Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

АРСЛАН ЧИГ ХОТЫН УРЧУУДААР …

“Алтан чиг, мөнгөн чиг хоёр бугуйвчийг

 

Арслан хотын урчуудаар сийлүүлсиимаа” гэж намайг мэдээ орохын үед л нутгийн эгч нар дуулдаг байсан. Өмнө нь хичнээн ч жил дуулсан юм билээ, он цагийг нь тогтоохын аргагүй.  Дуу түүх өгүүлж, түүх дуу болон мөнхөрч олон олон он жилүүдийг элээдэг ажгуу. Дуунд дурьдаж буй Арслан хот нь эдүгээ цагийн Сингапур юм гэдэг. Өнгөрсөн жилийн мөн үед бид Тив-Улс буюу Австрали улсад туршлага судалж, сургалтад оролцсон. Тэр тухай би “Бөөрөнхий бөмбөрцөгийн бүслүүрийн тэртээх нутагт” гэж гарчиглан аян замын тэмдэглэл бичсэн билээ. Харин энэ удаад Сингапур хэмээх хот-улсад зорчив. “Синга” гэдэг үг нь арслан гэсэн нэрээс, харин пур нь порт гэсэн үг сунжиран олон хэл дамжсаар үүссэн үг гэж тайлбарлахыг сонсов. Малайзын урьд үзүүрийн жижиг арал дээр орших энэ хот-улс уртаараа 48 км, өргөнөөрөө 22 км нутаг дэвсгэртэй. Бас тавь шахам жижиг арлуудтай, 5 сая ам бүлийн 3.8 сая нь ганц хотдоо амьдардаг өвөрмөц онцлогтой. Хэдийгээр монголчууд   “арслан хотын урчуудын” тухай дуулдаг байсан боловч Сингапур улс бидний хувьд олон он жилүүдийн туршид хаалттай ертөнц байсан билээ. Харин одоо манай улсын   нэг мянга орчим иргэд ажиллаж, сурч амьдарч байгаа тухай ЭСЯ-ны консул Д.Батсайхан ярилаа.

 

 500 орчим иргэд ямар нэгэн сургууль, ихэвчлэн хэлний курст суралцдаг гэнэ. 1963 онд Малайзын Холбооны Улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносон боловч маш богинохон хугацаанд Азийн бар улсуудын нэг болж чадсан энэ улс  иргэдийн нь амьдрал жигд сайжирсан, өндөр хөгжилтэй цөөхөн орны нэг билээ. Ашигт малтмал, уул уурхай, газрын баялаггүй, хөдөө аж ахуйн нэг ч чиглэлийн үйлдвэрлэл, салбаргүй, маш бага газар нутагтай энэ орон үсрэнгүй хөгжсөн түүхээ зөв бодлого, төрийн хүчтэй зохицуулалт, зохион байгуулалттай холбон тайлбарладаг.

 

Хэдэн жилийн өмнө энэ улсыг үндэслэн байгуулагчдын нэг Лее абугайн бичсэн сайхан номыг уншиж байснаа сая бас сэргээн санав. Тэрбээр энэ жил 87 насыг зооглож байгаа, эрүүл энх, тусгаар улсынхаа хойморт сууж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн хэвээр байгаа гэнэ.

 

Төр, засгийн түвшинд уулзаж ярилцав. БСШУЯ-ны ажлын хэсэгт Улсын Их Хурлын эрхэм гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин оролцон ажилласан юм. Манай Элчин сайдын яамныхан уйгагүй хөөцөлдсөний ач тусаар Эрхэм гишүүнийг болон биднийг Сингапурын парламентын гишүүн хатагтай Жозефин Тэо, ноён Онг Киан Мин нар  хүлээн авч уулзав. Аль ч улсын төрийн алба өөрийн дэг жаягтай. Парламент, Засгийн газрын гишүүдтэй уулзах уулзалт, арга хэмжээний төлөвлөгөө тухайн жилийн эхэнд сар, өдөр, цагаар төлөвлөгддөг тул гэнэт тавьсан асуудлуудыг зохицуулах гэж ЭСЯ-ны 2-3 ажилтан их цаг хугацаа зарцуулах шаардлагатай болдогийг энэ ялдамд цухас дурьдая. Очсон улс, орон бүхэнд ийм яриа дуулдаж байх юм. Парламентын ордоны харуул хамгаалалт хатуу чанд, цаг хугацааг хором бүрээр тооцдог, тохи тухын хувьд ярих юм алга. Парламент ард түмнээр сонгогддог 84 гишүүнтэй, бас салбар бүрийг төлөөлсөн ард түмний элч гэсэн зөвлөх эрхтэй 9 гишүүнтэй ажээ. Тэд онцгой чухал асуудал хэлэлцэх үед  чуулганд оролцож олон түмний санал, бодлыг илэрхийлдэг гэнэ. Засгийн газрын гишүүн заавал Парламентын гишүүн байна. Парламентын гишүүд бидэнд төрөөс боловсрол, шинжлэх ухааны талаар баримталдаг бодлогын талаар товч мэдээлэл өгөв. Сингапурын боловсролын гол түлхүүр нь хоёр хэлтэй боловсролын бодлого, суурь боловсрол дээр тулгуурласан хувь хүний чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалт, бүх шатны сургуулийн багшийн чанар, мэдээлэл, харилцааны өндөр технологийг сургалтад бүрэн ашиглаж байгаагийн үр дүн гэж тодорхойлов. Сургуулиуд эцэг эх ба нийгэмтэй хамтран ажиллахыг чухалчилдаг. Хоёр хэлтэй боловсролын бодлого нь юуны өмнө өрнө, дорнын соёлыг англи хэлээр суурилж, эх хэлээ давхар сурах явдал юм. Эх хэлд хятад, малай болон тамил хэл ордог бөгөөд сурагчид бага ангиас эх хэлийг өөрөө сонгон үздэг. Тэрбум давсан хүн амтай БНХАУ, Энэтхэгийн төрөлх хэлийг төгс сайн сурах нь англи хэлнээс дутахгүй ач холбогдолтой юм. Суурь боловсрол олгохдоо хувь хүний чадварыг нээн хөгжүүлэх, бүтээлч, өөртөө итгэлтэй, шаргуу, хичээнгүй болгон төлөвшүүлэхэд онцгой анхаардаг ажээ. Хүмүүжил, төлөвшлийн асуудал сургалтын үйл ажиллагаатай нэг түвшинд яригдаж байгаа нь анхаарал татав. Суурь боловсролын сургалтын хөтөлбөрт урлаг, спортын чиглэлийн хичээлүүд чухал байр суурь эзэлдэг, энэ мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд төрөөс онцгой анхаарал тавьдаг юм байна. Ая дуу, хөгжим бүжиг, спортод ойрхон өсгөх нь хүний зөв хүмүүжлийн үндсэн болдог гэж бид оюутан байх үедээ судалсан  сурган, сэтгэл судлалын хичээлүүдийн гол философийг олон жилийн дараа бөмбөрцөгийн бүслүүр орчмын өндөр хөгжилтэй, дэлхийн зургаа дахь баян оронд сонсоход сонин, содон байлаа.    Парламентын гишүүд бидний сонирхсон асуултад илэн далангүй хариулж төлөвлөснөөс илүү цаг хугацааг зарцуулав.

 

Бүгд Найрамдах Сингапур Улсын үндсэн хуульд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон, парламентын засаглалтай БНУ. Улс төрийн амьдралын хөтөч нь 1959 оноос хойших бүх сонгуульд тасралтгүй ялалт байгуулсан Ардын Үйлийн Нам /Peoples Action Party/ юм.

 

Тус нам Парламентад 2-оос бусад бүх суудлыг эзэлж байгаа ажээ. “Парламентын гишүүд их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажилладаг уу” гэсэн бидний асуулт тэдэнд их сонин сонсогдох шиг болов. “Манайд тийм зүйл байхгүй. Харин ч хуулиар хориотой. Сургуулийн өөрийн удирдлагын байгууллага аль болох хараат бус, бие дааж ажиллах ёстой. Харин ажил олгогчдын төлөөлөл заавал ордог. Ер нь Парламентын гишүүн байна гэдэг нь олон түмний хяналт дор, зарим эрх, ямбыг хязгаарлуулж байдаг онцлогтой шүү дээ” гэж хатагтай Жозефин Тэо товч, тодорхой хариуллаа.  

 

Сингапур Улсын Боловсролын Яам хотын төвд 24 давхар байртай, бүтэц, орон тооны хувьд хүн амын нь тоотой харьцуулахад нүсэр гэмээр.

 

Боловсролын сайд Нг Энг Хэн эмч мэргэжилтэй хүн гэнэ. Батлан хамгаалахын хоёрдугаар сайдаар хавсран ажилладаг. Засгийн газрын гишүүнийг заавал Засгийн газрын гишүүн орлодог танхимийн зарчмаар Батлан хамгаалахын сайдыг орлоно гэсэн үг. Боловсролын сайд гурван дэд сайдтай. Зөвхөн дээд боловсролын газар нь бодлогын, төлөвлөлтийн, эрдэм шинжилгээ, судалгааны, хувийн хэвшлийн сургуулийн, санхүүгийн, чанарын баталгаажуулалтын, хүний нөөцийн, дотоод үйл ажиллагааны гэсэн 8 хэлтэстэй. Газрын дарга, дөрвөн орлогчтой гээд тоочоод байвал 153 мянган оюутан, суралцагчдын асуудал хариуцдаг газрын хувьд үнэхээр нүсэр гэхээс аргагүй. “Сингапур улс хоёрхон их сургуультай, хувийн сургууль байдаггүй, АНУ 21 их сургуультай” гэхчлэн хэт мэдэмхийрэгчид санааны зоргоор бурж, бүр сонин хэвлэлд хүртэл бичдэг. Гэтэл АНУ зөвхөн магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын 7000 сургуультай.

 

Сингапурт төрийн өмчийн 4 их сургууль,   мэргэжлийн диплом, их сургуулийн зэрэг, эрдмийн зэрэг олгох хувийн хэвшлийн 150 гаруй дээд сургууль, мэргэжлийн сургуулиуд ажиллаж байна.  Бас Европ, АНУ-ын   8 тэргүүлэх  их сургуулийн салбар ажиллаж, бакалавраас докторын боловсрол, мэргэжлийг эх оронд нь эзэмшүүлдэг. Эдгээр салбар сургуулиудад гадаадын оюутнууд олноор суралцдаг гэнэ. Сингапурын Засгийн газар гадаадын шилдэг их сургуулиудын загвар сургууль, сургалтын орчинг эх орондоо буй болгох бодлого баримталж төрөөс зориуд дэмждэг ажээ. Мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг  политехникийн 5 сургууль хичээллэж, эдгээр сургуулиудад 17-20 насны залуучууд бизнес, хими, био технологи, мэдээлэл харилцаа, дизайн, инженер, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байна. Политехникийн сургууль төгссөн залуучууд АНУ, Англид суралцан эзэмшсэн мэргэжлээрээ бакалврын зэрэг хүртэх боломжтой.  

 

 Их, дээд сургуулиуд илүү академик сургалттай, харин мэргэжлийн сургуулиуд хувь хүний авьяас, чадавхид суурилсан прагматик сургалттайгаараа онцлог гэнэ. Улсын аль ч салбарт төрийн зохицуулалт хүчтэй. Ажиллах хүчний яам компани, аж ахуйн болон төр, захиргааны байгууллагуудаас шаардлагатай мэргэжилтнүүд, ажилтан, ажилчдын судалгаа авч нэгдсэн захиалгыг Боловсролын яаманд ирүүлдэг, Боловсролын яам сургуулиудад элсэлтийн төлөвлөгөө, хуваарь өгч ягштал мөрддөг ажээ. Ажлын байранд зориулж мэргэжилтэн бэлтгэдэг болохоор сургууль төгссөний дараа ажил олдохгүй байх зэрэг бэрхшээл гардаггүй гэнэ. Их сургууль төгсөгчид ихэвчлэн 3 сарын, дээд сургууль төгсөгчид 6 орчим сарын дотор эзэмшсэн мэргэжлээрээ ажилтай болдог ажээ. “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 25 орчим хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаа, ойрын хугацаанд энэ хувийг 30-д хүргэнэ, харин гадаад оюутан суралцагчдын тоо 20%-иас хэтэрдэггүй.  Нэгэнт газар нутаг хязгаарлагдмал болохоор тэгтлээ гадаад оюутнуудын тоог өсгөхийг чухалчилдаггүй” гэж бидэнтэй уулзсан Боловсролын Яамны хариуцлагатай ажилтан Кеннэть Сим, Даррен Тан нар ярилаа. Аль ч улс орон зах зээлийн эдийн засаг, төрийн зохицуулалтыг хослуулан, төлөвлөлтөд онцгой анхаарал тавьж байна. Сингапур улс ч гэсэн манайх шиг чанартай, чанаргүй олон их, дээд сургуулиудтай байсан гэнэ. Олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа их, дээд сургууль, коллежиудыг цэгцлэхдээ бидэнд Сингапурын жишээнээс   харгалзан үзэх, суралцах олон асуудал байгаа нь анхаарал татаж байлаа. Юуны өмнө их, дээд сургуулиудад тавих нийтлэг шаардлага, стандартыг олон улсын жишиг, сургуулийн ангилалд нийцүүлэн шинэчлэн өөрчлөх, шинэчилсэн стандартад дүйцүүлэн одоо үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудыг аттестатчилж эрэмблэх, шаардлага хангахгүй сургалтын байгууллагуудыг нэгэтгэх, политехник коллеж, МСҮТ, гадаад хэлний болон хувь хүмүүсийн боловсролыг дэмжих сургалтын төв болгон шинэчлэн зохион байгуулах, улмаар татан буулгах хүртэл арга хэмжээ авах цаг үе иржээ. Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалтын босго оноог 600-650 болгон өндөржүүлэх, санхүүжилтын зарчмыг өөрчлөх  зэрэг иж бүрэн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Дээд боловсролын байгууллагуудыг үүсгэн байгуулагчид өөрсдөө ихээхэн санаачлага гаргах шаардлагатай байна. Зарим сургуулиудыг төр худалдан авч, ижил мэргэжлээр сургалт явуулж байгаа төрийн өмчийн сургуулиудтай ч нэгэтгэж болно. Төр бодлогоо нээлттэй тодорхойлж, бодлого, үйл ажиллагааг нягт  уялдуулан хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах шаардлагатай байна. Бидэнд л лав ийм сэтгэгдэл төрсөн.

 

Бид дэлхийн иргэнийг бэлтгэж байна. Бидний очиж танилцсан сургууль бүхэн өөр өөрийн онцлогтой байв.  Сингапурын дээд боловсролын  брэнд болсон Үндэсний их сургууль 1905 онд анагаах ухааны сургууль гэж байгуулагджээ. 3 том цогцолбороос бүрдэх тус дээд сургууль 14 факультет, гадаадын нэртэй их сургуулиудын 6 коллеж, эрдэм шинжилгээний 22 хүрээлэн бүхий сургалт-эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн иж бүрэн цогцолбор юм. Сингапурын эрдэм шинжилгээний 4 том төвийн 3 нь энэ их сургуульд харьяалагддаг ажээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн бакалаврын түвшинд 26418 оюутан, магистрантурт 10548 хүн суралцаж байна. 2207 багш, эрдэм шинжилгээний 2098 ажилтан, мэргэжлийн болон гүйцэтгэх 1600 ажилтан, үйлчилгээний 2460 ажилтан ажилчид ажиллаж байна гэж бидэнд танилцуулав. “Дэлхийг Сингапурын үндэсний их сургуульд авчирна”, “Сингапурын үндэсний их сургууль дэлхийн мэргэжилтэнг бэлтгэнэ”, “Бид дэлхийн иргэнийг бэлтгэж байна” гэсэн эрхэм зорилго, зорилтууд анхаарал татна. 100 гаруй орны оюутан суралцаж байгаа, багш нарын нь тэн хагас нь гадаадын нэртэй их сургуулиудын багш нар ажилладаг, дэлхийн 189 их сургуультай жилдээ 1000 гаруй оюутан харилцан солилцдог, АНУ, БНХАУ, Энэтхэг, Европын 6 коллеж тус их сургуулийн дэргэд ажилладаг зэрэг нь үнэхээр дэлхийн хэмжээний их сургуулийн цар хүрээг харуулна. Сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь дэлхийн иргэн бэлтгэх зорилгыг хэрэгжүүлэх үндсэн нэг арга юм. Энэ сургууль гэхэд Английн Эдинбургийн их сургууль, Хааны коллеж, Данийн техникийн их сургууль, Австралийн үндэсний их сургууль, Бээжингийн их сургууль, Токиогийн их сургууль, Нью-Иоркийн их сургуулиудтай доктор, магистрын, Австралийн үндэсний их сургууль, Мельбурнийн их сургууль, АНУ-ын Өмнөд Каролины их сургууль, Японы Васеда их сургууль, Нью-Иоркийн их сургууль зэрэг сургуулиудтай төрөл бүрийн мэргэжлээр бакалаврын сургалтын дан болон давхар мэргэжил эзэмших хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Иргэндээ эх орондоо дэлхийн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх нь олон оронд дээд боловсролын эрхэм зорилго болжээ. Бид ч энэ зүгт тэмүүлсэн өөрчлөлт, шинэчлэлтүүд хийх шаардлагатай байна. Манай өөрчлөлт, шинэчлэлт бүтэц, зохион байгуулалтыг хөдөлгөхөөс төдийлэн хальж чадахгүй олон жил боллоо.

 

Энэ их сургууль эдийн засаг, бизнес, комьпютер-мэдээлэл зүй, анагаах ухаан, шүд, хүрээлэн буй орчин, инженер, хууль, байгалийн шинжлэл, урлаг, хөгжим, нийгмийн ухаан зэрэг олон чиглэлээр сургалт явуулж байна. Шинжлэх ухааны бараг бүх чиглэлээр сургалт явуулдаг их сургуулиудыг сургалтын уламжлалт тогтолцоотой сургуулиуд гэж нэрлэдэг. Харин сүүлийн жилүүдэд салбарын чиглэлтэй их сургуулиуд олширчээ. Монгол Улсын их сургуулийг анх сонгодог их сургуулийн загвараар байгуулсан боловч анагаах ухаан, хөдөө аж ахуй, техникийн салбарууд нь бие даасан дээд сургууль болж зохион байгуулагдсанаар олон их, дээд сургуультай болох үүд хаалга бүр социализмын үед нээгдсэн билээ.  

 

 Энэ бүхнийг дурьдахын учир нь манай орны тухайд цаашид ч төрийн өмчийн сургуулиудыг дахин цэгцэлж нэгэтгэх боломж байгааг хэлэхийг хүслээ. Аливаа шинэчлэл, өөрчлөлт шинжлэх ухаанд тулгуурласан, алс хэтийг харж тооцсон, иж бүрэн шинжтэй байж үр дүнтэй болно. Сингапурын үндэсний их сургуулийн жилийн төсөв 1.1 тэрбум сингапур доллар. Бараг нэг тэрбум ам.доллар гэсэн үг.

 

Манай монголчууд Сингапурт ихэвчлэн англи хэлний курс дамжаа, хувийн сургуулиудад суралцдаг юм билээ. Энэ их сургуульд нэг ч оюутан суралцаж төгсөөгүй, одоо магистрантурт ганцхан хүн суралцаж байгаа гэсэн. Аливаа улсын аль болох шилдэг сайн сургуулийг сонгон суралцах талаар эцэг эх, үр хүүхдүүд хамтран санаа тавих шаардлагатай болжээ. Мөнгөө төлж, дипломтой л болж  байвал ямар ч сургууль яах вэ гэсэн сэтгэлээр хандаж, хамгийн хямдхан, хөтөлбөр хөнгөнтэйг нь эрж сурдаг муу зуршил хэвшил болох бий. Нэгэнт сурч байгаагаас хойш өөрийгөө хуурч хэрэггүй юм.

 

 Дотоодын зах зээлээ хамгаалах, гадаадын боловсролын зах зээлд хөрөнгө оруулалт хийхдээ  ухаалаг хандах хэрэгтэй байна. Манайд салбараа нээн үйл ажиллагаа явуулж байгаа Хартфордын институтыг мэдэх хүмүүс Сингапурт бидэнтэй лав тааралдаагүй. Юун учиртай сургууль ямар сургалт явуулж байгааг нягтлан тогтоох хэрэгтэйг хяналт, шалгалтын байгууллага, хариуцлагатай хүмүүсийн сонорт энэ ялдамд хүргэе. 

 

Бөмбөрцөгийн бүслүүр орчимын улс орнууд мөнх ногоон, борооны улирлыг эс тооцвол жилийн дундач дулаан 30 хэмээс буудаггүй ажээ. Хоттойгоо бараг үргэлж Сентоза арал дэээр очиж сонирхов. Далайн ус бүв бүлээхэн, харин дэндүү гэмээр шорвог байлаа. Хотын төвийн 70 давхар байшингийн орой дээрээс харахад энэ нэгэн хот-улс тэр чигээрээ нүдний өмнө илхэн. Тэнгэр баганадсан өндөр барилгууд уралдан сүндэрлэж, хойт талаар нь цэнхэр уулс хүрээлж харагдах нь Малайз улсын нутаг гэнэ.

 

Тэмдэглэлд нэмэрлэх таталбар :

Бохь

-Гудамж, талбайд бохь зажилж болохгүй. Торгууль 500 синга.доллар

 

Яагаад ?

 

-Бохь гудамж, зам талбайг хамгийн их бохирдуулдаг. Хаягдал нь наалдаад цэвэрлэж болдоггүй. Тэгээд ч олны дунд   өөрийгөө хүндэтгэдэг хэн ч  бохь зажилдаггүй.  

 

Тамхи


-Хүссэн газраа тамхи татаж болохгүй. Торгууль 500 синга.доллар

 

-Хүн хэзээ ч нийтийн хоолны газарт ганцаараа ордоггүй.Тамхи татах газар олдохгүй бол таны татах тамхины тоо л цөөрнө. Манай улс дэндүү бага нутаг дэвсгэртэй. Тамхины нэг ч иш  хаячих боломж байхгүй.

 

 

 

 

                                                                                 Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ

 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:16:31
Visitors Counter