Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

ЦАГААН ШӨНИЙН ТЭНГЭР ДОР САЙХАН ЛЕНА МӨРӨН МӨНГӨН ДОЛГИОТОЙ БАЙЛАА

Цаг хугацаа яасан хурдан өнгөрнө вэ. Саха Улсын иргэний агаарын тээврийн “Якутия” компаний “Ту-154” онгоцны суудалд тухлаад хамгийн түрүүнд ингэж санагдав. “Ту-154”-гаас том онгоц, Москвагаас том нийслэлийг  мэддэггүй байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр чамгүй элэгдэж хуучирсан “Ту”  нэг л тиймхэн. “Ту”-гаар нисэлгүй зөндөө удчихжээ. 

 

Якутск хотод болох Азийн хүүхдүүдийн олон улсын спортын “Дети Азии”  наадамд оролцохоор шууд нисэж байгаа маань энэ. Манай баг 153 хүнтэй. Онгоц 154 суудалтай, тэгээд л “Ту-154” гэж нэрлэсэн хэрэг. Нэг бүтэн онгоц дүүрэн зочид. Гурван цаг гаруйхан нисээд Якутск хотод газардав. Албаны өндөр түвшинийхэн талх давс, бас айраг барин угтлаа. Энэ нутагт ирээгүй бараг гуч шахам жил болчихжээ.                   

 






















Уухайн дуутай арван дөрвөн хоног. 1990 оны их өөрчлөлтийн дараахан Якутын Бүгд Найрамдах Улс уугуул нэрээ сэргээн Саха Улс болсон билээ. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр ОХУ-д байтугай дэлхийд ч томд орно. Манайхаас хоёр дахин их буюу 3,1 сая хавтгай дөрвөлжин км нутагтай. Сая хүрэхгүй хүн амтай. Хүн амын олонхи нь якутууд. Тийм болохоор Улсын тэргүүн, ерөнхийлөгч якут хүн байх магадлалтай. Тэгээд ч анхны Ерөнхийлөгчөөрөө Михаил Ефимович Николаевыг сонгосон билээ. Хууль тогтоох байгууллагаа “Ил Түмэн”, районыг “Улус” гэж нэрлэсэн гээд бичээд байвал зөндөө их. Якут хэлний үгийн сангийн 30 шахам хувийг турк гаралтай гэж үздэг тул манай олон үг тэдний хэлэнд бий. Анхны ерөнхийлөгч үнэхээр ерөнхийлөгч шиг ажилласан юм билээ. Одоо ч ОХУ-ын Төрийн Думын гишүүн. Саяхан болтол Холбооны Улсын Дээд Зөвлөлийн дэд даргаар  ажилласан. Ерөнхийлөгч олон сайхан ажил, үйл хэрэг санаачилсны нэг нь “Дети Азии” хэмээх Азийн хүүхдүүдийн спортын наадам юм. 1996 онд болсон анхны наадмаас эхлэн манай улс оролцож байна. Анхны наадамд Тайланд, БНХАУ, Монгол Улс, БН Киргиз Улс, Каказстан, БНСУ болон ОХУ-ын Саха, БН Буриад  Улс, Тыва, Агийн Буриадын өсвөрийн тамирчид оролцож, 223 медалийн төлөө өрсөлдөж байжээ.

Манай орнуудын хувьд шилжилт эхлээд удаагүй, санхүүгийн хямрал үргэлжилж цалин мөнгөө тавихад ч хэцүү байсан үе. Гэхдээ л Ерөнхийлөгч зөвхөн өөрийн улсын хэмжээнд төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан хүүхдийн спортын наадам зохион байгуулах санаачлага гаргасныг дэмжих хүн олон байсан боловч бас эсэргүүцэгчид цөөнгүй байж. “Юу яасан спортын, бас тэгээд олон улсын” гэж бичиж, шүүмжилж байж.

“Дети Азии” энэ жижигхэн Бүгд Найрамдах Улсад юу өгсөн бэ? Юуны өмнө Оросдоо ч тийм том биш Сахаг энэ наадам олон улсын түвшинд алдаршуулж “нэрийн хуудас” нь болж чадсан байна. Улс орноо, зан заншил, уламжлал, урлаг спортоо сурталчлах, үндэсний спортынхоо төрлүүдийг хөгжүүлэх үнэхээр оновчтой хэлбэр юм.

       

 

 

 

Хүүхэд, өсвөр үеийнхний спортын 55 сургууль байгуулагдаж, маш олон ордон, спортын зал, танхим, бүхэл бүтэн цэнгэлдэх хүрээлэн хүртэл барьж, биеийн тамир, спортын салбар материаллаг баазын хувьд үнэхээр хувьсгал хийжээ. “Дети Азии” нэрийн дор болсон таван удаагийн их наадам зарлагаасаа орлого ихтэй, бас үл хөдлөх хөрөнгө үлдсэнээрээ үнэнхүү онцлогтой.

Нэгэнт олон улсын арга хэмжээ болж, Олон Улсын Олимпийн хороо, Азийн спортын зөвлөл, ЮНЕСКО ивээлдээ авч Москва талархан дэмжиж, хөрөнгө оруулалт хийж байгаа  тул олны анхаарлын төвд орж чаджээ. Анхны наадмыг Саха БНУ-ын “Хүүхдийн төлөө сан” санхүүжүүлж 6 сая рубль зарж байжээ. Энэхүү сангийн захирлаар ажиллаж байсан, Якутын ахмад дипломатч Анастасия Николаевна Божедонова гуай “ Санхүүгийн маш их бэрхшээлтэй байсан боловч анхны ерөнхийлөгчийн үүргийг биелүүлж манай сан санхүүжүүлсэн. Наадмын дараа тоглолт, тэмцээнд хэрэглэсэн спортын бүх хэрэгслэл, материалыг спортын сургууль, клубүүдэд эзэмшүүлж өгсөн нь олон нийтэд таалагдаж тэдний дэмжлэгийг авсан. Одоо бол манай ихэнх аж ахуйн нэгж, томоохон компаниуд ивээн тэтгэгч болсон. Ихээхэн хөрөнгө зардаг нь үнэн. Тэгэхдээ үр дүнг нь зөвхөн мөнгөөр хэмжиж хараахан болохгүй. Сахагийн БНУ-ын залуучууд    эрүүл чийрэг, бие бялдарын хувьд давуу хөгжилтэй,  зөв хүмүүжил, төлөвшилтэй болж байна. Энэ бол яах аргагүй энэ бага олимпийн үр дүн” гэж ярилаа. Манайх ч бас хүүхдийн төлөө сантай байсан бөгөөд Анастасия Ивановна Цеденбал-Филатова гуайн дараа тэгсхийгээд мартагдсан. Маш ихийг хийж бүтээж үнэхээр олон нийтийг хөдөлгөж чаддаг байгууллага байж билээ.

Наадмын бэлтгэл болон зохион байгуулах ажилд Якутын бүх л байгууллага оролцох юм. Одоо бол тэд олон улсын ямар ч арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж нэгэнт сурчээ. Хүүхдүүд, тэдний багш дасгалжуулагчид төдийгүй төрийн бүх  шатны байгууллагууд, тэдгээрийн ажилтнуудын хувьд том сургууль болсон нь үүнээс харагдана.

Саха БНУ бүтэн жилийн турш бэлтгэж, хот, хөдөөгүй хөдөлгөөнд ордог ажээ. Якутск хот цэвэр цэмцгэр гэдэг жигтэйхэн. Орост түгээмэл байдаг жижигхэн саарал хот байсан бол одоо өнгө алагласан үзэсгэлэнтэй, цэмцгэр сайхан нийслэл болж өргөжин тэлжээ. 

 

 

 

Мөнөөх “муу нэртэй, луу данстай” Кавказынхныг эс тооцвол тэнд ууж идсэн, хараал зүхэл урсгасан нэг ч хүн алга. Хүүхдийн наадмын өдрүүдэд маш хатуу дэглэм тогтоосон нь алхам тутамд харагдана. Үндэсний гар урчууд, зураачид, гэрэл зурагчид бүтээлээ зарж, дэлгүүр лангуу дүүрэн хүнтэй, галт тэрэг, онгоц төдийгүй такси хүртэл зав чөлөөгүй ажиллаж,  хөдөөгийн хот, тосгодоос хүмүүс цувж, “мөнгө тасралтгүй эргэж” байгаагаараа хэн хүний амьдралд тус дэм болдогийг тэмдэглэхгүй өнгөрөөж болохгүй.                                                                                                                 

Спортын наадамд Ази, Номхон далайн  27 орны тамирчид оролцов. Бас Урал, Сибирь, Алс Дорнодын гэсэн Холбооны гурван тойрог, Сахагийн 2 баг, Москвагийн багийн  гээд нийт 3000 шахам өсвөрийн тамирчид оролцлоо. 101 тамирчин, 23 дасгалжуулагч, 6 шүүгчийн бүрэлдэхүүнтэй манай баг хамгийн том баг байлаа. Казакстан 134, Киргизстан 81, Тажикстан 93, Кувайт 122 хүнтэй, хамгийн цөөн нь Оман, Малайз, Бутан, Малдив зэрэг орнууд 3-5 тамирчинтай иржээ. Тэмцээн Якутск, Мирный, Нерюнгри гэсэн гурван хотын спортын 15 цэнгэлдэх хүрээлэн, ордонд болсон юм.

 

         

 

 

          

 

 

Өмнөх наадамд гадаадын 14 орон, ОХУ-ын 24 бүгд найрамдах улс, муж, хязгаарын тамирчид оролцож байсантай харьцуулахад тоо, чанарын хувьд үнэхээр цоо шинэ түвшинд хүрчээ.

Манай баг, тамирчид маш сайн зохион байгуулалттай, өндөр зорилт, хүсэл эрмэлзлэлтэй оролцож 9 алт, 9 мөнгө, 24 хүрэл медаль хүртэж, Сахагийн 1-р баг, Казакстаны дараа 3 дугаар байр эзлэв. Гар, сагс болон хөл бөмбөг гэсэн багийн тоглолттой төрлийг эс тооцвол хүүхдүүд маань үнэхээр олны анхаарлын төвд байж гялалзсан амжилт үзүүллээ. Ялж дийлэхийн баяр бахдалын зэрэгцээ ялагдал гэдэг хэдхэн хором, ганцхан алхмаар хэмжигдэх маш эмзэг зүйл байдгийг хожуу насанд ухаарав.      

 

  

                                                                                                                                                                                                                                      

Спортоос хол хөндий миний хувьд тамирчдын амьдрал, ертөнц гэдэг үнэхээр өвөрмөц сонин ажээ. Олуулаа болохоор дэмжигчид ч хүрэлцээтэй. 14 хоногийн туршид уухайн дуу тасарсангүй. “Монгол”, “Уухай” гэсэн Монголчуудын уриа, дуу хоолой  ямар ч танхимд хамгийн содон нь байлаа.

 

 

 

Сэтгэл хөдөлгөсөн олон сайхан амжилт, ялалт манай өсвөрийн тамирчдыг улам ч ойртуулан нягтруулсан. Өнөөдрийн олимпийн аваргууд маань өчигдөрхөн Сахагийн дэвжээнд ялж, ялагдаж явсан юм билээ. Ингээд бодохоор манай 100 хүүхдийн дунд хэдэн ч тив, дэлхий, олимпийн аварга яваа юм билээ гэж бодохоор уярахгүй, бахдан баярлахгүй байхын аргагүй. 

Якутын гурван ерөнхийлөгч хийгээд улс төр.  Сахагийн гурван ерөнхийлөгчийн хамтдаа авахуулсан сайхан зураг хаа зайгүй тааралдах юм. Анхны ерөнхийлөгч энэхүү хүүхдийн спортын наадмаас гадна маш олон зүйлийг санаачлан зохион байгуулжээ. Төрсөн нутагтаа үндэсний зоопарк байгуулсныг сонирхов. Үнэхээр олны хөлийн газар болжээ. Үзэсгэлэнт тогос шувуу, хоёр бөхтэй тэмээ, ямаанаас эхлээд тайга, тундрын баавгай, ирвэс, шувууд, загас жараахай, могой гээд амьтны аймгийн бүхий л төлөөлөл байна.

 

 

  

 

 

 

Михаил Николаев гуай Якутын Хангалас улусын хүн. Би тэртээх 80-аад оны эхээр Хөдөө аж ахуйн сайд байх үеэс нь мэднэ. Төрсөн тосгоныхоо хажууханд “Хөгжмийн дээд сургууль” байгуулжээ. Хичээлийн байр, багш оюутны орон сууцыг Канадын хөрөнгө оруулалтаар барьсан тул “Канад тосгон” гэх юм. Байгалийн тансаг сайхантай  уран барилга зохицон жигдрээд энд хөгжмийн сургуулийн оюутнууд суралцан төгөлдөр хуур дуурьсан, хийл эгшиглэж байдаг гээд бод доо. Тансаг бүхнийг нэгэн дор цогцлуулж чадсан байгаа биз.  Хэл амтай сөрөг хүчнийхэн “Өөрийн нутагтаа их хөрөнгө оруулалт хийлээ” гэж шүүмжилж, чичилж байсан боловч одоо нэгэнт үнэн ялж, хийсэн бүтээсэн бүхэн дэвжин хөгжиж байна.

Энэ он жилүүдэд манайх  дөрвөн ч Ерөнхийлөгчийн нүүр үзэв. Хэн нь чухам юу үлдээсэн билээ, бид тэдэндээ, тэд бие биедээ хэрхэн яаж ханддаг билээ  гээд бодохоор санаа сэтгэлд олигтой  юм орж ирсэнгүй.

Харин хоёрдахь Ерөнхийлөгч Вячеслав Штыровын тухайд бол тэрбээр маш зангарагтай удирдагч. Якутын алдарт “Алроса” компаний ерөнхий захирал байсан хүн. “Алроса” нь алмаз, Россия, Саха гэсэн гурван үгийн товчлол. Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, нефть боловсруулах үйлдвэр барьж, нүүрсний олборлолтыг хэд дахин нэмэгдүүлж, төмөр замыг эрс уртасгажээ.

Харин гуравдахь Ерөнхиийлөгч Егор Борисов гуай хөдөө аж ахуйн хүн. Хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын даргын орлогч, арваад жил Засгийн газрын даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгч болжээ. Өмнөх хоёр ерөнхийлөгчийнхөө санаачлага, эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлж байна. Аж ахуйн хүн болохоор аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн зохистой харьцааг хадгалан жигд хөгжүүлэхийг чухалчилж байна. Энгийн, даруухан, хэнтэй ч үг хэлээ амархан ололцдог энэ удирдагч олон түмнийхээ дунд өндөр нэр хүндтэй, тэгээд ч танихгүй хүн, мэдэхгүй тосгон суурин бараг байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй гэнэ.

Путины засаглалаас хойш Ерөнхийлөгчийг Кремль томилдог болсон тул сүүлийн хоёр ерөнхийлөгч нь томилолтын ерөнхийлөгчид юм. Харин “Ил түмэн” нэртэй парламентыг хувь тэнцүүлэх зарчмаар сонгодог. Одоо “Нэгдмэл Орос орон” нам олонхи, мөнхийн сөрөг хүчин гэгддэг Оросын Коммунист Нам 20 гаруй хувийн суудалтай. “Ил түмэн”-ны депутатуудын гуравны нэг нь орон тооны, байнгын хэд хэдэн хороотой. Орон тооны бус депутатууд жилдээ хоёр цуглаж чуулдаг ажээ. Ардчилал хумигдмал, ихэнх хүмүүс томилогддог тул улс төрийн намууд оролцоо багатай, харин нутгархах үзэл давамгайлж байдаг бололтой. “Түүний хүн, тэр улусын/район/ хүн” гэж ярилцах нь илүүтэй юм. Сайнтай муутай ч харин бид энэ талаар хамаагүй түрүүнд яваа юм байна. Засаг захиргаа нь үнэхээр нүсэр бүтэцтэй юм. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Засгийн газрын дарга, түүний арав шахам орлогч, тэгээд хичнээн ч яам, агентлагтай юм бэ, өөрсдөө хүртэл будилах юм. Лав Боловсролын, Мэргэжлийн боловсролын гэсэн хоёр яам байна. Зөвхөн холбооны улсуудын болон гадаад харилцаа хариуцсан яам нь гурван орлогч сайдтай.

Эгэл жирийн хүмүүс, залуу цагийнхаа анд нөхөдтэй уулзан ярилцахад олон талаар хязгаарлагдмал, засаг захиргааны хэт төвлөрсөн хатуу дэглэм тогтсонд сэтгэл дундуур, бухимдалтай байдаг нь илт.

Орос оронд ардчилал, шинэчлэлийн маш хүчтэй шинэ давалгаа түрхрэн орж ирж мэдэх юм. Гэвч энэ бол зөвхөн тэдний хэрэг билээ. Хойт хөрш маань амгалан тайван, ая эвтэй байвал манай орны хувьд давуу тал болдог. 

 

Комсомолын дөрвөн Саша. Дээд байгууллагуудын шийдвэрээр 1972 оноос эхлэн Зөвлөлт Холбоот Улсын Бүгд найрамдах улс, мужууд, манай улсын аймаг, хотуудын хооронд шууд харилцаа тогтоосон билээ. Якутын БНУ Говь-Алтай, Баянхонгор аймгуудтай шууд харьцдаг байв. Харилцан зочилж, тэр үеийнхний хэллэгээр туршлага судалдаг байлаа. Би Говь-Алтай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 6 жил ажилласан билээ. Энэ хугацаанд Мужийн комсомолын хорооны 3 удаагийн төлөөлөгчдийг хүлээн авч, өөрөө хоёр ч удаа зочилж, Якутын соёлын өдрүүд Монголд, Говь-Алтай аймгийн соёлын өдрүүд Якутад болж байв.

Залуу цагийн анд нөхөд маань нийгмийн их өөрчлөлт, шинэчлэлтийн энэ он жилүүдэд хэрхэн яаж ажиллаж амьдарч байгаа нь зөвхөн надад төдийгүй бидний үе тэнгийнхэнд сонин байх нь мэдээж. Мужийн Комсомолын хорооны нарийн бичгийн дарга нар цөмөөрөө “Александр-Саша” нар байсан билээ.

Нэгдүгээр нарийн бичгийн дарга Александр Акимов Москвад нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж бид олон уулзсан. Бүгд Нарйамдах Улсынхаа дэд ерөнхийлөгч, Засгийн Газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан. Одоо Засгийн Газрын орлогч дарга, Москва дахь Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байна. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. Аргагүй л нэгдүгээр дарга даа. Түүнийг улсынхаа нэгдүгээр хүн болно гэсэн хүлээлт байсан юм.

Хоёрдугаар нарийн бичгийн дарга Александр Власов Засгийн газрын нийгмийн асуудал харуцсан орлогч даргаар ажиллаж байна. Том ч дарга болж, “их зантай”, цэмцгэр гэдэг ч жигтэйхэн. Угийн даргархуу, ая эвийг олж зохицохдоо сайн  хүн.

Нарийн бичгийн дарга Александр Мигалкин Нийгмийн ухааны академид эрдмийн зэрэг хамгаалсан. 1991 оноос эхлэн БНУ-ынхаа гадаад харилцааны салбарт ажилласан. АНУ-ын Аляскад “Северный форум” олон улсын байгууллагад БНУ-ынхаа төлөөлөгчөөр ажиллаж байсан. Саха БНУ-ын Гадаад харилцааны сайдаар 7 жил ажиллаад манай Эрдэнэт хотод ОХУ-ын Ерөнхий консулаар томилогдож ирсэн билээ. Олон ч монгол анд нөхөдтэй. Үнэхээр монголчуудад элэгтэй хүн. Нөхөрсөг, энгийн, хүнлэг нь бараг дэндсэн хүн. Ах дүү арвуулаа. Дүү Афанасий нь  Сахагийн Холбооны улс хоорондын харилцаа хариуцсан сайдаар ажиллаж байсан. Ах Иван Мигалкин Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн, яруу найрагч. 30 шахам ном бичжээ.  БНУ-ынхаа зохиолчдын байгууллагыг толгойлж байна.

Александр Васильевич одоо “Сахаэнерго” компаний Ерөнхий захирлын зөвлөх, Якутын их сургуулийн олон улс судлалын тэнхмийн эрхлэгчээр хавсран ажиллаж байна.

Нарийн бичгийн дарга Александр Гаврильев Коммунист намын удирдагч,   “Ил түмэн” дахь тус намын бүлгийн дарга. Нөхөд нь “Манай сөрөг хүчний удирдагч, байнгын шүүмжлэгч, мөнхийн депутат” гэж хошигнож байв. Тасралтгүй 22 жил депутатаар сонгогдон ажиллаж байна. Хөнгөн шингэн, нөхөрсөг, идэр залуу цагийн зангаараа ажээ. Харин цав цагаан толгойтой болж.

                    

                                        

 

Комсомол хэмээх алдарт байгууллага зохион байгуулах, хүнтэй ажиллах, байнга шинийг санаачлагч, удирдагч, манлайлагч байх чадвар олгодог, амьдралын их сургууль байсан нь дөрвөн Сашагийн намтрын хуудаснаас тод томруун харагдана. Цаг хугацаа гэдэг үнэхээр хэн нь хэн бэ гэдгийг тодруулж, алив бүхнийг байр байранд нь тавьж чаддаг ер бусын хүчирхэг эд ажээ. 

Настя эгч. 1996 онд Хүүхдийн спортын анхны  наадмын өмнөхөн Гадаад харилцааны сайд А.В.Мигалкин хамт олноо цуглуулан мэдээлэл хийхдээ Монгол Улсын тухай онцгойлон ярьжээ. Тэгээд “Монгол Улсын баг, тамирчдыг хэн хариуцах вэ? Би та нарыг чин сэтгэлээсээ хандаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл тэд бидэнтэй зүс царайгаар тун адилхан төдийгүй, удам угсаа нэгтэй ах дүүс маань шүү” гээд санал асуужээ. Энэ үеэс эхлэн манай улсын баг, тамирчдыг Анастасия Николаевна Богданова хариуцаж байна. Яамныхаа тамгын хэлтсийн даргаар ажилладаг, ажил хэрэгч эмэгтэй. Улс төр судлалын доктор. Албан ёсны төлөөлөгчид, тамирчид, дасгалжуулагчид гээд оролцогчдод зориулсан маш нарийн хөтөлбөртэй, бүх арга хэмжээг бараг минутын зөрүүгүй яг таг зохион байгуулдаг, эгэл жирийн, даруухан бүсгүй. Монголчуудад юу хэрэгтэйг арван хуруу шигээ мэддэг хүнлэг, сайхан сэтгэлтэй энэ бүсгүйн   санаачлагаар төлөвлөсөн хөтөлбөр хэн хүний сэтгэлд нийцдэг ажээ. Угтахаас үдэх хүртлэх 15 хоногийн хугацаанд Настя биднээс алхам ч холдоогүй.

Энэ жил манай улсын багийн түнш нь  Орон сууц, нийтийн аж ахуйн яам, Орон сууц, ахуйн үйлчилгээний компани байв. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг, сайн дурынхан гээд 20 шахам хүн бүх асуудлыг хариуцан зохицуулж, орон байр, хоол, эрүүл мэнд, ахуйн иж бүрэн үйлчилгээ үзүүлж халамж, анхаарал тавив.

Спортын наадмын 3000 шахам тамирчид багш, дасгалжуулагч нарынхаа хамт Якутын улсын их сургуулийн оюутны хотхонд байрласан юм. Оюутны хотхон энэ арга хэмжээний үеэр “Олимпийн тосгон” болдог. Ийм ч зориулалтаар байгуулжээ. Дөрвөн жил тутам урсгал засвар, тохижилт хийдэг ажээ. Байрлал, зохион байгуулалт нь нэн зохистой. Багануурт баригдах их сургуулиудын хотхоны зураг, төслийг боловсруулахдаа анхаарч санаа аваасай билээ гэж бодогдож байлаа. Хойт, урьд хоёр хөршөөсөө эхлээд суралцахад илүүдэхгүй. Том орон, гүрэн улс гэдэг цаанаа л нэг өөр байдаг даа.   

Нутгаа санасан сэтгэл. 7 дугаар сарын 11-ний өдөр манай улсын үндэсний баярт зориулсан бага наадам болов. Спортын наадмын зохион байгуулах хорооны дарга, Саха БНУ-ын дэд ерөнхийлөгч Дмитрий Глушко баяр хүргэлээ. Морин хуур эгшиглэж, уртын дуу уянгалж  монгол наадмын шинж төрх дорхноо бүрдэв. Тамирчин хүүхдүүд ч их авьяастай юм.

Якутск хотод 24 дахь жилдээ ажиллаж, амьдарч байгаа хөгжмийн багш Хүүхээгийн Балдорж нутаг нэгтнүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, ая эгшиг өргөв. Х.Балдоржийн тоглосон аялгуу түүний нутаг усаа санасан сэтгэлийн торгон мэдрэмж байлаа. Хөгжмийн хэл гэдэг хүний хэлээс илүүтэй сэтгэлийн чавхдасыг хөнддөг ажээ. 1988 онд БНМАУ-ын Соёлын Яамны томилолтоор Якут Улсад ажиллахаар ирсэн хөгжмийн багш залуу эдүгээ тус улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, өргөн олны өндөр хүндэтгэлт багш болжээ. Ер нь Саха нутагт манай 10 гаруй иргэн байнга оршин суудаг юм байна. Ихэвчлэн хүргэчүүл ажээ. Бас түр болон удаан хугацаагаар ажиллагсад, оюутан залуучууд гээд иргэд хоорондын харилцаа  өмнөх үеэс өргөжин тэлжээ. Эдийн засаг, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг ч хөгжиж байна. “Хоёр улс өргөмжит консул харилцан суулгамаар байна” гэсэн үг яриа ч дуулдаж байлаа. Одоохондоо “Ардын дипломат”-ын үүргийг аль аль талд “хүргэн, бэрүүд” гүйцэтгэж байгаа юм байна.

Алдарт аварга Павел Пинигин.  Бүгд Найрамдах Саха Улс олимпийн гурван аваргатай. Алдарт бөх Тимир Пинигин /1956 оны олимпийн аварга/,    Роман Дмитриев/1972 оны олимпийн аварга/,Павел Пинигин  гурав. 1976 онд Павел Пинигинтэй цуг Александр Иванов олимпийн мөнгөн медаль хүртсэн.             

 

 

 

Нутаг нэгтнүүд төдийгүй бидний үеийнхний бахархал, бараг домог болсон аваргууд. Алс хязгаарын жижигхэн бүгд найрамдах улсаас бидэнтэй зүс царай, нуруу туруу ижилхэн олимпийн гурвын гурван аварга төрсөн нь бидэнд гэнэн цагаахан атаархал төрүүлдэг байсан нь нууц биш. Роман Дмитриев бурханы харьяат болж, харин Павел Павлович Пинигин спортын сургалтын үндэсний төвийн захирлаар ажиллаж байна. “Дети Азии” наадмыг санаачлан зохион байгуулсан нь алдарт гурван аваргатай холбоотой нь мэдээж. Спорт цөөхөн хүн амтай энэ Бүгд найрамдах Улсыг дэлхийд таниулсан.

П.П.Пинигин   Монреальд  чөлөөт бөхийн 68 кг-ийн жинд олимпийн аварга болсон билээ. 1973 оноос түүний нэр цуурайтаж эхэлжээ. 1973 онд Тбилисст болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, АНУ-д болсон дэлхийн цомын аварга, Москвад болсон дэлхийн универсиадад хүрэл медаль, 1974 онд ЗХУ-ын аваргын мөнгөн медаль, Тегераны олон улсын турнирын мөнгөн медаль, 1975 онд Тбилисид болсон олон улсын турнирын алтан медаль, ЗХУ-ын бүх ард түмний спартакиадын алтан медаль, Европын аварга, мөн онд дэлхийн аварга, 1976 онд олимпийн аварга, 1977 онд Дэлхийн аварга, 1978 онд ЗХУ-ын аваргын мөнгөн медаль, Дэлхийн аварга, 1979 онд ЗХУ-ын аваргын мөнгөн медаль,  Дэлхийн цомын аварга, 1980 онд  ЗХУ-ын аваргын мөнгөн медаль, олон улсын турнирын аварга, Москвагийн олимпийн 4-р байрын шагналт, 1983 онд ЗХУ-ын зэвсэгт хүчний аварга, 1993 онд ахмад бөхчүүдийн дэлхийн аварга. Үнэнхүү гайхалтай амжилт. ЗХУ-ын Дотоод хэргийн академи төгссөн, цагдаагийн хурандаа цолтой.

Олимпийн аварга ямагт олимпийн аварга байдаг ажээ. Энэ удаагийн Азийн хүүхдийн спортын наадамд олимпийн 10 гаруй аварга ирсэн байлаа.

Аваргын өндөр нэр хүндийг цаашид яаж, хэрхэн “ашиглахаа” бас эртнээс боддог бололтой. Бид ч гэсэн аваргуудаа одооноос их амьдралд бэлтгэж, боловсрол эзэмшүүлж, зөв залмаар юм шиг санагдсан. Павел Пинигин “Дети Азии” наадмын ерөнхий шүүгч ажээ.

Олимпийн аваргын гэргий Мария Жумабаевна Пинигина-Кульчунова Сеүлийн олимпийн аварга. Хөнгөн атлетик-гүйлтийн домогт тамирчин.

 

 

 

Дэлхий, Европ, ЗХУ болон Украйны дээд амжилтыг удаа дараа шинэчлэн тогтоосон. 1988 онд Сеүлийн олимпид 4х400 метрийн буухиа гүйлтэд 3,15,17 минутын амжилт тогтоосон нь Гиннесийн номонд бичигджээ. Олимпийн хоёр аварга гурван сайхан хүүтэй. Киргиз үндэстэн энэ гайхамшигт эмэгтэй нөхөр, хүүхдүүдийн хамт Якутск хотод амьдарч байна.

“Дети Азии” наадмын үеэр үүдэндээ гурван аваргынхаа хөшөөтэй бөхийн өргөөний нээлт хийв. “Өөрөө өөрийнхөө хөшөөний нээлт хийж тууз хайчиллаа. Амьдралд сонин учрал олон тохиолдох юм” гэж Павел Павлович ярилцлага өгсөн байлаа. Якутын жирийн иргэд хүртэл энэ үеийн манай бөхчүүдийг маш сайн мэдэх юм. “Зэвэгийн Ойдовт мэнд хүргээрэй”, “Дүвчин, Даваажав  бид гурав Зүүнбаянд цэргийн алба хамт хаасан” гэж ярих хүн хүртэл тааралдав.

Алдарт охид, хөвгүүд нь нутаг усаа дуурсган, нутаг ус нь алдарт хүүхдүүддээ овог нь болж энэ дэлхий даяар алдаршдаг ажээ.

Сайхан Лена мөрөн. Үүнийг өгүүлэгч миний бие 1984 оны зургаадугаар сард Якутад анх ирж билээ. Олон ч газар очсон, урт зам туулсан. Лена мөрнийг анх гаталж, үндэсний баяр, наадамд оролцож, дуулж бүжиглэж, найрамдал-догордохуу хэмээн уриа лоозон хашгирч, найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж явлаа.  Тэр үеийн ЗХУ, нам, комсомол бүгд үгүй болжээ. Харин Лена мөрөн л урьдын адил мэлтэлзэн урсаж, хүн зон, нүүрс, мод гээд олон янзын ачаа  тээвэрлэсэн хөлөг онгоцнууд намуухан хөвж явна. 

 

    

 

    

Монгол, Казакстан, Киргистан, Индонезийн төлөөлөгчид Засгийн газрын дэд дарга А.В.Власовын хамт 12 хүний суудалтай хөлгөөр алдарт Ленскийн хадан цохио хүртэл аялав. Аялал, жуучлалын хэд хэдэн маршруттай юм. Бидний энэ аялал өдөртөө багтдаг, хамгийн хурдан аялал нь байлаа. Лена мөрнөөр 3-10 хоног, хамгийн урт нь хойт туйлын Тикси боомт хүртэл аялдаг ажээ. 4400 км урт, 67 сая жилийн түүхтэй энэ дөлгөөн мөрөн өргөн газраа 25-40 км. Усан тээврийн гол зам. Бас 50 төрлийн загастай гээд бодохоор аргагүй л амьдрал тээсэн мөрөн.

Нэгэн цагт төв Азийн өргөн уудам нутагт амьдарч байсан олон овог, аймгийн нэг нь энэ мөрний хөвөө даган амьдарсаар суурьшсан гэж үздэг, үнэхээр монголчуудтай олон шижмээр холбоотой ард түмэн.

Олон жилийн тэртээ бичиж, Монгол Улсын хөгжмийн нэрт зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Норсонжав ая данг нь зохиосон “Сайхан Лена” дуу маань ийм шүлэгтэй билээ.                                    

 

САЙХАН ЛЕНА

Цагаан шөнийн тэнгэр дор

Мөнгөн долгиотой Лена

Цаатан удмын андуудад минь

Мэндийг тээсэн Лена

 

Туйлын Тундрийг зорьсон

Тунамал цэнхэр Лена

Амгалан дөлгөөн урсгалдаа

Амьдрал тээсэн Лена

 

Сайхан хөвөөнд нь төрсөн бүхэн

Салахын аргагүй Лена

Салаад явахын нэгэн цагт

Мартахын аргагүй Лена

 

Холын цэнхэр энэ хязгаар нутагт ирэх бүрт онцгой содон мэдрэмж төрж, эрт эдүгээг эргэцүүлэн бодохоос аргагүй болдог. Эзэн Чингис хааны ээж Өэлүн эхийн уугуул нутаг гэж ярьж, бичдэг түүхчид, зохиолчид хүртэл бий. Юутай ч элгэн садан мэт санагддаг нь яах аргагүй үнэн.

Дуу хуур, баяр хөөр, ялалт,ялагдал цөм бүрэн хэдхэн хоног ард үлдэж, бидний монголчууд эх орноо зорин нислээ. Дурсамж, дурьдатгалын алаг цэцэг мэт Якутск хот цагаан шөнийн тэнгэр дор, дөлгөөн их мөрнийхөө хөвөөнд ёстой л  “алчуур мэт даллан” үлдлээ.

      

 

 

Сэтгүүлч Вандангийн АЛЗАХГҮЙ

          Улаанбаатар-Якутск-Улаанбаатар

          2012 оны зун цаг

 

                               

 

 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:16:43
Visitors Counter