Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

САЙД

    Алдарт Шаргын говийн төв дунд орших сумынхаа бага сургуулийг төгссөн бидний хэдэн хүүхэд одоогоос яг 45 жилийн өмнө 1966 оны налгар намар   аймгийн 10 жилийн дунд сургуульд суралцахаар очсон билээ. Бага сургууль төгссөн хүүхдүүдийн зарим нь мал маллахаар хөдөө гарч, бас зарим нь нутаг ойролцоо Баян-Уул сумын дунд сургуульд суралцахаар явж манай ангийнхан хэдэн тийшээ амьдралын анхны зам мөрөө хөөн одоцгоосон хэрэг. Аймаг 10 жилийн ганцхан дунд сургуультай байсан болохоор тэрхүү алдартай сургуульд суралцана гэдэг үнэхээр нэр төртэй хэрэг байлаа. Сургуулийн олон цагаан баганатай хоёр давхар хичээлийн байр аймгийн төвд их содон. Холоос сүрлэг сайхан харагдана. Ер нь аймгийн соёлын ордон, 10 жилийн сургууль хоёр л хүний нүдэнд эхэлж тусдаг байсан санагдана.


    Ахлах ангийн хүүхдүүд нэг л өөр. Ялангуяа 10 дугаар ангийнхан бол багш нараас бараг ялгарахгүй.  Сургуулийн дотуур байранд хүртэл нэг л эзэн шинжтэй. Манай сургуульд сурагчдын зөвлөлийн дарга Ц.Бавуудорж, Байрын зөвлөлийн дарга Т.Билэгт, соёлч нөхөрлөлийн ахлагч Бумцэнд, онц сурлагатан А.Цанжид, Р.Бямбаа, “Сурагч” шуудан хорооны дарга Н.Төмөрхүү  нарын олон алдартай хүүхдүүд суралцдаг байв. Т.Билэгт гэхэд дүү ангийн хүүхдүүдэд их сайн, хүнгэнэсэн бүдүүн дуутай өндөр бор залуу. Гэм нь биднээр их тохуурхана. Тоглоно. Хоол дахиж идэх зэрэг заль мэхийн шинжтэй, гэм зэмгүй арга ухаанд дагуулж сургана. Түүндээ их л таашаал авч байгаа бололтой, яралзтал инээж суудагсан. Харин А.Цанжид их өөр хүүхэд байлаа. Хичээлээ тараад сургууль, байраар үзэгдэх нь  ховор. Бодвол гэртээ, эсвэл айлд байдаг байсан байх. Багш нар “манай хамгийн ирээдүйтэй сурагч. Их юм дуулгана” гэж ярилцах нь бидэнд хүртэл дуулддаг байлаа. Манай түүх, газар зүйн багш Ш.Түмэндэлгэр нэгэнтээ “энэ төгсөх ангийн Цанжид алсдаа сайд, эсвэл том эрдэмтэн болох хүн байгаа юм” гэж билээ. Тэр үг олон хүүхдийн сэтгэлд хоногшсон юм билээ. Бидэнд ч бас зорилго, тэмүүлэлтэй байж сайн суралцвал хэн юунд хүрч болохын уриа дуудлага болсон байж мэдэх юм. Багш нар манай сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд сургууль, соёлын мөр хөөсөн Лодонгийн Түдэв багш, Мишигийн зээ хүү, зохиолч Цэдэндорж, орос хэлний багш С.Галсан нарын тухай байнга жишээ болгон ярьдагсан. Үнэхээр Алтайчуудын бахархал болсон гайхалтай хүмүүс байлаа.

 

    Ах ангийнхан төгсөж хол, ойрын сургуульд суралцахаар явцгаасан. Тэр үед их, дээд сургуульд элсэн суралцах завшаан их цөөхөн хүүхдэд олддог байжээ. Тэр жилийн төгсөлтийнхнөөс Аюурзанын Цанжид Польш Улсад суралцах ганц хуваарийг авсан юмдаг. Бүр Москвагаас цааш гэж бодохоор үнэхээр хол юм шиг санагдаж байсан. Бидний үеийнхэн Москваг тэнгэрийн хаяа, ертөнцийн төв ухааны юм боддог байлаа.

 

   Дараа жилийн намар манай Шарга сумын хүүхдүүд Халиун суманд байгуулагдсан дунд сургуульд шилжин суралцсан. Халиун сумын сургуулийн багш нар мөнөөх 10 жилийн сургуулийн онц сурлагатан А.Цанжидыг “манай сумын хүүхэд” гэж магтан шагшдаг, аав нь сумын төвийн хүнсний мухлагийн нярав байлаа. Бид тэрхүү мухлагт бараг өдөр бүхэн очно. Зөөлөн, тос даасан ааруул, бас заримдаа мөнгөө нийлүүлэн үхрийн зузаан шаргал өрөм авч иднэ. Тунчиг нямбай жижигхэн бор өвгөн. Тооцоонд их нягт нямбай. Бас “хэрэгтэй, хэрэггүй чихэр авч хэдэн төгрөгөө үрж, шүдээ сүйтгэж байснаас ааруул, ээзгий  хамаагүй дээр” гэж зөвлөнө. Холын холд явсан хүү нь амралтаар ирэхээр хоёр хөгшиний нар гарна. Цав цагаан костюмтай, жирэвгэр хар сахалтай, ихэвчлэн тод улаан цамц өмсдөг Цанжид шиг ганган шаавай залуу Халиуны тосгонд байтугай аймгийн төвд ч байгаагүй юмдаг.

 

     А.Цанжид сургуулиа төгсөж, цахилгааны инженерийн мэргэжил эзэмшээд аймгийнхаа барилга угсралтын конторт ажиллаж эхэлсэн. Жил хэртэй ажиллаад аймгийн эрчим хүчний үйлдвэрийн дарга болсон юм. Залуу ажилтнуудыг дэмжиж, албан байгууллага толгойлуулан зоригтой дэвшүүлж ажил амьдралд сургахад онцгой анхаардаг байсан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Хүрлээ, аймгийн дарга И.Гүлхүү нарын анхааралд өндөр боловсролтой, польш, орос хэлийг “ус цас” шиг эзэмшсэн, нягт нямбай, ажил хэрэгч залуу инженер эхэлж өртсөн нь тодорхой. Тэр үед аймгийн үйлдвэр, аж ахуйн болон эрүүлийг хамгаалах зэрэг гол гол байгууллагуудын дарга нарын дийлэнх нь гуч хүрээгүй залуучууд болсон юмдаг.

 

    Орон нутгийн эрчим хүчний үйлдвэрүүдээс жигд ажиллагаа, тохижилт, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал зэрэг олон үзүүлэлтээр Говь-Алтай аймгийн эрчим хүчний үйлдвэр улсдаа тэргүүлж байсныг зүй ёсоор үнэлэн Үйлдвэрийн залуу даргыг аймгийн Намын хороо баярын бичиг, Түлш, эрчим хүчний яам хүндэт жуухаараа шагнаж байсан юм билээ. Миний мэдэхийн л хамгийн тос, тортогтой эрчим хүчний үйлдвэрийн дарга мөнөөх оюутан ахуй үеийнх шигээ ихэвчлэн цагаан, цайвар өнгийн хувцастай явдаг ганган шаавай хэвээрээ байсан. А.Цанжид аймгийн нам, олон нийтийн байгууллагуудын ажилд их идэвхтэй оролцоно. Улс төрийн сургууль, семинарт багшилж, утга зохиолын дугуйланд оролцож,   үзэг цаас нийлүүлэхийн “дон” туссан бидэнд үе үе ахадмаар ухаалаг шүлэг зохиолоо уншиж өгнө. Бас польш хэлнээс шүлэг орчуулна. Англи хэл шимтэн үзнэ. Орчноо гэгээрүүлж, үе тэнгийнхнээ болон нутгийн дүү нараа хурцалж, араасаа дагуулж явсан нь түүний нэгэн цагийн том гавьяа мөн.

 

    1980 онд А.Цанжид аймгийн төлөвлөгөөний комиссын орлогч дарга Б.Баянжаргалын хамт элсэлтийн шалгалт өгч Намын дээд сургуулийн хоёр жилийн ангид элсэв. Москвагийн комсомолын дээд сургуулийн гуравдугаар курст суралцаж байсан миний бие энэ үеэр аймгийн намын хорооны боловсон хүчний тасагт дадлага хийж байлаа. Элсэлтийн шалгалт авсан Намын дээд сургуулийн багш нар “Танай хоёр залууд ингэхэд манай сургууль юу сургах юм бэ. Энэ хоёр залуу чинь одоо гэхэд манай дээдийн төгсөгчдөөс аль ч талаараа хавьгүй илүү юм. Цанжид л гэхэд гурван ч гадаад хэл мэддэг юм байна” гэж гайхаж байсныг аймгийн намын хорооны тасгийн эрхлэгч Ш.Дамаа гуай бид хоёр зэрэгцэж суугаад сонсож байсан юмдаг.

 

    А.Цанжид сургуулиа төгсөөд Намын дээд сургуульдаа үлдэж 18 жил багшилсан. Цанжидын сургууль ном Намын дээд сургуулиар өндөрлөөгүй. Тэрбээр тухайн үеийн хамгийн босго өндөртэй Москвагийн Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж 1988 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж төгссөн. Их ч ажилласан, тун чамбай бүтээл туурвисан. Зөвлөлт Холбоот Улсад өрнөсөн өөрчлөн байгуулалтын хамгийн халуун он жилүүдэд Москвад амьдарч, суралцах хувь завшаан бидэнд тохиосон билээ. Өөрчлөн  байгуулалт хүчээ авч, ардчилал, ил тод байдлын үр шим дэлгэрч, хаалттай, хориотой байсан зарим ном, зохиолыг унших боломж гарч байлаа. В.Бежинский зэрэг барууны улс төрчдийн хэлсэн, бичсэн зүйл бидэнд тун сонин содон байхад Цанжид бүтээл номыг нь аль хэдийнээ зохиогчийн   польш эх хэл дээр нь уншиж судалсан байв. 

 

   Тэрбээр сургуулиа төгсөж ирээд 1988 оны аравдугаар сард “Үнэн” сонинд “Үзэл суртлыг өөрчилье” өгүүлэл нийтлүүлсэн нь тухайн үедээ том зориг, ардчиллын шан таталцсан анхны алхмуудын нэг байлаа. Польшод хар багаасаа суралцаж, барууны гэгдэх үзэл, онол баримтлалд ойр байсны хувьд Цанжид өөрчлөн байгуулалтын хувь заяаг арай өөр өнцгөөс харж байсан. Их, дээд сургуулиудад шинжлэх ухааны коммунизмын онолын хичээл хаагдаж, багш оюутангүй гар мухардахын цаг дор тэрбээр “Улс төр судлал” гэсэн анхны сурах бичгийн зохиогч болсон. Энэ сурах бичгийг бичихэд түүнд польш хэл нь тусалсан. Би лав нэг номыг Москвад бүрэн эхээр нь олшруулж өгч байсан юмдаг.

 

    1990-ээд оны эхний жилүүдэд А.Цанжид ихэвчлэн улс төрийн халуун тэмцлийн арын фронтод байсан. УИХ-ын даргын зөвлөх, МАХН-ын сургалт судалгааны төвийн захирлаар ажиллаж өөрийн төрөлх намын шинэчлэлд жинтэй хувь нэмрээ оруулсан. МАХН 1996 оны төгсгөлөөс эхлэн ардчилсан социалист үзэл баримтлалыг онол суртахуунаа болгон сэргээн авахад тэр гол онолч нь байв.  Улсын Их Хурлын 2000 оны сонгуульд намын штабт ерөнхий менежерээр ажиллаж, бараг ихэнх суудлыг эзэлсэн ялалт байгуулахад А.Цанжид онцгой үүрэг гүйцэтгэсэн. Ялсан нам Засгийн газраа байгуулахдаа Аюурзанын Цанжидыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилсон билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан гурав гурвалсан морьд мэт санагддаг боловч гурван тийшээ хараад зүтгэвэл аль аль нь бие даах түвшний салбарууд. Шилжилтийн ороо бусгаа үеийг даван туулж, аль болох тогтвооржуулах шаардлагатай байсан үед А.Цанжидад энэ салбарын ачааг үүрүүлсэн нь үнэхээр оновчтой, зөв сонголт байсан. Цанжид сайн боддог хүн. Юуны өмнө багтаа ажиллаж байгаа хүмүүсийн ажил үүргийг зөв хуваарилсан. Сайд дэд сайдаасаа эхлээд хүн бүрийг хариуцсан ажлаа бие дааж, шийдвэр гаргаж гүйцэтгэх ёстой гэсэн зарчмыг хатуу баримталсан. Яамны аппарат тун жигд ажилласан. Ягшсан зохион байгуулалттай учир сандарч тэвдэн “түргэн авахуулах” нь ховор. Шинэчлэлт, өөрчлөлтийг гүнзгийрүүлэхдээ хүрсэн түвшинээсээ ухрахгүй байх, авах, гээхийг зөв хослуулах, үндэсний стандарт, тогтолцоогоо улам боловсрронгуй болгоход түүний нухацтай бодлого чиглэгдэж байсан. Хамтран зүтгэгчдээ хөгжүүлж, ажилд нь аль болох бага оролцохыг эрмэлзэж байгаа нь алхам тутмаас нь харагддаг байлаа.

 

    Боловсрол, соёл, шинжлэх ухаанд өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ тогтсон дэг сургууль /школа/, уламжлалаа хадгалж явах нь түүнээс ч дутуугүй чухал. Ялангуяа тухайн улсын ерөнхий боловсролын үндэсний стандарт нь төрийн хар хайрцагийн гэгддэг бодлогын нь тусгал, удиртгал, бас тусгаар тоогтнолын нь билэгдэл байдаг учир жанцантай. Энэ бодлогыг А.Цанжид ягштал баримталж ажилласан. Ерөнхий боловсролыг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх, орон даяар улсын нэгдсэн шалгалт авдаг болох боломжийг бүрдүүлэх, дээд боловсролд хувийн секторыг хөгжүүлэх, шинжлэх ухааныг либералчлах, соёл, урлагийн байгууллагуудыг зах зээлийн горимд зөв шилжүүлэх гээд олон оновчтой  бодлого боловсруулан хэрэгжүүлсэн юм. Засаг ч бас бэл бинчинтэй болж эхэлсэн тул сургууль, цэцэрлэгийн 60 гаруй барилга шинээр бариулж, өнгө зүсээ алдсан мянга гаруй барилга байшинг сэргээн засварласан гээд түүний үед хийсэн бүтээсэн бүхнийг тоочвол том тайлан гарна. Харин зохиогч энэ бүхнийг нуршин тоочихыг зорилго болгосонгүй.

 

    А.Цанжид жинхэнэ сайд байлаа. Хамтран зүтгэгчиддээ дарамт багатай, хашгичиж загнаад байх нь ховор. Оновчтой цөөн үгтэй. Багыг бага, ихийг их гэлгүй салбарын асуудал бүрийг жигд харна. Хүний үг сайн сонсоно. Үндэсний бахархал, уламжлалаа илүү барина. “Манай ерөнхий боловсролын сургалт дэлхийн бусад орнуудынхаас түрүүлээгүй ч хоцроогүй” гэж нэгэнтээ хэлж байв. “Прагматик сургалт л гэх юм. Гэтэл прагматик сургалт, академик сургалт хоёрын аль аль ах нь юм бэ. Сургалтын энэ хоёр арга хослоод явбал яах вэ. Политехник сургалт илүү прагматик, харин ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн сургалтад академик сургалт давамгайлж байвал зөв юм шиг” гэхчлэн бусдыг өдөж, сэдэв санаа өгч ярилцагчийнхаа сонирхолыг татна.

 

    Урлаг, соёлынхонд их элэгтэй. Энэ салбарыг бараг илүү сайн мэднэ. Найруулагч Л.Эрдэнэбулган гуай соёлын бодлогын зөвлөхөөр  нь ажиллаж байв. “Манай Баатар ван” л гэнэ. Аливаа зүйлийг бага гэлгүй аль болох үлдэцтэй, олон жилийн настай хийхийг чухалчилна. А.Цанжид 2004 онд Говь-Алтай аймгаасаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. Тэрбээр зөвлөхөөр нь ажиллаж, Төрийн ордонд төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө бариулсан. Үнэхээр уйгагүй ажилласан. Монгол хүний төдийгүй гадаадын зочид, гийчдийг бахархал, хүндэтгэлийг татсан хосгүй сайхан өргөө болсон байна билээ. Баян тансаг Монгол орон бүхлээрээ багтсан гэхэд хэтрүүлэг болохгүй.

 

     Харин 2008 оноос хойш А.Цанжид шуугиант улс төрөөс аажмаар холдож эхэлсэн. Холдсон ч юм уу, хотгосон ч юм уу, хэлэхэд хэцүү. Гэхдээ угийн хэрсүү, холын бодолтой хүн болохоор улам их бичиж, туурвиж байгаа юм билээ. Монгол орныхоо хөгжлийн асуудлаар өөрийн “цогц” бодлоготой хүн. Харин одоо бусдын бодож санаж, сэтгэлээ чилээж, бичиж туурвисныг уншиж судалдаг, эргүүлж тойруулж хардаг хүмүүс төр, засгийн дээд түвшинд байдаг юм болов уу даа.

 

     Өнөр өтгөн өрхийн тэргүүний хувьд үр хүүхдүүддээ тусалж, чиг мөрийг нь зааж, үүсгэн байгуулсан “Соёмбо” дээд сургуулиа бэхжүүлж, ач зээ нараа эрхлүүлж, эрүүл мэнддээ илүүтэй анхаарч нам гүмхэн аж төрөх нь түүнд эрхэм байгаа бололтой.

 

    Саяхан Цанжид маань надад шүлгийн номоо бэлэглэв. Түүнийг сайн шүлэгтэй гэдгийг би эхэнд өгүүлсэн. “Бодь модны доор бодлогоширном би” гэсэн энэ ном уншсан хүний анхаарлыг өөрийн эрхгүй татна. Цанжидын  шүлэг бүр өвөрмөц юм. Бодол, ухаан илүүтэй шингэжээ. “Сайхан шүлэг унших нэг л жаргалтай” гэсэн шүлэг байна. Үнэхээр тийм байдаг даа. Бусдаар бахархаж, баярлах сэтгэл чухамдаа яруу найрагчид л байдаг юм. Хөөрөн догдолмоор, хөвсөлзөнхөн бүжиглэмээр, хөнгөн шүүрс алдмаар, амин хайртай Алтай нутагтаа очоод ирэх шиг, байн байн бодлогоширмоор олон шүлэг энэ номд байна. Шүлэг зохиол бичнэ гэдэг зургаадахь мэдрэхүйн үйлдэл.

 

    Аюурзана аав, Ванжил ээжийн хайртай хүү Цанжид бодь модны доор ганцаар бодлогоширон зогссонгүй, бид ч бас   өнгөрүүлсэн хийгээд өнгөрүүлэх олон олон он жилүүдээ дурсан хамтдаа  зогсном.

 

Ухаан бодлын охь нэрж бодлогоширох сайхаан.

 

                                                         Сэтгүүлч Вандангийн АЛЗАХГҮЙ 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:18:09
Visitors Counter