Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

УМАРД НУТАГТ АЛТАН ГАДАС ОД ИЛҮҮ ТОД,ОЙРХОН ХАРАГДДАГ

Якутын Бүгд Найрамдах Улс манай Говь-Алтай болон Баянхонгор аймагтай шууд харилцаатай байлаа. Харилцан айлчилж, туршлага судлах нь энэхүү хамтын ажиллагааны хамгийн түгээмэл хэлбэр байв. Хоёр орны залуучуудын байгууллага ч их өргөн харилцаатай байсан бөгөөд ээлжлэн бие биедээ зочилдог, залуучуудыг урамшуулан идэвхжүүлэхэд чиглэгдсэн олон арга хэмжээг хамтран зохион байгуулдаг байлаа. 1986 оны намар Якутын комсолмолын байгууллагын төлөөлөгчид манай аймагт зочлов. Зочдын бүрэлдэхүүнд заавал орос хүн ордог байсан боловч харин энэ удаад гурван якут залуу ирсэн нь тухайн үедээ их л содон байлаа. Төлөөлөгчдийн тэргүүн нь мужийн комсомолын хорооны нарийн бичгийн дарга Александр Васильевич Мигалкин байв. Бид уламжлал ёсоор аймгийн төвд залуучуудын найрамдлын цуглаан зохион байгуулж, дараа нь Шарга,Төгрөг, Бугат гэсэн гурван суманд зочдоо айлчлуулсан. Манай орон нутгийнхан зөвлөлтийн хүмүүст, ялангуяуа якутын анд нөхөддөө чин сэтгэлээс ханддаг байсан үе. Александр Васильевич олон хүнд таалагдсан юмдаг. Илэн далангүй яриа хөөрөөтэй, хээ шаагүй, махлаг цагаан залуу. Сумын клубт болсон залуучуудын үдэшлэгт оролцон орос, якут дуу дуулж, баян хуур хөгжим тоглон залуучуудыг бүжиглүүлж үнэхээр хөгжөөн баясгаж  байв.

 

Бугат сумаас буцаж яваад Саша зам дагуу харагдах айлыг зааж “Би энэ гэрт очмоор байна” гэв. Тэр үед гадаадын зочдын очих айл, явах маршрутыг урьдчилан тогтоож бэлтгүүлдэг байсан боловч Сашагийн хүсэлтийг няцаах боломжгүй байлаа. Гэрийн эзэд малчин хүний өглөөний их ажилтайгаа зууралдаж, харин багачууд нь босч амжаагүй байв. Зуух тойруулан хүүхдүүд тавьж хоносон аягатай хоолоо жирийтэл өрсөн байлаа. Саша хоймор суунгуут нэг аягатай хоолыг авч идэж гарав. Тэгснээ хоолой зангируулан:

 

          -Би якутын хөдөө тосгоны 12 хүүхэдтэй айлын найм дахь хүүхэд. Бид бас ингэж өссөн. Бид оройн хоолоо идэхээр ширээ тойрон суудаг байлаа. Насны эрэмбээр суудаг байсан тул надад хамгийн захын суудал ноогдоно. Манайхан туулайн мах их иддэг байв. Надад ихэвчлэн толгой, заримдаа бүр хоёр ч толгой өгдөгсөн. Хаа, гуяыг нь аав, ээж, бас том ах, эгч зооглоно. Би яг л төрсөн гэртээ байгаа юм шиг байна гэж ярьж билээ. Магадгүй түүний энэ илэн далангүй яриа, чин сэтгэлийн үг, өр зөөлөн сэтгэл нь биднийг улам ойртуулж, өнө удаан үерхэж нөхөрлөхийн үүдийг нээсэн биз ээ. Холын зочны илэн далангүй яриа гэрийн эздэд маш их таалагдсан. Арав гаруй хүүхэдтэй ийм нэгэн малчин айлд хоёр жилийн дараа манай улсын хоёр сая дахь иргэн мэндэлсэн түүхтэй.

 

1987 оны хавар  Якутад Говь-Алтай аймгийн соёлын өдрүүдийг зохион байгуулах үеэр би Сашагийн төрсөн нутаг  Боргонцы тосгонд очиж ээжтэй нь уулзсан. Лена мөрний эрэг дагуу орших энэхүү жижиг суурин Усть-Алданы районы төв юм. Районыг одоо “улус” гэдэг болсон юм билээ. Ер нь якут хэлэнд олон монгол үг бий. 

 

 Екатерина Ивановна Александрова гуай надад гэр бүл, үр хүүхдүүдийнхээ тухай ярьж өгсөн. 9 хүүхэд төрүүлж өсгөсөн сайхан ээж нөхрийнхөө дагавар гурван хүүхдийг ч бас хамт өсгөжээ. Дайны дараах хүнд жилүүдэд 12 хүүхэд өсгөж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх мэдээж амар байсангүй. “Зөвлөлт засаг Коммунист намын нь үнэнч гишүүн байсан боловч эцгийг минь нударган баян хэмээн бүх  хөрөнгийг нь хураасан тул надад хүүхэд нас гэж бараг байгаагүй. Миний нөхрийн гурван том хүүхэд  дүү нараа  асран өсгөлцсөн, бас суралцахын зэрэгцээ ажил хийж ээждээ хамгийн их дэм тус болсон учир би өөрийн хүүхдүүдээс ч илүү гурван томдоо хайртай” гэж ярьж байсан нь өчигдөрхөн юм шиг тод санагдаж байна. Хүүхдүүд нь цөм сургууль төгсөн мэргэжил боловсрол эзэмшжээ. Гурван хүүхэд нь Якутын улсын их сургууль төгссөний нэг нь Саша билээ. Үндэсний их сургуулийнхаа гадаад хэлний факультет төгссөн тэрээр хөдөөгийн дунд сургуулийн англи хэлний багшийн ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, районы комсомолын хорооны нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Мужийн хорооны нарийн бичгийн дарга гэхчлэн албан тушааалын шат дамжлагаар ямагт дээшээ, тасралтгүй авирсан. Дүү Афанасий нь одоо Засгийн газрын гишүүн, үндэстэний асуудал эрхэлсэн улсын хорооны даргаар ажилладаг. Би Сашагийн ах Иван Васильевич Мигалкинтай илүү ойр дотно харилцдаг.   Москвагийн алдар цуут Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн энэ сонин, содон яруу найрагч хорь гаруй ном хэвлүүлсэн, ОХУ-ын зохиолчдын эвлэлийн гишүүн, Бүгд найрамдах улсынхаа соёлын гавьяат зүтгэлтэн хүн. Манай улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, орчуулагч Х.Мэргэн, эдний үеийнхэнтэй нэг жилийн оюутнууд. Төгсөх жилээ “марксизм, ленинизм жинхэнэ яруу найрагчийг дарга, түшмэл болгож хувиргадаг учир би энэ шалгалтыг өгөхгүй” гэж гэдийсэн учир сургуулиасаа хөөгджээ. Иван “Би Горькийн сургуульд  20 жил суралцсан. Над шиг олон жил суралцсан төгсөгч байхгүй” гэж хошигнодог. 

 

-Манай Саша багын томоотой, өр зөөлөн хүн. Цэцэрлэгийнхээ   чихрийг заавал гэртээ авчирч дүү нартаа хувааж өгдөг байсан. Якутын их сургуульд суралцаж байхдаа сарын тэтгэлгийн 40 рублээсээ 10-15-ыг нь хэмнэн ээжид өгдөг, харин би ээжээсээ дандаа мөнгө нэхэж авдаг, үрэлгэн байв. Москвад сурч байхад байнга л мөнгө хэрэг болно. Сүүлдээ харин шүлэг, зохиол маань нийтлэгдэж чамгүй шагнал авдаг болсон.  Ээж сургуулийн номын санчаар ажилладаг, сарын 80 рублийн цалинтай байсан боловч эцгээс хойш биднийг өлсгөөгүй, нэг ч хүүхдийнхээ сургууль, соёлыг тасалдуулаагүй. Хүүхдүүдээ тал бүрийн боловсролтой болгох гэж боломж бүрийг ашигладаг байсан. Миний гурван дүү гэхэд хөгжмийн сайн боловсрол эзэмшсэн.Саша төгөлдөр хуур, баян хуур хөгжим одоо ч дажгүй тоглодог. Би хамгийн сайн шүлгээ ээждээ зориулна гэж боддог. Олон шүлэг бичсэн боловч одоо хүртэл нэг нь ч миний сэтгэлд хүрдэггүй гэж ярьж билээ.

 

Зохиолчдын нэгэн адил Иван Васильевич ч олон нийтийн хэд хэдэн сонгуультай, нийгмийн амьдралд маш идэвхитэй оролцдог хүн. Иван Монголд зочилж, сургуулийн андтайгаа уулзаж маш өндөр сэтгэгдэлтэй буцсан. “Би багадаа менингитээр өвчилж үндсэндээ үхээд боссон хүн. Аав яагаад ч юм бэ, хүүгээ дахин хармаар санагдаад ортол миний хоёр хуруу хөдөлж байсан гэсэн. Намайг буцааж тасагт хэвтүүлж, сандарсан эмч нар хамаг л анхаарлаа тавьсны хүчинд эргэж хүн болсон түүхтэй. Якутск хотын эмнэлэгт хичнээн ч сар хэвтсэн юм бэ, юутай ч гэртээ ирэхдээ төрөлх хэлээ мартчихсан байсан гэсэн. Үхээд боссон хүү минь гэж аав, ээж минь илүүтэй хайрласан байх. Хамгийн их зовоож хүн болсон хүүхэддээ илүү их хайртай байдаг нэгэн ёс   манайханд байдаг. Монголчууд ч бас тийм байх.  Би ч бас заримдаа аав, ээжийнхээ сэтгэлийг зовоож явлаа. Одоо харин уран бүтээлдээ л хамаг цаг заваа зориулж байна”   гэж Иван надад ярьсан. 

 

Засгийн газрын хоёр ч гишүүн, нэрт яруу найрагч, төрөл бүрийн олон мэргэжилтнүүд, нэр төртэй, хүнлэг сайхан хүмүүсийг төрүүлж өсгөсөн буянтай  ээжийн гэгээн дурсгалын өмнө толгой бөхийн энэ хэдэн үгээр сэтгэлийн зул өргөе.

           Би 1987 оны намраас эхлэн Москвад аспирантурт суралцсан. Якут мужийн Комсомолын хорооны нарийн бичгийн дарга А.В.Мигалкин байнга ирнэ. Ирэх бүртээ адууны чанасан махнаас эхлээд жимс, цөцгий гээд бөөн бэлэгтэй ирнэ. “Ээж явуулсан юм. Онгоц, ачаа тээш гээд төвөгшөөвөл гомдчихно” гэдэгсэн.

 

1989 оны өвөл Якутск хотод их сургуулийн орос, якут оюутнуудын дунд ихээхэн том зодоон болсон нь ЗХУ даяар асар их шуугиан тарив. Сашаг үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргын хувьд  Комсомолын Төв Хороо  дууджээ. Энэ үед мужийн комсомолын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.К.Акимов Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж байсан.  Бид хоёр Саша Мигалкиныг сэтгэл догддлон хүлээж байв. Санасныг бодвол Комсомолын Төв Хороо арга хэмжээ авч энэ тэр болсонгүй. Үндэстэн хоорондын болон бусад хаалттай гэгдэж байсан олон асуудал тэр үед газар сайгүй хөндөгдөж эхлээд байсан үе.  Хожим бид “ЗХУ-д өөрчлөн байгуулалтыг Якутын залуучууд жинхэнэ ёсоор эхлүүлсэн” гэж хошигнон ярилцдаг байлаа. Саша Мигалкин 1990 онд Москвад Нийгмийн ухааны академийн аспирантурт элсэн суралцсан. Тухайн үед аспирантурт суралцаж байсан манай залуучуудтай тогтоосон харилцаа, үерхэл нөхөрлөл нь одоо ч үргэлжилж байдаг юм билээ. Академич Г.Чулуунбаатар, доктор С.Одхүү, Д.Батмөнх, Ч.Дагвадорж,Ч.Улаан   нар Сашатай нэг жилийнхэн. 

 

А.В.Мигалкин 1992 оноос Бүгд Найрамдах Улсынхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааны салбарт ажиллаж эхэлсэн. Москвад байнгын төлөөлөгчийн орлогч, АНУ-ын Аляскад “Северный форум” олон улсын байгууллагад Засгийн газрын төлөөлөгч,   Якутын Гадаад харилцааны сайдаар долоон жил ажилласан гээд түүний намтрын хуудас баяжжээ. Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад 2-3 удаа ирж, хоёр орны хооронд тогтоосон уламжлалт харилцаа, ажил хэрэгч холбоог бэхжүүлэхийн төлөө ихээхэн хүчин зүтгэл, чармайлт гаргаж хэд  хэдэн үйлдвэр, аж ахуйн газруудын хооронд шууд харилцаа тогтоосон. Манай экспортын бүтээгдэхүүн эрс тэс уур амьсгалтай, хүйтний туйл гэгддэг Якутад эрэлт, хэрэгцээ ихтэй. Дарханы нэхий эдлэлийн болон Дархан, Эрдэнэтийн ноос, ноолуур, хивсний үйлдвэрүүд ОХУ-ын энэ хязгаар нутагт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мах, махан бүтээгдэхүүний эрэлт ч их байгаа.

 

Сайд А.В.Мигалкин хүмүүнлэгийн салбарт онцгой анхаардаг нь түүний багшийн унаган мэргэжил, олон жил хүүхэд, залуучуудын байгууллагад ажилласантай нь холбоотой. Одоо Улаанбаатарын зарим их, дээд сургуулиудад Саха нутгийн охид, хөвгүүд олноор суралцаж байна. “Орхон” их сургууль тус бүгд найрамдах улсын хэд хэдэн сургуультай байнгын харилцаа, холбоотой ажиллаж байна.  Очсон аймаг, сумынхаа сургууль, соёлын газраар заавал ордог. Ажил байдалтай нь танилцаж, багш ажиллагсадтай ярилцана. Ямар ч хүнтэй дорхноо танилцаж илэн далангүй яриа өрнүүлж чаддаг нь түүний нэг авьяас гэлтэй. Урлаг, спортын салбарынхантай ч дотно. Сахагийн нийслэл Якутск хотод болдог Азийн хүүхдүүдийн спортын их наадамд манай улсаас спортын 17 төрөлд зуу гаруй тамирчид оролцдог. Якутад зуны өдөр их урт, туйлын цагаан шөнө бараг хоёр сар үргэлжилдэг нь энэ үеэр очсон хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлдэг билээ. Гадаад харилцааны сайдын хувьд Александр Васильевич манай орны хүүхдүүдэд тусгайлан анхаарал тавьж, тулгарсан ямар ч асуудлыг түргэн шуурхай шийддэг байсныг одоо ч спортынхон бахархан ярьцгаадаг. Хоёр ч удаа манай хүүхдүүдэд зориулан тусгай рейсийн нислэг зохион байгуулсан юмдаг.

 

ОХУ-ын Гадаад Хэргийн Яам А.В.Мигалкиныг 2006 оны зун тус улсаас Монголын Эрдэнэт хотод суух ерөнхий консулаараа томилсон. Энэ эрхэм томилолтыг Александр Васильевич сэтгэл догдлон хүлээж авсан. Якут үндэстэн хүнийг гадаад харилцааны энэ хариуцлагатай албан тушаалд томилсон нь анхны тохиолдол байв. Тэгээд ч Монгол орон, монгол хүмүүст нэн хүндэтгэлтэй ханддаг хувийн зан чанар нь ч нөлөөлсөн биз ээ. А.В.Мигалкин шинэ нутагт дорхноо дасаж, ажил хэргийн олон найз нөхөдтэй болсон. Дархан, Эрдэнэтийн хэд хэдэн үйлдвэрийн захирлыг нутагтаа урьж, ижил төстэй байгууллагуудтай шууд харилцаатай болгосон. Уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, одоогийн захирал Ч.Ганзориг, Орхон аймгийн засаг дарга асан Шархүү, Хөвсгөлийн засаг дарга Д.Цэрэнжав гээд Саша олон монгол найз нартай болсон. Хуучин анд нөхдөө мартаагүй, бас шинэ танилуудаас ч зэнзийлээгүй. Хэн хаана, ямар ч  ажил албатай байсан хүн хэвээрээ үлдэх нь л чухал.  Эрдэнэтийн консулын тойрогт Булган, Орхон, Архангай, Хөвсгөл аймгууд хамрагддаг. Тойргийнхоо энэ дөрвөн аймагт зочилж, орон нутгийн удирдлагуудтай танилцаж, тэдний тавьсан санал, хүсэлтэд маш анхааралтай хандан аль болохоор шийдэх, туслахыг чармайн ажилласан. Заримдаа ОХУ-ын ерөнхий консулын ажил үүрэгт үл хамаарах хүсэлт тавих удаа ч байсан. Дипломат алба өөрийн тогтсон маш нарийн журам, дэг жаягтай. Гэхдээ л иргэн бүрийн санал, хүсэлтэд хүнлэг хандаж шийдэж өгөхийг хичээдэг нь түүний унаган чанар, авир араншингаас үүдэлтэй. 

 

Аль ч орны дипломат албаны ажилтнуудыг нүүдлийн шувуудтай зүйрлэн ярьдаг. Ирж л байдаг, бас томилолтын хугацаагаа өндөрлөөд буцдаг. Мигалкин Орос орондоо, унаган төрөлх Саха нутагтаа буцаж байна. Түүний манай хоёр орны  олон талт найрамдалт харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, олон жилийн зүтгэлт хөдөлмөрийг нь өндрөөр үнэлэн оны өмнөхөн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг буулган төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан.

 

 ОХУ-ын Саха Бүгд Найрамдах Улс бас өөрийн “Алтан гадас” одонтой юм билээ.  Хойт туйлд ойрхон оршдог энэ нутгийнхан алтан гадас одыг шүтдэг, хүсэл тэмүүлэл, сайн сайхан бүхнээ энэ одтой зүйрлэн олон уран бүтээлчид дуу, шүлгээ зориулсан ажгуу. Умард хязгаар нутагт алтан гадас од илүү тод, илүү ойрхон харагддаг.  Монголчууд бид энэ од мэт хол хийгээд ойрдоо гэрэл гэгээ, илч дулааныг цацруулан түгээгч Александр Васильевич Мигалкин хэмээх ийм нэгэн сайн анд нөхөртэй билээ.

 

                                                                                Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:16:57
Visitors Counter