Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

БӨӨРӨНХИЙ БӨМБӨРЦӨГИЙН БҮСЛҮҮРИЙН ТЭРТЭЭХ НУТАГТ

Инчоны нисэх онгоцны буудлаас хөөрсөн Солонгосын агаарын тээврийн хүчирхэг хөлөг Номхон дөлгөөн далайг туулан ниснэ. Далайн давалгаа, салхи энэ тэрээс болдог бололтой,онгоц үе үе сүрхий далбагнах нь  бяцхан айдас төрүүлнэ. Газар шороо, хот суурины гэрэл гэгээ харагдаж байвал сэтгэлд арай ойр дөт санагддаг.  Дор хөлгүй их усан цэнхэртэнэ. Заримдаа гүн хар харагдана. Чилийсэн есөн цаг ниссэний дараа  сая нэг газар, хот суурины гэрэл гэгээ харагдсан нь Австрали  улсын нутаг  дэвсгэр эхэлсэн ажгуу. Бидний зорьж яваа Мельбурн хот улсынхаа нутаг дэвсгэрийн зүүн өмнөд хаяанд орших далайн эргийн хот учир эх газар дээгүүр дахиад 2 цаг гаруй нисэв.

 

Онгоцны буудлаас гарч  ирэхэд далайн чийглэг, зөөлөн уур амьсгал угтав.

 

Сэрүүн салхи сэвэлзэнэ. “Австрали бол халуун орон” гэсэн шүү бодож хөнгөн нимгэн хувцасласан бидний   хувьд ер нь даарах талдаа. Гэтэл энэ орны хувьд өвөл нь дөнгөж дуусаж, бас зун нь эхлээд хэдхэн хонож байгаа, цаг агаарын хувьд  хамгийн тааламжтай  үе нь гэнэ.

 

Тив-улс. Энэ дэлхийн бөмбөрцөг дээр хэд хэдэн хот-улс байдаг бол Австралийг тив-улс гэж нэрлэхэд юуны буруу байх вэ. 8 944 000 кв.км нутгийг эзэгнэн оршдог энэ улс Австрали тивийн бүх газар нутгийг эзэлнэ. Мөн Тасмани, Норфолк, Килинг зэрэг арлууд хамрагдана. Энэ тив бүхэлдээ Энэтхэг болон Номхон дөлгөөн далайн усаар хүрээлэгддэг. 21 сая хүн амтай Австрали улс 6 муж улс болон хоёр хязгаараас бүрддэг Холбооны улс.

 

Энэ уудам нутагт эрт дээр үед абориген хэмээх үндэстэн амьдран суудаг байжээ. Хар бор арьстай, том нүд, өргөн духтай сартгардуу хамартай, том шүдтэй, атиратсан буржгар үстэй содон төрхийн энэ хүмүүс өнөөдөр Австралийн   хүн амын дунд ганцхан хувийг нь эзэлдэг бөгөөд нутгийн хойт хэсэгт амьдардаг ажээ. Энэ тивийг Европчууд урт хугацааны туршид эзэгнэн улмаар олон үндэстэний өндөр хөгжилтэй өвөрмөц нэгэн баян орныг цогцлоон хөгжүүлжээ. 

 

Цэл ногоон Мельбурн хот. Австралийн хоёрдахь том хот нь Мельбурн хот юм. 3.6 сая хүн амтай энэ хот улсынхаа өмнөд хаяанд, Энэтхэгийн далайн эрэгт оршино. Хамгийн том хот нь Сидней. Энэ хоёр хотын дунд 400 орчим хүн амтай, улсын нийслэл Канберра  хот бий.  Улсын нийслэл гэхээр заавал олон сая хүнтэй хамгийн том хот байх шаардлагагүйн сонгодог жишээг эндээс харж болно. 

 

Хотын хүн амын тухай ярихдаа “Манай үндсэн хүн ам тэд” гэхчлэн заавал ялгавартай хэлэх юм. Мельбурн хотод лав л сая гаруй цагаач иргэд аж төрдөг бололтой. Хотын гудамжаар хар, бор, шар, саарал гэхчлэн олон зүсийн хүмүүс бараг адил тэнцүү сүлжилдэнэ. Аливаа нэгэн улс гүрэнд очиход тухайн улсын үндсэн иргэд заавал олонхи болж харагддаг бол энд үгүй бололтой. Толгой дохин өнгөрөх найрсаг хүмүүсийн дунд, хараал, ерөөл, дуу чимээ, утаа униараас хол цөөхөн боловч өдрийг өнгөрөөх нь нэн таатай. 

 

 Хот олон буудал, сүлжээ бүхий том метротой. Харин хотын иргэд трамбай, автобусаар явахыг илүүд чухалчилдаг ажээ. 7 австрали долларын тийз авчихвал хотын бүх төрлийн унаагаар өдөржин зорчих боломжтой. Харин тийзгүй явж байгаад шалгагчид баригдвал 170 авс. долларын торгууль хүлээнэ. Төлөхгүй байх аргагүй. Хууль бол хууль. Ойр ойрхон шалгадаг бололтой харагдав.  Аль ч төрлийн унаа нь хүн олонтой байх юм. Дараагийн унаа 5-7 минутын дараа ирэх учир тэгтлээ яарч шахцалдаад байх шаардлагагүй. Ажил албаныхан, оюутан залуучууд гээд ихэнх  хүмүүс нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчихыг илүүд үздэг учир машины бөглөрөл, саатал тун бага гэнэ. Хотын төв хэсэг өндөр өндөр барилгуудтай. 88 давхар цамхагийн орой дээрээс хот алган дээрх шиг харагдана. Хотын  баруун талыг эмжсэн далай, далайн боомт, зүүн өмнөд талд орших олон улсын нисэх онгоцны буудал хүртэл харагдана. Хотын төв хэсгээс алслах тутам барилга байшин намсан ихэвчлэн 1-2 давхар амины орон сууцны хорооллууд төгсгөлгүй үргэлжлэх ажээ.

 

Боловсролын чанар багшаас шалтгаална. Биднийг Австралийн Виктория мужийн багшийн институт хүлээн авсан юм. Мужийнхаа ерөнхий боловсролын дунд сургуулийн 109 мянган багшийн бүртгэлийн сан бүрдүүлэн тэдэнд багшлах эрх олгож,  мэргэжлийг нь  дээшлүүлэх ажлыг эрхлэдэг энэ институт төрийн бус байгууллага юм. Багшийн мэргэжил олгодог сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хариуцан гүйцэтгэнэ. Австралид мэргэжлийн холбоод олон байдаг агаад багш энэ институтын сертификат авснаар гишүүн нь болдог гэнэ. Одоогийн байдлаар 9 их сургуулийн багш бэлтгэдэг 68 хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна. Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцан төгсөгчдөд  эхний ээлжинд багшлах эрх олгодог. Багшлах эрх авахын тулд хамгийн түрүүнд багшийн стандартыг ханган биелүүлсэн байх шаардлагатай. Багшид тавигддаг эхний шаардлага нь зөвхөн А,В үнэлгээтэй суралцаж төгссөн байх учиртай. Багш мэргэжлийн өндөр ур чадвар, чанартай боловсрол эзэмшсэн байвал боловсролын чанар өндөр түвшинд хүрч чаддаг гэж үздэг ажээ.

Институтэд бүртгэлтэй дээрх багш нараас 105 мянган багш сургуулиудад ажиллаж, 4000 гаруй нь өөр ажил эрхэлж байгаа боловч жил бүр багшлах эрхээ сунгуулдаг гэнэ. Ажлын байраа баталгаажуулж, мэргэжил дээшлүүлэх сурталтад тасралтгүй хамрагдах өргөн боломж олгон эрх ашгийг нь хамгаалдаг    учир багш нар институтын гишүүн болохоо нэр төрийн хэрэг гэж үздэг ажээ.

 

   Өөрийн үйл ажиллагааны орлогоор  санхүүжиж, төрийн ажлыг эрхлэн гүйцэтгэдгийн хувьд төрөөс санхүүгийн зохих дэмжлэг авдаг ажээ. 50 гаруй ажилтантай энэ том байгууллага энэ жилийн тухайд гэхэд өөрийн үйл ажиллагааны төлбөрөөс 8.5 сая долларын орлого олж, төрөөс 1,5 сая долларын дэмжлэг авчээ. Төрийн зарим үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар үнэхээр олон жилийн туршлагатай орон юм. Төрийн бус байгууллага бол хувийн байгууллага биш, олон нийтийн төлөөлөл бүхий удирдах зөвлөл үйл ажиллагааны нь чиглэлийг тогтоон удирддаг. Харин өдөр тутмын ажлыг нь ажлын албаны дарга хариуцдаг.

 

Викториагийн багшийн институтын ажлын ажлын албаны дарга Андру Иус:

 

- Бидний үр хүүхдэд хэн хичээл зааж байгаа нь төрийн болон олон нийтийн анхаарал хяналтын төвд байх учиртай. Манай орны тухайд зөвхөн өөрийн үндсэн иргэд төдийгүй багшид тавигдддаг шаардлага, стандартыг хангаж байвал аль ч орны хэн ч багшийн хөдөлмөр эрхлэх өргөн боломжтой. Багшид ёс суртахууны маш өндөр шаарпдлага тавьдаг. Багш хэрэг төвөгт холбогдон, хүүхдэд ёс бус хандсан бол багшлах эрхийг нь тэр даруйд цуцалдаг. Зарим хүнийг дахин багшлах эрхгүй болгох шийдвэр гаргадаг тохиолдол ч бий. Багшийн тухай мэдээллийн сан нууцлалын өндөр түвшинд байдаг. Зөвхөн өөрийн нь зөвшөөрөлтэйгээр энэ санд сонирхож байгаа хүн нэвтрэх эрхтэй. Багшлах эрхээ баталгаажуулаагүй бол аль ч сургуульд ажиллах боломжгүй. Ийм багшийг ажилд авсан захиралд халах хүртэл арга хэмжээ авдаг. Энэ бүхнийг хуулиар маш сайн зохицуулж өгсөн байгаа гэж бидэнд дэлгэрэнгүй ярьж танилцуулав. Бидэнтэй тус институтын олон ажилтан санал бодлоо илэн далангүй хуваалцан дэлгэрэнгүй ярилцлага хийж, хэд хэдэн лекц уншив. Үнэхээр хариуцлагатай сайн бэлтгэсэн байлаа. Австрали хүмүүс ааш зан зантай, ил тод, өндөр түвшинд мэргэшсэн, аливаад чин сэтгэлээс ханддаг болох нь алхам тутамд мэдрэгдэж байв.

 

Дэвид Вүүдхаус юу өгүүлэв. Доктор Дэвид Вүүдхаус гуай Австралийн их сургуулиудын чанарын агентлагийн гүйцэтгэх захирлын алба хашдаг. Дээд боловсролын салбарын чанарын батлагаажуулалт, магадлан итгэмжлэлийн асуудлаар нэрд гарсан энэ профессор Ази,Номхон далайн орнуудын чанарын баталгаажуулалтын сүлжээний ерөнхйилөгчөөр ажиллаж байхдаа манай оронд ирж, таван өдрийн сургалт зохион байгуулж байсан бидний сайн танил билээ. Дэвид гуай одоо дэлхий 60 гаруй орны боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагуудыг нэгэтгэсэн Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээний  ерөнхийлөгчийн сонгуультай. Дэвид Вүүдхаус Австралид ажиллахаасаа өмнө 1994-2001 онд Шинэ Зеландын их сургуулиудын сургалтын аудитын нэгжийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан,1990-1994 онд Гонконгийн дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн орлогч захирлын албыг хашиж байсан дэлхийн хэд хэдэн орны их сургуулиудад ажилласан үнэхээр олон улсын хэмжээний хүн.

 

 Хуруу бүртээ хэд хэдэн бөгж эгнүүлэн зүүсэн, өвөрмөц содон хувцасладаг энэ хүн бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

-Австрали улс 21 сая хүн амтай, 1 сая 100 гаруй мянган оюутан суралцаж байна. 18 хүний нэг нь оюутан гэсэн үг.Танай улсын хувьд ч бас тийм харьцаа байгаа. Засгийн газраас оюутны тоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг өргөтгөх, ядуу гэр бүлийг дэмжих талаар онцлон анхаарч байна. Мэргэжлийн сургуулийн мэргэжил олгох хөтөлбөр, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн хоорондох заагийг багасгах бодлого баримталж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг дээд боловсролын салбар гүйцэтгэдэг учир улс онцгой анхаардаг. Манай улс бол боловсролын экспортоор дэлхийд тэргүүлэгч гурван орны нэг. Санхүү, эдийн засгийн хямралын үед боловсрол дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Хүн тансаг хэрэглээгээ хязгаарлаж хойш тавьдаг боловч үр хүүхдийнхээ боловсролд зориулсан хөрөнгө оруулалтад хязгаарлалт хийдэггүй.

 

 Оюутны тоо нэмэгдэхийн хирээр чанарын шаардлага өндөр түвшинд тавигдаж байна. Юуны өмнө магадлан итгэмжлэлийн улсын нэгдсэн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж эхэлсэн. 2012 он гэхэд манайх ийм тогтолцоонд бүрэн шилжиж, чанарын баталгаажуулалтын байгууллагуудаа нэгэтгэн Боловсролын чанар, сатандартын агентлаг /TEQSA- Tertiary Education Quality and Standards Agency/  байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлнэ. 

 

 Магадлан итгэмжлэл нь зуугаад жилийн тэртээ АНУ-д анх үүсэн бий болсон. Энэхүү ухагдахууны үр үндэс нь хоёр талтай байсан. Ямарваа нэгэн сургуулиас кредит авахыг хүсч байгаа оюутнууд өөрсдийн сурч байгаа сургуулийн кредитын нь талаар нөгөө сургууль нь огт мэдэхгүй байгааг олж мэджээ.  Сургууль хооронд кредит хөрвөх боломжийг бүрдүүлэхийн тулд хөндлөнгийн аудит буюу магадлан итгэмжлэл хийж эхэлсэн. Их сургуулиуд хөгжихийн хирээр үйл ажиллагаандаа хөндлөнгийн үнэлгээ хийж баталгаажуулах шаардлага бий болсон.  Ийм үйл ажиллагааг бие даан эрхэлдэг чанарын баталгаажуулалтын агентлагууд байгуулагдсан. Одоо бол тив, дэлхийн хэмжээний сүлжээнүүд үүсч, үйл ажиллагаа нь тогтмолжлоо. Зарим улс орнуудад саяхан ийм байгууллагууд байгуулагдсаны нэг нь Монголын боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл юм. Олон улсын энэ хоёр том сүлжээний гишүүний хувьд танай байгууллагын чадавхийг дээшлүүлэхэд бид урьдын адил анхаарч ажиллана гэв.

 

Австралийн их сургуулиудын чанарын агентлаг нь  их сургуулиудыг магадлан итгэмжлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийн магадлан итгэмжлэлийн агентлагуудад аудит хийж, эрхийг нь баталгаажуулах үүрэгтэй. Австралийн төрийн өмчийн голдуу 42 их сургууль сургалтын хөтөлбөрөө өөрсдөө магадлан итгэмжилдэг. Харин энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаад нь Дэвид гуайн толгойлдог агентлаг хяналт тавьж аудит хийдэг онцлогтой юм. 

 

Их сургууль-кампус. Австрали нөхөд бидэнд багш бэлтгэдэг гурван их сургуулийн үйл ажиллагаатай танилцах боломж олгов. Мельбурнийн их сургуульд 45 мянган оюутан суралцаж байгаагийн 12 мянга нь гадаадын иргэд гэнэ. Сүүлийн жилүүдэд Азийн орнууд, ялангуяа Энэтхэгээс ирж байгаа оюутнуудын тоо эрс нэмэгджээ. Манай залуучууд ч энэ сургуульд суралцаж байна. Их сургууль бүр кампусын зохион байгуулалтай. Баларат  их сургууль, Ла Тробын их сургуулиуд хотоос 100 гаруй км-ын зайтай байгалийн үнэхээр тансаг орчинд оршино. Сургалтын байгууллага хотын төвөөс зайдуу байх нь оюутны сурч амьдрах, багш нарын тухтай орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Их сургуулиуд  мужийнхаа бусад хотууд болон зарим мужид салбаруудтай. Шинээр сургууль байгуулахыг бус харин их сургуулиуд орон нутагт салбараа нээж  хүн амд үзүүлэх боловсролын үйлчилгээг ойртуулахыг төрөөс дэмждэг ажээ. Баларат их сургууль энэ жил ээлжит удаагаа Австралийн их сургуулиудын чанарын агентлагаар магадлан итгэмжлэгджээ. Сургуулиуд таван жилд нэг удаа магадлан итгэмжлэгддэг, агентлаг жил бүр ахиц дэвшлийн тайлан авч аудит хийдэг тогтсон уламжлалтай.

 

-Магадлан итгэмжлэлд сургууль бүтэн жилийн туршид бэлтгэсэн. Магадлан итгэмжлэлд сургуулийн бүх нэгж, тэнхим, багш нар хамрагддаг. Магадлан итгэмжлэл хийлгэснээр багш нарын багшлах эрхийн асуудал хамт шийдэгддэг. Энэ удаагийн магадлан итгэмжлэлд манай сургууль 500 мянган авс.доллар зарцуулсан. Зөвхөн магадлан итгэмжлэл хийлгэх зардал  80 мянган доллар байдаг. Манайд дөрвөн хүнтэй шинжээчдийн баг ажилласны нэг нь Гонконгийн их сургуулийн профессор. Магадлан итгэмжлэх ажиллагаанд гадаадын нэр хүндтэй их сургуулийн багш, профессорууд оролцох нь түгээмэл жишиг гэж тус их сургуулийн проректор, профессор Вейн Робинсон гуай ярилаа.

 

15 мянган оюутантай энэ сургуулийн цогцолбор бараг бага шиг хотхон юм. Энэ сургуулийн магистрантурт манай нэг оюутан сурдаг гэнэ. 

 

Мельбурнийн монголчууд.


 Мельбурн хотод Монголын зуу гаруй иргэд  амьдарч  байна. Аливаа газар орон, зан заншил, хэл соёлд дорхноо дасан зохицдог   монголчууд энэ том хотод аль хэдийнээ байр суурь, амьдрах арга эвээ олжээ. Австрали  боловсролын эх орон. 

 Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гадаад харилцаа хариуцан ажиллаж байсан М.Туяа Викториогийн их сургуулийн докторантурт суралцаж байна. М.Туяа МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд хэдэн жил ажилласны дараа Засгийн газрын тэтгэлгээр тус сургуульд суралцан магистрын зэрэг амжилттай хамгаалаад   сургууль нь докторантурт үргэлжлүүлэн суралцахыг санал болгосон учир дэлхийн хэмжээний гэгддэг энэ их сургуульд эрдмийн зэрэг хамгаалахаар шамдан суралцаж,   “Хөгжиж байгаа орнуудад авилгын эсрэг хараат бус байгууллагыг төлөвшүүлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх нь: Монгол Улсын загвар”  сэдвээр харьцуулсан судалгааны ажил хийж байна . Ажил амьдралын зохих дадлага туршлагатай болсныхоо дараа хүний газар, гүний нутагт суралцах нь илүү өгөөжтэй юм. Мельбурнийн их сургуулийн магистрантурт суралцаж байгаа Я.Ижилмөрөн Лондонд бакалаврын боловсрол эзэмшсэн, олон улсын байгууллагад ажиллаж байгаад энд иржээ. Нөхөр Б.Гүнбилэг нь МУИС-ийн хуулийн сургууль төгссөн, магистрын зэргээ АНУ-д, докторын зэргийг төрөлх сургуульдаа хамгаалсан залуу эрдэмтэн. Туяа, Гүнбилэг хоёр төрөлх сургуулиа, багш нараа, академич С.Нарангэрэл, бусад олон багш нараа ам уралдан магтацгаав. “Бид энд, тэнд гологдохгүй яваа чинь манай сургууль, багш нарын ач. Монголын боловсролыг муулах хэрэггүй” гэж бидэнд урамын цэнхэр хадаг бэлэглэв.

 

Б.Гүнбилэг энэ их сургуулийн Азийн судалгааны төвд судалгааны ажил хийж байна. Гүнбилэгийг би бүр багаас нь мэднэ. Аав Ж.Болдбаатартай. нь бид нэгэн үед Монгол Улсын Их хурлын гишүүд байв. Бид олон сэдвээр ярилцав. Залуучуудын ярьдагаар сайхан буу халцгаав.

 

           - Манайханд тэнд тийм, энд ийм байдаг гэж мэдэмхийрдэг нэг том гэм байна. Би бас сонирхож, хүмүүстэй уулзлаа. Шинжлэх ухааны тухайн салбартаа үнэхээр хүлээн зөвшөөрөгдөж чадсаныхаа дараа, дэлхийд нэртэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд зохих тооны бүтээл нийтлүүлж байж, ихэвчлэн тавиас дээш насныхан шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлээ туурвиж хамгаалдаг юм байна. Би зав чөлөөгөөрөө хуулиуд харж байна. Австралийн казиногийн хууль гэхэд үнэхээр олон талаас нь харсан, иж бүрэн шинжтэй. Аливаа зүйлийг зөвшөөрөхөд түүнийг дагаж гарч болох эерэг хийгээд сөрөг бүх л талыг харж хуулийг төгс төгөлдөр гэхээр түвшинд хийдэг орон юм.  Тухайн салбараар хамгийн туршлагатай, дэлхийн түвшинг тодорхойлогч орныг сонгон судалгаа хийж байж хуулийн   төсөл боловсруулахад манайхан анхаармаар байна. Казино гэхэд энд үнэхээр олон жилийн түүхтэй юм билээ гэв.

 

Бид төв казинод орж, 1 доллараар тоглодог машины ард суун би эхний тоглолтоор 39 доллар хожиж бөөн инээдэм болцгоов. Тэтгэврийнхэн ихэнх цагаа энд өнгөрөөдөг ажээ. Долларыг зуу, зуугаар нь шидэн тоглож байгаа дунд гарынхан ч харагдана. Харин том гарынхан тусгай харуул хамгаалалттай газар тоглодог гэнэ. Гүнбилэг,

 

-Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдийн хувьд иймэрхүү тоглоомд автан замаа алдах явдал гардаг гэсэн. Хүүхдүүдийг сайн болгоомжлуулж байхгүй бол болохгүй гэж аргагүй л тохитой томоотой хүний хувьд тоглоом наадамгүй зөвлөснийг хэн хэнгүй санаж явахад илүүдэхгүй. 

Биднийг Мельбурнийн их сургуульд очиход манай яаманд ажиллаж байгаад тус сургуулийн магистрантурт суралцаж байгаа Т,Сувдмаа, “Хас” банкинд ажиллаж байсан Л,Соронзонболд нар  угтан уулзав.   Сувдмаагийн өрөөнд орж, цахим шуудангаа шалган сүүлийн өдрүүдийн мэдээ уншив. Энэ өрөөнд зургаан магистрант ажилладаг, зургаан өөр орны иргэд ажээ.   Манай залуучууд энэ нутагт үнэхээр дэлхийн түвшний боловсрол эзэмшиж байна. Боловсролд олон шалгуур бий. Юуны өмнө дэлхийн аль ч олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажиллах шаардлага, шалгуурыг давах түвшний зорилт тавин шамдан суралцаж байгаа нь бахархалтай. Төр засгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг  харин аль болох нэмэгдүүлэх, эзнийг нь олж дэмжих хэрэгтэй юм шиг санагдсан.

 

Суралцаж байгаа хүмүүст гэр бүлээ авч ирэхийг зөвшөөрдөг тул ихэнх нь гэр бүл, үр хүүхдүүдийн хамт амьдардаг ажээ. Гэр бүлийг бэхжүүлэхийн үндэс нь тэдэнд хаана ч ажиллаж, сурч байсан хамт байх боломж олгох явдал гэж төрийн бодлогын түвшинд үздэг нь гадаадын иргэдэд ч хамаралтай.

 

 Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул З.Батмөнх бидэнд жирийн амьдралын олон зүйлийн тухай ярьж сонирхуулав. Батмөнх янз бүрийн ажил хийсэн гэнэ. Суралцаж байгаа хүмүүсийн хувьд 7 хоногт 20 цагийн ажил хийхийг зөвшөөрдөг ажээ. Эхлээд шалгуулж зохих зөвшөөрөл авна. Англи хэлний мэдлэг их чухал. Дараа нь заавал татварын албанд бүртгүүлнэ. Ажил хийж байгаа хүн бүрт “Тэтгэврийн нэрийн данс” нээж, эх орондоо буцах үед нь хуримтлагдсан мөнгийг өөрт нь өгдөг ажээ. Австрали хүн ажил хийж байгаад тэтгэвэрт гарахад нэрийн дансанд нь дундчаар 150 мянгаас багагүй доллар хуримтлагдсан байдаг гэнэ. Харин тэтгэвэрт гарахаас өмнө нас барсан тохиолдолд хуримтлагдсан мөнгийг гэр бүлд нь өгдөг ажээ.

 

Эдний хүү  нь цэцэрлэгт хүмүүжиж, англиар хэлд оржээ. Есөнмөнх хүү монголоор ярихыг сайн ойлгох боловч хариулж ярьж чадахгүй юм. “Миний хүү нутагтаа очихоороо дорхноо төрөлх хэлээ сурчихна” гэж аав нь өгүүлэв. З.Батмөнх ирэх жил болох сумынхаа сургуулийн ойд очно гэж сэтгэл догдлон өгүүллээ. Сумын цолтой бөх ажээ.

 

Монгол элс, Завхан голоор  нутагтай

Манай Алтайн зартай сайн малчин

Тал шиг уужим сэтгэлтэй

                        Загдаа гуайн хүүтэй

Тэртээх холын их хотод уулзав

 

Адуу, хүн хоёр удмаа дуурайдаг хойно

“Ах минь, дүү минь” гээд яг л  ааваа

Энэтхэгийн далайн эрэг ирмэг газарт

Идээшин  амьдарч суугаа  ч

 

“Засагт ханы маань нутгаар зун тарга ямар вэ

Завхан гол минь устай байна уу, үгүй юу “ гээд

Асууж сураглах нь аргагүй л малчны удам 

Аргалын утаа, талын салхиа санасан сэтгэл ээ

 

Сэвс сэвсхэн салхи нь хүртэл

Сэрүүн Алтайн минь үнэртэй байлаа

Хүнийх  мөртлөө  тэр өдрийн тэнгэр

Өөрийнх юм шиг цэнхэртэн байлаа

 

                                  / Мельбурн-2009.Х.16 /

 

Цөөнгүй бүсгүй австрали айлын  бэр болсны нэг нь энэ хотод гурван гэр эгнүүлэн барьж, орон сууцны бүхий л нөхцлөөр тоноглон тохь тухтай амьдардаг гэнэ. Монголын нэрт эрдэмтэн, академич Б.Ринчин гуайн ач хүү Ж.Хасболд  гэдэг эрдэмтэн энэ хотод суурьшин уул уурхайн их том компанид ажилладаг, нутгийнхаа залуучуудад өмөг түшиг болж байдаг тухай ярьцгаав. Мельбурнийн монгол залучууд эв найртай, бие биедээ их тусалдаг, шинээр ирж байгаа хүмүүсийг угтаж авдаг, байр оронтой болох, улмаар шаардлагатай нэгэнд нь ажил хийхэд тусалж зуучилдаг ажээ. Энэ бүхнийг амжуулж, санаачилж байдаг гол хүн нь дээр өгүүлсэн докторант М.Туяа юм билээ.

 

Цагаан шувуу багын дурсамж сэргээв.   Аялал жуулчлалын байгууллагын хөтөлбөрт багтан Австралийн  хамгийн зүүн өмнөд цэг болох Энэтхэгийн далайн эрэгт очиж  байгалийн сайхан, зөвхөн энэ тивд байдаг өвөрмөц амьтдыг үзэж сонирхов. Далайн эргийн дагуу улаан хошуу, улаан хөлтэй цахлай шувууд шуугилдана. Манай Шаргын говьд биднийг бага байхад хаврын хаварт ийм шувууд олноор ирж бөөн үймээн шуугиан болдогсон. Их муухай дуутай,идэх юм эргүүлдэн айлын гадуур шавна. Хүнээс огт айхгүй.   “Цагаан шувуу шуурга авчирдаг” гээд манай нутгийнхан нэг л талгүй байдагсан. Нэгэн төрлийн махчин энэ шувуу далайн эргээр амьдардаг пингвин буюу оцон шувуудыг барьж иддэг гэнэ. Оцон шувуу   үүрээр далайд орж загас жараахайгаар хооллоод үдшийн бүрийгээр уснаас гарч газар гэртээ ирдэг, өөр өөрийн нүхэнд амьдардаг онцлогтой ажээ. 

 

Бидний кенгэруу гэж нэрлэдэг уутат гөрөөс харин их номхон, хүний гараас хооллодог өхөөрдмөөр хөөрхөн амьтан юм. Нэгэн төрлийн гаатай навч иддэг учир үргэлж нойрмог, согтуу юм шиг байдаг коало, цацагт хяруул, тогос шувуу гээд олон амьтад сонирхов. Номин ногоон тал нутагт хашиж хамгаалсан талбайд хонь, үхэр тайван идээшлэнэ. Австрали хоньчин хонь яаж малладагаа ярьж, жуулчдад хонь хяргаж үзүүлдэг ажээ. 150 сая хоньтой орон болохоор аргагүй биз ээ. Аялал жуулчлал бас эдний нэгэн том салбар, жилд хэдэн сая жуулчид хүлээн авдаг ажээ.

 

Удахгүй жинхэнэ зун, халууны улирал эхэлж мод, зүлэг ногоо нь тэр аяараа шарлаж ганддаг онцлогтой. Харин биднийг байх үед нов ногоон ой модод, зүлэг, өнгө өнгийн цэцэг алаглан нүд, сэтгэлийг булаан байв.

 

                                                                                 Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ

                                                                                   Мельбурн-Улаанбаатар

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:16:39
Visitors Counter