Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

УДИРДААЧ

    Хүн өөрийн хамгийн сайн таньдаг, мэддэг, ойр дотны хүнээ  огт мэдэхгүй байх тохиолдол ч байдаг. Бандий бид хоёр танилцаад хорь шахам жил, ойр дотно хамтран ажиллаж эхэлсэн цагаас хойш бас ч багагүй хугацаа, тодруулж хэлбэл 14-15 жил ард үлджээ.


   Биднийг эрдэм номын зэрэг,  дамжаа барихаар Москвад суралцаж байхад Бандий алдарт Москвагийн их сургуулийн аспирант байв. Тэр чимээгүй, ажин түжин талдаа.  Элчин сайдын яам хавиар үзэгдэж, харагдах нь ховорхон. Харин Бандийг олон хүн таньдаг, “жинхэнэ эрдэмтэн болох хүн, ярихаасаа хийх нь их, явахаасаа суух нь их хүн” гэлцдэг байлаа. Хүүхэд байхдаа уран сайхны кинонд тоглосон, авьяастай залуу гэх боловч түүний тэгтлээ дуулж бүжиглэж, бужигнуулж байхыг харсан хүн ховор.

1994 оны намар тэр үеийн Шинжлэх ухаан, боловсролын яам Улсын Их Хуралд боловсролын багц хууль өргөн барив. Улсын бага хурал хэлэлцэж баталсан “Боловсролын тухай”  гэсэн нэг хуулийг  гурван ч хууль болгон задалж оруулж ирсэн.   “Багц хууль” гэсэн хэллэгийг хэрэглэж эхлээд удаагүй байсан үе. “Хуулийн тоог олон болголоо, нэг хуультай болоод л байсан биз дээ” гэх гишүүд ч байлаа. Бас “Их зөв алхам, юуны тулд байнгын ажиллагаатай парламенттай билээ” гэж сайшаах өнгө аяс давамгайлж байв. Боловсролын салбар олон талтай, шинэчлэлт өөрчлөлтийг байнга шаардаж байдаг онцлогтой салбар. Доторхи бүтэц, нэгжид хийх шинэчлэлт өөрчлөлтийг даган ганц хуулиа дахин дахин “нухаад” байх нь оновчгүй хувилбар гэсэн эрүүл, саруул уур амьсгал давамгайлж энэ том салбар бүхэл бүтэн багц хуультай болсон билээ.

 

    Шинжлэх ухаан, боловсролын сайд , академич Н.Өлзийхутаг гуай цартай сайхан сэтгэдэг, далайцтай, хурдтай ажилладаг хүн. Хүмүүсийн хэлж ярьж байгааг цэгнэх, хэрэгтэйг нь тунгаан тусгаж явахдаа гаргууд. Ийм хүмүүстэй ажиллахад дандаа урамтай байдаг. “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” зэрэг баримт бичгүүд маш богино хугацаанд боловсруулагдсан юмдаг. Хуульд заримдаа ойлгомжгүй, гадаад үг хэллэг орж ирэх нь олонтой. “Кредит”, “аккередатаци” зэрэг үг, хэллэг  олны танил бус байв. Байнгын хорооны нэг удаагийн хурал дээр гадаад үгийн талаар бөөн яриа болж, Яамны бодлогын газрын дарга Р.Бандий дэлгэрэнгүй тайлбар хийж билээ.

 

   Алдарт Ц.Дамдинсүрэн гуайн тольд ч байхгүй “Аккередитация“ гэдэг үгийг Бандий их оновчтой тайлбарласан нь одоо ч мартагдаагүй байна.  “Сургалтын байгууллага үйл ажиллагаандаа үнэлгээ хийнэ, харин энэ үнэлгээг хөндлөнгийн байгууллага  магадлан нотолж, итгэж болно гэсэн баталгаа гаргана” гэж учирлан тайлбарлахыг сонсоод доктор Ж.Болдбаатар гишүүн “ Тэгвэл  наад үгийг чинь магадлан итгэмжлэл гэж орчуулж хэвшүүлбэл яасан юм бэ” гэснээр энэ харь үг монгол хэлний үгсийн санд орж ирсэн түүхтэй.

 

    Р.Бандий 1991 оны эхээр Москвагийн их сургуульд эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Саяхан бид хоёр түүний диссертацийн олон хуудсыг дахин эргүүлж, тойруулж уншив. Нийгмийн ухааны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн тэр дороо гардаггүй.  Харин Бандийн тэр үед дэвшүүлсэн санаа, дүгнэлт бүр амьдралд хэрэгжиж, биелэлээ олжээ. Зөвхөн дээрхи “аккредитация”-ийн тухайд гэхэд, эхний ээлжинд сургалтын байгууллага сургуулийнхаа материаллаг бааз, сургалт, эрдэм шинжилгээний ажил, багшлах бүрэлдэхүүн, эдийн засаг, санхүүжилт зэрэг бүх хүрээг хамран  үйл ажиллагаагаа судалж шинжлэн    өөрийн үнэлгээний тайлан боловсруулна, хоёрдахь шатанд хөндлөнгийн, хараат бус магадлан итгэмжлэлийн байгууллага /энд ассоциация буюу нийгэмлэг гэдэг үгийг хэрэглэжээ/ өөрийн тогтоосон шаардлага, стандартыг баримтлан магадлан итгэмжилж гэрчилгээ олгоно гэжээ. Магадлан итгэмжлэлийн үр дүнг тухайн сургалтын байгууллагын ангиллыг өөрчлөх, зэрэглэл тогтоох, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагууд шаардлагатай мэргэжилтэнээ захиалан сургах сургалтын байгууллагыг сонгох зэрэгт харгалзан үзэх бөгөөд магадлан итгэмжлэл нь тодорхой хугацаанд тогтмол хийгдэнэ гэсэн оновчтой санааг дэвшүүлж, улмаар сургалтын байгууллага дараагийн шатанд олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэх  асуудлыг дэвшүүлжээ.

 

    Социалист системд харьяалагдаж байсан орнуудаас манай орон хамгийн эхний ээлжинд эрх зүйн орчинг нь бүрдүүлэн боловсролын салбарт энэ чухал ажлыг эхэлсэн бөгөөд одоо нэгэнт үндэсний тогтолцоо бүрдэн түрүүчийн байгууллагууд бүс нутгийн шинжтэй олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар   магадлан итгэмжлэгдээд байна.

Р.Бандий хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлд мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд шаталсан, тасралтгүй сургалтын уян хатан хэлбэр чухал ач холбогдолтой гээд загварыг нь боловсруулжээ. Мэргэжлийн сургуулийн шаталсан, тасралтгүй сургалтын загвар нь манай орны нөхцөлд юуны өмнө инженер-техник, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд илүү тохиромжтой гэж үзжээ.

 

    Манай улсын их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудыг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд шинэчлэн өөрчлөх гол чиглэл бол дан ганц сургалтын байгууллагаас сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бүхэл бүтэн цогц байгууллага болгон өөрчлөх явдал гэж үзээд маш тодорхой санал дэвшүүлжээ. Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл салангид байгааг анхаарч тэдний үйл ажиллагааг нэгтгэхийн тулд ШУА-ийн онолын судалгааны зарим хүрээлэн, лабораторийг МУИС-д шилжүүлж, үндэсний их сургуулиа онолын суурь судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын цөм болгох нь зүйтэй хэмээжээ. Цаашилбал, ПДС-ийг техникийн их сургууль болгон өргөтгөж, УБДС, Багш нарыг бэлтгэх сургууль, цэцэрлэгийн багшийн сургууль, багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнг нэгтгэн Сурган хүмүүжүүлэх их сургууль, АУДС, Анагаах ухханы дунд сургууль, анагаах ухааны хүрээлэнгүүдийг нэгэтгэн Анагаах ухааны их сургууль, ХААДС, энэ чиглэлийн хүрээлэнгүүдийг нэгэтгэн Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн дээд ба дунд сургууль, хөгжим бүжгийн дунд сургууль, дүрслэх урлагийн дунд сургууль, соёл урлагийн хүрээлэнгүүдийг нэгэтгэн Соёл урлагийн их сургууль байгуулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт нь бараг ёсоор болжээ. Одоо ч энэ салбарт хийх шинэчлэлтэд эргэн харах асуудлууд байгаа нь эрдэмтэн хүний санал, бодол хичнээн ирээдүйтэй, холыг харсан  байдгийг харуулж байна.

 

     Одоогоос 15 жил орчмын өмнө Монгол Улсын боловсролын тогтолцоо гадаад улс орнуудад нээлттэй болж байсан тэрхүү тааламжтай цаг үе, нөхцөлд Азийн хөгжлийн банк манай салбарын хүндрэл бэрхшээл, бодит хэрэгцээ, шаардлагыг маш соргогоор урьдчилан мэдэрч анхны хөрөнгө оруулалт хийсэн билээ. Манай орны боловсролын салбарын тухайн үеийн байдалд олон орны тэргүүлэх эрдэмтэд, нэртэй том доктор, профессорууд оролцсон баг шинжилгээ, үнэлгээ хийн онош тогтоож,  энэхүү оношлогоог үндэслэн “Боловсрол, хүний хүчин зүйлийн сектор судалгаа, мастер төлөвлөгөө”-г боловсруулсан нь дэлхийн санхүүгийн энэ томоохон байгууллагын дэмжлэгийг авах, хөрөнгө оруулалтыг татах үндэслэл болсон юм.

 

   Энэ үеэс хойш Р.Бандий Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өнөөдөр энэ хөтөлбөрийн хүрээгүй сургууль, хамт олон   бараг байхгүй гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 54 цогцолбор сургууль, 105 сум дундын бүсийн төв сургуулийг байгуулж, тэдгээрт 5 багш тутмын нэг нь ажиллаж, 4 сурагч тутмын нэг нь сурч байна. Ерөнхий боловсролын 200 шахам сургуулийн 360-аад барилга, дотуур байр болон бусад байгууламжийг засварлан тохижуулсаны үр дүнд 300 гаруй мянган хүүхдийн сурч, амьдрах орчин сайжирсан гээд энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын тухай дурьдвал үнэхээр том тоо, тайлан гарна. 

 

    Асар өргөн хүрээтэй, хэдэн тэрбумаар тооцогдох хөрөнгө оруулалтын энэ чухал ажлыг Р.Бандийн удирдсан цөөхөн хүнтэй ажлын алба хариуцан зохион байгуулдаг. Хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгохын тулд хаана, хэзээ , юуг яаж хийхийг маш чанд төлөвлөдөг. Эдний ажлын албаныхан хот, хөдөөгийн хаана ч өндөр нэр хүндтэй, олны талархал хүлээсэн хамт олон. Үнэхээр олон түмэнд үйлчлэхийн төлөө төрсөн юм шиг нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж чаддаг, уян хатан, шуурхай хамт олныг төлөвшүүлж, цоо шинэ менежментийг хэрэгжүүлж байгаа нь Р.Бандийн бас нэгэн гавьяа яах аргагүй мөн. Ажлаа арван хуруу шигээ мэддэг эдний албаны хэнтэй нь ч уулзсан хүн хүссэн мэдээлэл, зөвлөмж, туслалцаагаа авч чаддаг. Төрийн бүх шатанд ажилладаг албан хаагчид, мэргэжилтнүүд эдний ажлын арга барилаас суралцаасай билээ  гэж өөрийн эрхгүй бодогддог.

 

    Хүн бүр хариуцсан ажлаа ягштал хийж, ямар ч дарамт шахалтгүй нам гүмхэн ажиллаж  орчин тойрондоо зөв энергийг цацрууулж, зөөлөн уур амьсгалыг бүрдүүлж байдаг. Бандий цөөхөн “цэрэгтэй”, харин олон даргатай. Төрийн ордоноос 76 гишүүн, Засгийн газрын арав гаруй гишүүд, аймаг, хот, дүүргийн дарга нар гээд эдний албанд хандах хүмүүс маш олон. Азийн хөгжлийн банктайгаа өдөр бүр шахам харьцана. Жил бүр тайлагнана.

 

    Боловсролын хөгжлийн гуравдахь том хөтөлбөр орон даяар хэрэгжиж, хөг эгшиг найран зохицсон найрал хөгжим мэт намуухнаар их ажил, үйл хэрэг тасралтгүй өрнөж байна.   Найрал хөгжим удирдаачаасаа их шалтгаалдаг. Р.Бандий үнэхээр удирдаач, шинэ цаг үеийн шилдэг менежер мөн.

 

    Зөвхөн боловсролын салбар дахь магадлан итгэмжлэлийн тогтолцоог авч үзвэл, Р.Бандий аспирантурт суралцаж байхдаа онолын үндэслэлийг нь боловсруулж, Яаманд ажиллаж байхдаа хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, боловсролын хөгжлийн мастер  төлөвлөгөөнд тусган, Азийн хөгжлийн банкны боловсролын хөгжлийн хөтөлбөрийн захирлын хувьд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албыг байгуулахад  эхний санхүүжилтийг нь хариуцан хийж өгсөн.

 

    Хөтөлбөрийн санхүүжилтээр 15 хүн Филиппины Манила хотод очиж, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний байгууллагын нь туршлагыг судалсаны дээр дотооддоо 500 гаруй хүнийг сургалтад хамруулан шинжээчдийг бэлтгэн энэ чухал ажлыг эхлүүлсэн билээ. “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд өөр хоорондын залгамж холбоо, логикийг хэрхэн хангаж чаддагийг ганц энэ жишээ  тодорхой харуулна. Эхний жил байшинг нь зассан бол дараагийн жилд кабинет, лабораторийг тохижуулж багш нарыг нь сургалтад хамруулж бүхнийг иж бүрэн шинэчилнэ.  Тэгж байж нэг төсөл жинхэнэ утгаар хэрэгжин үр дүн нь гарна.

 

   Бандийгийн дотоод философи нэг иймэрхүү. Одоо хот хөдөөгүй “Боловсролын хөгжлийн хөтөлбөр” гэхээсээ илүүтэй “Бандийн хөтөлбөр, Бандийн төсөл” гэж товчлон ярьдаг болжээ. Бандий хөтөлбөрөөр биш, харин хөтөлбөр Бандийгаар овоглодог болжээ. Үүгээр бахархаж болно. Харин Бандий нөхдийн хамт ажин түжин, чив чимээгүй их ажлаа цаг нартай уралдан амжуулж явна. Олны дундаас овойж товойхыг боддоггүй ийм эгэл жирийн хүмүүс эх орныхоо ачааны хүндээс  жинхэнэ ёсоор үүрэлцэн явдаг. 

Хоёр жилийн өмнө Р.Бандий бид нар хөрш Буриадын нийслэл Улаан-Үүд хотод болсон нэгэн арга хэмжээнд оролцож билээ. Буриадын Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 20 шахам жил ажилласан С.Д.Намсраев гуай бидэнд хоёр ч бүтэн өдрөө зориулсансан. Монгол орон, монголчуудад хачин их элгэмсэг, хүүхэд бага насандаа Ононгийн шугуйд үхэр хариулж, хадлан тэжээл бэлтгэж явснаа дурсан ярих дуртай   энэ дотно сайхан буриад эр,

 

- Танайх заримдаа манайхаас хамаагүй түрүүлээд явчихдаг. Гайхаж, бас бахархах үе ч тохиолдож байсан. Аргагүй юм байна шүү дээ. Танай энэ Бандий захирал үнэхээр ухаантай, боловсролтой, ажил хэрэгч залуу байна. Өөрийн үзэл баримтлал, философитой хүн бусдаас нэг хоёр, заримдаа хэдэн тохой ч өндөр харагддаг. Миний мэдэхээс одоо Москвад ЮНЕСКО-д ажиллаж байгаа Д.Бадарч захирал, танай яамны Р.Бат-Эрдэнэ дарга, Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн захирал Ж.Соронзон гээд боловсролын салбарт дээд түвшинд мэргэшсэн  хүмүүс танайд нэг хоёроор тогтохгүй олон байгаа  гэж үнэн цагаан сэтгэлээс өгүүлж билээ.

 

 Байгаль далай, цаст өндөр уулсын зүгээс хаврын зөөлөн салхи нэн таатай үлээж, урины манан будан хөндий дүүрэн хөглөрөн, хажуухан талд Иволгийн дацангийн алтан ганжир шижиртэн туяарч байсан  дурсгалт тэр сайхан өдөр одоо ч  сэтгэлд тодхон байна.

Р.Бандий урлагийн маш торгон мэдрэмжтэй. Орос, монгол ямар ч дууг хөөрхөн дуулна. “Москвагийн бороо”-г дуулахад сэтгэл нь хөдлөж яг л оюутан ахуйдаа буцаж очиж байх шиг харагддаг. Хөгжилтэй сэргэлэн Бандийг багад нь үнэхээр хашир найруулагчид зөв сонгон кинонд тоглуулсан юм билээ. Эрх хүүхдийн дүр төрхтэй, тайван тогтуун ааш араншинтай, хачин даруухан энэ эрдэмт хүмүн тэртээ олон жилийн өмнө яамнаасаа авсан гурван өрөө байрандаа аав, ээжээ асрамжлан, эхнэр, хүү, хүргэн, охин, ач зээ нарын хамт аж төрдөг.

“Өнөр” хорооллын өнөр нэгэн өрх гэрийн тэргүүн, их үйл хэргийн удирдаач Раднаагийн Бандийгийн тухай хөрөглөн  өгүүлэхэд ийм байна.  

 

                                                                                        Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ

 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:17:09
Visitors Counter