Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

УДИРДАГЧ

    Зөвлөлт Холбоот Улсад суралцаж мэргэжил боловсрол эзэмших улмаар эрдмийн зэрэг хамгаалах нь тухайн үедээ хэн хүнд оолдоод байдаггүй том боломж, өндөр босго байлаа. Нам, төрийн бодлогоор ирээдүйн удирдах албан тушаалд бэлтгэгдэж байгаа хүн Москвад Намын дээд сургууль, Нийгмийн ухааны академид суралцаж эрдэм номын зэрэг дэв хамгаалдаг байв. Намайг оюутан байхад Зөвлөлтийн Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид нутгийн сайхан ах, яруу найрагч Тоомойн Очирхүү, манай сумын Түвдэн Аалиагийн хүү Очирхүү, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчээр олон жил ажилласан Я.Лосолсүрэн ах, төгсөж ирээд Говь-Алтай, Баянхонгор аймгийн даргаар 10 гаруй жил ажилласан Түдэвийн Төмөрбаатар ах, Дарханаас очсон нутгийн сайхан ах Даваагийн Лхашид, бидний  багш Д.Цахилгаан, цэл залуугаараа алдаршсан зохиолч Т.Баасансүрэн нарын олон хүн суралцаж байлаа. Аспирантурт суралцаж байгаа хүмүүсийг ажиглахад янз янз. Зарим нь тухтайхан хооллож, ундаалах завгүй шамдана.   Т.Очирхүү, Д.Лхашид ах, Т.Баасансүрэн нарын хүмүүсийг харахаар аспирантур гэдэг “барж идэхгүй хоол” мэт санагддагсан. Бас зарим нь их чөлөөтэй, тэгтлээ уншиж судлаад толгой өөд татахгүй суугаад байгаа нь харагдахгүй.


  Хэдхэн жилийн дараа надад бас аспирантурт суралцах боломж олдсон.  Миний үеийн аспирантууд дотор өмнө нь Намын дээд сургууль, Нийгмийн ухааны институтэд ажиллаж байсан   А.Цанжид,  Ө.Энхтүвшин, В.Отгоннасан, Б.Ган-Өлзий нарын “бараг эрдэмтэн” шахуу нөхөд олон байсны нэг нь Надмидын Бэгз билээ. Н.Бэгзийг “Дээд боловсролын хорооны” гэж тодотгоно. Учир нь тэрбээр 1975 онд Улсын багшийн дээд сургуулийг орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр төгсөөд төрөлх сургуульдаа ганцхан жил ажилласны дараа Улсын дээд, тусгай дунд боловсролын хороонд арав шахам жил ажиллаад аспирантурт элссэн юм билээ. Намаас инженер, техникийн боловсон хүчнийг бэлтгэх талаар авч явуулсан бодлого, үйл ажиллагаа, боловсролын түүхийн асуудал судалдаг, зөв чөлөөгөөрөө ихэвчлэн гар бөмбөг тоглож харагддаг, нөхөд нь “их ирээдүйтэй хүн” гэж тодорхойлдог, эрдэм шинжилгээ судалгааны ажилд гаршсан, илүү дутуу зангүй, олонтой нийцтэй хүн шиг санагддагсан. Бас тэгтлээ хэн нэгэнтэй ойр дотно үерхэж байгаа нь харагдахгүй. Цэмцгэр талдаа.

 

   Эдний ангийнхан 1988 оны хавар ээлж дараагаар хамгаалаад нутаг буцацгаасан. Н.Бэгз МАХН-ын Төв Хорооны шинжлэх ухаан, боловсрролын хэлтэст шинжлэх ухаан, дээд боловсролын асуудал хариуцан ажилласан. Төв Хорооны аппаратад ажиллаж, бичиг баримт боловсруулах цаг наргүй ажилд нухлагдаж бүрэн гүйцэд танигдаж, бүх талаар бэлтгэгдсэний дараа удирдах хариуцлагатай албан тушаалд томилдог байлаа. Өнөөдрийнх шиг өчигдөрхөн лааз өшиглөж явсан хүн маргааш нь сайд дарга болчихдог бусармаг тогтолцоо байсангүй. Н.Бэгз өгсүүр, бартаатай боловч нэгэнт тогтсон замаар итгэлтэй урагшилж байлаа. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараа уламжлал болоод байсан боловсон хүчний энэ бодлого өмнөх нийгмийн тогтолцоотой хамт улиран одож хүмүүс нэг хэсэг үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнацгаасан. Намын Төв Хорооны аппаратаас лав 200 гаруй хүн цомхотгогдсон юмдаг.

 

   Бие биеэ сураглаж, чих тавьж байдаг нь таньдаг мэддэг хүмүүсийн хувьд ердийн зүйл. Амьдралд байдаг л нэг ёс. 1990-ээд он эхээр Засгийн газар солигдох бүрт бид “Нөгөө Бээгээ маань хаана байгаа вэ” гэлцдэгсэн. Бэгзийн сураг Шинжлэх ухаан, боловсролын яам хавьцаа дуулддаг байлаа.

 

  Н.Бэгз 1990 оны хавар Ардын боловсролын яамны дэргэдэх мэргэжлийн боловсролын арга зүй, судалгааны төвд эргэн иржээ. Төв бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, салж нийлсээр өнөөдрийн Боловсролын хүрээлэн болсон түүхтэй. Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажлаа эхэлсэн Н.Бэгз хүрээлэнгийн дэд захирал, улмаар захирлаар 14 дэх жилдээ ажиллаж байна.

 

  Тодорхой зорилго тавьж, эрдэм номд шамдсан эрдэмтэн хүний бүтээлч хөдөлмөрийн хорин жилийн үр дүнг өнөөдөр эргэн харахад үнэхээр бахархалтай. Тэр 1991 оноос манай улсад анх удаа сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалаас өөр судлагдахуунгүй байсан Боловсролын хүрээлэнд боловсрол судлалын шинэ чиглэл, дэг сургуулийг үүсгэсэн. Боловсролын түүх, боловсролын философи, боловсролын менежмент, боловсролын социологи, боловсролын эрх зүйн судалгааг цоо шинээр эхлүүлсэн нь өнөөдөр манай улсын шинжлэх ухаанд бие даасан чиглэл болон амжилттай хөгжиж байна.  Судалгааны хэдэн арван ажил хийгдэж, сургалт явагдаж, олон ном, сурах бичиг гарсан. Хамгийн гол үр дүн нь дагнасан судлаач, эрдэмтэдтэй болсон. Энэ хугацаанд профессор Н.Бэгз боловсрол судлалын 22 докторын, 40 шахам магистрын ажил удирдан хамгаалуулж, шинжлэх ухааны гурван докторын зөвлөхөөр ажиллажээ. Эдгээр эрдэмтэн шавь нар нь өнөөдөр дээрх чиглэлүүдийг толгойлон ажиллаж, хүрээлэнгийнхээ эрдэмтэдийн цөмийг бүрдүүлж байна. Одоо түүний шавь нараас 12 хүн Монгол Улсын боловсролын хөгжлийн онол, арга зүйн асуудлаар өндөр хөгжилтэй орны их сургуулиудад докторын зэрэг хамгаалахаар суралцаж, судалгаа хийж байна. 

 

  Шинэчлэлт, өөрчлөлт хамгийн их хийгдсэн салбар бол яах аргагүй боловсролын салбар. 1991 оноос эхлэн  Монгол Улсын боловсролын хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг  шинээр боловсруулж, байнга шинэчилж, өөрчилж ирсэн. 1990 - 1996 онд Боловсролын шинэчлэлийн үндэсний зөвлөл байгуулагдан ажилласан. Эдгээр баримт бичгүүдийг шинээр боловсруулах, шинэчлэх бүх л үйл ажиллагаанд Н.Бэгз ажлын хэсгийн гишүүний хувьд тэргүүлэх үүрэгтэй оролцсон. Боловсролын хөгжлийн бодлогыг томьёолох, тодорхойлох гэдэг тийм ч гар хурууны үзүүрээр хийчихдэг ажил биш. Суурь болон хавсарга судалгаа хийж, гадаад, дотоодын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Н.Бэгз 1990 оноос Монгол Улсын албан ба албан бус боловсролын дэд тогтолцоо, төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн онол, арга зүйг томьёолж хуульчлах ажилд оролцож, дээд боловсролд сургалтын кредит систем нэвтрүүлэх судалгаа, ерөнхий боловсролыг 11-12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх агуулга, арга зүйг тодорхойлж турших, түүнийг сургалтын практикт нэвтрүүлэх, 2008-2009 оны хичээлийн жилээс 6 настай хүүхдийг бага сургуульд авч сургах зэрэг нүсэр ажлын судалгааны багийг удирдаж амжилттай хэрэгжүүлснээр манай боловсрол бүхий л хүрээгээ хамран олон улсын нийтлэг жишигт нийцэн хөгжих боломж улам бүрдсээр байна. Н.Бэгз 1995 оноос хойш эрдэм шинжилгээний дотоодын 10 гаруй төсөлт ажлын удирдагчаар, гадаадын дагнасан болон хамтарсан хэд хэдэн төсөлд оролцогч, удирдагчаар ажиллажээ. 1993 онд “Монголын боловсрол, хүний хүчин зүйл” судалгааны Монгол-Америкийн багт боловсролын удирдлагын багийн ахлагч, 1995, 1999 онд БНСУ, БНСВУ, ЮНЕСКО-той хамтарч хэрэгжүүлсэн Монголын боловсролын тогтолцооны олон улсын харьцуулсан судалгаанд оролцогч, 2002 онд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх “Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр-2” төслийн техникийн туслалцааны судалгаанд дотоодын зөвлөхөөр ажилласан ба 2003 оноос ЮНЕСКО-гийн шугамаар хэрэгжиж буй бичиг үсгийн боловсролын үнэлгээ хөтөлбөрийн багийн ахлагчаар, Боловсролын жендер төслийн үндэсний зохицуулагчаар ажиллаж эх орныхоо үндэсний боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, таниулах, тэдний дэмжлэг, туслалцааг авах үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа билээ. Иргэний боловсролын үндэсний хөтөлбөр, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр, “Боловсрол” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг боловсруулах судалгааны багуудыг профессор Н.Бэгз удирдсан.

 

   Хөндлөнгөөс харж шүмжлэх шиг амархан зүйл үгүй. Хүн гэгч мэддэггүй зүйлдээ илүүтэй “урт хэлтэй” байдаг. Харин судалж, харьцуулж, жишиж, өөрийн уламжлал, онцлогт нийцүүлэн нутагшуулах, үүний тулд оновчтой зөв шийдвэр гаргуулах гэдэг тун ч төвөгтэй. Тэгээд ч одоо аль ч салбарт мэргэжлийн удирдлага хомсдож, шийдвэр гаргах түвшинд халаа солио, халгиа цалгиа ихтэй байгаа нь шинжлэх ухаан, судалгааны байгууллагын үүргийг улам бүр нэмэгдүүлж байна. Шинжлэх ухааныг сонсох хүн ч тааралдана, бас мэдэхгүй  мөртлөө мэддэг, гадарладаг хүмүүсээ үгүйсгэгчид ч “толгойд” заларна.

 

   Н.Бэгзийн оюун ухаан, гар бие оролцсон эрдэм шинжилгээ, судалгааны 250 гаруй бүтээл бий. Эрдэмтэн нөхөдтэйгөө хамтарч болон дангаараа 25 ном, товхимол туурвиж, эрдэм шинжилгээний 100 шахам өгүүлэл нийтүүлж, 50 гаруй илтгэл хэлэлцүүлж, 50 гаруй ном хянан тохиолдуулсан гээд тоогоор илэрхийлбэл уртын урт жагсаалт гарна. Боловсрол судлалын шинжлэх ухааны салбарт гадаад, дотоодын эрдэмтэд доктор Н.Бэгзийн бүтээлээс хамгийн олон удаа ишилжээ. 30 гаруй бүтээл нь ОХУ, БНСУ, Япон, Тайланд улсад орос, англи, солонгос хэлээр хэвлэгджээ. Дотооддоо төдийгүй гадаад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх нь эрдэмтэн хүний хувьд хамгийн том шалгуур байдаг. Энэ өндөр босгыг Н.Бэгз багш аль хэдийнээ алхан оржээ.

   Судалгаа, шинжилгээний нүсэр ажлаа хэвлэн нийтлүүлэх үйл ажиллагаатай нягт холбодог нь түүний нэг онцлог. Тэр бүр 1976 оноос “Сурган хүмүүжүүлэх зүйн асуудлууд” цувралын нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. 2002 оноос гарч эхэлсэн “Боловсрол судлал” сэтгүүл өнөөдөр энэ салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, нийтлэлийн үндэсний хэмжээний мэргэжлийн гол сэтгүүл болсон билээ. Оюутан залуучуудаас эхлээд судлаачид, магистрант, докторантууд сургалт, судалгааны ажлын гарын авлага, сурах бичгийн түвшинд ашиглаж байна. Монголын боловсролыг гадаадад таниулах, гадаадын боловсролыг Монголд сурталчлах нь сэтгүүлийн нийтлэлийн бодлогын онцлог юм. 

 

   Боловсролын салбарт ажиллагсадын олонхи нь эмэгтэйчүүд. Тэгээд ч хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд судалгаа, шинжилгээний ажилд илүү тууштай, нягт нямбай хандаж байх шиг харагддаг. Боловсролын хүрээлэнгийн эрдэмтдэд байдаг нийтлэг нэг шинж бий. Тэд бичиж боловсруулахдаа илт давуу. Ихэнх нь гадаадын 1-2 хэлийг сайн эзэмшсэн. Судалгааны тодорхой чиглэлээр мэргэшсэн. Бас ажилдаа үнэнч. Ихэнх нь Бэгз багшийн “школ”-той. Эрдэмтэн багш хүнд бүхэл бүтэн нэг үеийг дагуулж өсгөж, бойжуулахаас илүү алдар гавьяа гэж үгүй. Угийн даруухан хүн болохоор Бэгз багш шавь нараа магтаж, мандуулаад байх нь ховорхон. Гэхдээ тэднийхээ өсөлт, хөгжилт, бүтээл туурвилд сэтгэл нэн хангалуун байдаг нь аяндаа харагдана. Нэг хэсэг хүмүүс чадахгүй, мэдэхгүй мөртлөө албан тушаал, суудал, сандлын төлөө  ая эв, арга чарга хайн үхэлдэн гүйлдэж байхад бас оюун ухаант цөөхөн хүн энэ бүхнээс ангид байж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээн зүтгэж байх юм. Ийм хүмүүсийн сэтгэл, зүтгэл дээр эх орон маань оршин тогнодог билээ. Надмидын Бэгз үнэхээр УДИРДАГЧ хүн мөн.

 

                                                                               Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ  

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:16:52
Visitors Counter