөрдөв. Дуулаад сурчихсан, наснаасаа олон медальтай догь эр ээ. Хүүхдүүд нь өсгөлүүн, сэргэлэн цовоо, баяр баясгалан бялхаж цалгисан ийм нэгэн сайхан сургуульд нэгэн өдрийг өнгөрөөв. Дундговийн сум бүр олон алдартантай.  Өлзийт сум хамгийн олон сайн дуучидтай, ихэнх зохиолчид Дэлгэрхангайгаас төрсөн бол харин Эрдэнэдалайнхан төрийн түшээдээрээ их бахархана. УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Р. Раш хоёр хоёулаа энэ сумынхан гэнэ. Миний машид эрхэмлэн хүндэлж явдаг Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, академич Н.Өлзийхутаг гуай маань бас энэ сумын уугуул ажээ.

 

Говийнхон хэзээнээс ажилсаг гэдэг нь ганцхан суманд бууж мордох зуур нүдэнд илхэн. Сумын төвд давхар байшин ч харагдана. Байр сав бүхэн эзэнтэй, ашиглалттай болжээ. Ойр, ойрхон байрлалтай олон жижиг сумдыг нэгэтгэн иймэрхүү хэдхэн сумтай болчихвол хаана, хаанаа их л хэрэгтэйсэн. Манайхан ярьсаар байгаад олон   он жилүүдийг өнгөрөөж юм юманд цаг хугацаа их алдах юм. 

 

Бид Дугаржавынхаа ээж Долгор гуайнд зочиллоо. Долгор гуайн аав Равданпунцаг нь энэ сумын анхны сайн малчин хүн. Би Дугаржавын гэрт түүний маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй үнэмлэхийг үзэж байснаа саналаа.  Олон   хүүхэд төрүүлж өсгөсөн энэ сайхан буурал сумын төвд том охиныхтойгоо айл ажээ.  Хүүхдүүдийн нь эцэг Дашроломын  Раднаа сумынхаа намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад олон жилийн өмнө идэр залуухан насандаа өөд болсон билээ. Дугаржав аав, ах хоёроо их ярьдаг байсан. Раднаа дарга  Намын анхан шатны байгууллагын дарга нараас бараг хамгийн анх хөдөлмөрийн баатар болох гэж байсан юм гэдэг. Сүхбаатарын одонт Раднаа даргаа одоо ч олон хүн дурсан ярьдаг. Харин сумын ахмадын хорооны байранд энэ эрхэм сайхан хүний тухай ямар ч мэдээ олж хараагүй. Он жилүүд улиран улиран одовч мартахын учиргүй учрал тохиолдол, бас хүмүүс гэж аль ч сум оронд, хамт олонд  байдаг билээ. Энэ сумын хүндтэй ахмадуудын нэг , хүний гавьяат эмч Чимэд гуайтай уулзлаа. Ганцхан суманд 40 гаруй жил ажиллаж байгаа энэ сайхан эмч ануухан, хүн зон нь хүндэлж, дээдэлсээр, эмч ч ач буянаа түгээсээр тал нутагтаа тавтай сайхан амьдарч байна.

 

Говийн илчит улаан наран өлмий дороос мандан шинэ өглөө эхэллээ. Бид шинэ өглөөг сумын төвийн өмнө орших хадаг яндар болсон их овоон дээр угтав. “Овооны их танд, олзны их бидэнд” гэж их л сүсэглэн залбирав. Том сумын юм бүхэн цаанаа л нэг зангарагтай байдаг нь энэ овооноос хүртэл мэдрэгдэнэ.  Эрдэнэдалайн төвд Говь түшээ гүний хүшуу нутгийн хамгийн том сүм, хийд төвхнөж байсан түүхтэй. Үлдсэн ганц сүмийг нь засч, өөд татжээ. 

 

Дундговийн сумууд аймгийн төвөөсөө төдийлэн холгүй юм. Миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн төвөөс ч бага, цомхон Мандалговьд дорхноо ирэв. Оюутан цагийн сайн нөхөр Жанлавын Наранцацралт  наран дор налайх нутаг усаа ширтэн зогсоно. Хүрэл хөшөөнд хувилан мөнхөрчээ. Үнэхээр нутаг амьтай, эгэлгүй энгийн хүн байсан даа. Аймгийн засаг дарга Ш.Төрбаттай хальтхан уулзаж хэдхэн үг солив. Уралын их сургуульд сурч байх үеэс нь гадарлана. Философийн анги төгссөн юмдаг. Одоо аймгийн даргын буурь сууж, эрдэм боловсрол, туршлага дадлагын хувьд илт өсөж хөгжжээ. Харин философчийн унаган мэргэжлээсээ холдсоор байгаа бололтой.

 

Цагаандэлгэр хавьд зөөлөн бороо шивэрч, аймгийн нийт нутгаар хур бороотой, их говийнхны олон жил хүлээж байгаа өгөөмөр дэлгэр зун болох төлөвтэй байлаа.

 

 

                                                                         Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ

 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:14:19
Visitors Counter