Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

СУДЛААЧ

    1996 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан хүчнийхэн анх удаа олонхи болж М.Энхсайханы Засгийн газар байгуулагдав. Сонгуульд ялагдал хүлээсэн МАХН-ынхан  үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт сандралдан нэг хэсэг бужигналдаад хүн бүр л ажил, амьдралын мөр хөөн ая эвээ олцгоов. Шинэ Засгийн газрын Гэгээрлийн яаманд  УИХ-ын манай ангийнхнаас Дундговийн С.Батмөнх бид хоёр алба хашихаар очсон. Яамны хүмүүстэй дорхноо танилцаж, санасныг бодоход шинэ орчин, хамт олонтой амархан дасав.   Доктор Ч.Лхагважав Гэгээрлийн сайдаар томилогдоод удаагүй байлаа. Тэрбээр шинжлэх ухааны байгууллагад олон жил ажилласан, өндөр боловсролтой, аядуу тайван, дэндүү гэмээр даруухан, олон таван үггүй хүн. Харин Төрийн нарийн бичгийн дарга Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэ ойлгомж муутай талдаа. Яамныхан Төрийн нарийн бичгийн даргын бараг харцаар байх шиг санагддагсан. Үг дуу цөөнтэй, хэн нэгэнтэй тэгтлээ илэн далангүй яриа хөөрөө өрнүүлж, санаа сэтгэлээ нээж байгаа нь ер харагдахгүй. Яамны стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын даргаар доктор Ч.Пүрэвдорж, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар доктор С.Алтангэрэл нар ажиллаж байлаа. Тэр гурав л хамаг ажлаа зохицуулж цаг наргүй ажиллана. Төр тогтворгүй байлаа. Дөрвөн жилийн хугацаанд гурван ч сайд солигдов. Харин яамны аппарат маш их ачаалалтай,ажилтнууд хоорондоо ч тав тухтай таван үг солих завгүй ажиллана. Боловсролын салбарт олон шинэчлэл хийгдсэн. Сургалтын кредит тогтолцоонд шилжив. Их, дээд сургууль, коллежид удирдах зөвлөл байгуулагдав. Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, дүрмийг нь батлан үйл ажиллагааг нь эхлүүлэв. Засгийн газрын тэтгэлгээр өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулийн магистрантур, докторантурт манай залуучууд явж суралцаж эхлэв. Сургалтын төлбөрийн зээлийн хэмжээг тогтоосон. Тэр үед суралцагчдыг   уралдаант шалгалтаар шалгаруулдаг байв. Миний хариуцаж байсан Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийг татан буулгаж, хэрэгжүүлж байсан чиг үүргийг нь их сургуулиудад шилжүүлэв. Энэ шийдвэрийг гаргасны дараахан өчүүхэн би аугаа их Б.Ширэндэв гуай, Н.Содном багш хоёрт маш их загнуулж билээ. Сургалтын байгууллагууд урт богино хугацааны төлөвлөлттэй болж, олон сургууль маш сайн мастер төлөвлөгөө боловсруулж эхлэв. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад төлөвлөгөө гэдэг үгийг таягдан хаясан юм. Гэтэл төлөвлөлт гэдэг өрх гэрээс эхлээд улс орны хөгжилд байх ёстой нэг үндсэн асуудал гэдгийг боловсролын салбар эхэлж хэрэгжүүлж эхэлсэн. “Америкт ийм байдаг” гэсэн нэг хэлц үг их хэрэглэгддэг байлаа. Гэтэл яамны аппаратын хүмүүсийн дийлэнх олонх нь энэ оронд очих нь байтугай сайн уншиж судалж амжаагүй байсан үе. Харин Р.Бат-Эрдэнэ АНУ-д суралцан магистрын зэрэг хамгаалж дөнгөж ирснийхээ дараахан энэ албан тушаалд томилогдсон байсан юм билээ. Үе үе үүрэг далгавар өгнө. Маш цэгцтэй, товчхон. Гүйцэтгэлд нь харин хатуу хяналт тавина. Заримдаа ховын үг чих цохино. “Хувьсгалт намынханд тун дургүй хүн. Таныг энд ирсний дараахан “Яагаад Хувьсгалт намын нөхөд манай яаманд ирчихсэн юм бэ” гэж зарим хүмүүсийг загнасан сураг дуулдаж байв.


    Нэг удаа Төрийн нарийн дуудаж, Германы эрдэм солилцооны албаны шугамаар явж суралцах хүмүүсийг шалгаруулах үүрэг өгөв. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн герман хэлний тэнхмийн эрхлэгч Х.Наранчимэгийг дайчлан бид хоёр тус сургууль дээр шалгалт авав. Тестээр шалгасан юмдаг. Маргааш нь дарга дуудаж байна. Ууртай байгаа бололтой, мэнд ус ч үгүй “Та өчигдөр юу хийсэн бэ” гэх нь тэр. Шалгалт авсан тухайгаа л хэллээ. Барьж орсон шалгуулагчдын жагсаалтыг ширээн дээр нь тавив. Шалгалтад орсон хүмүүсийн дүнгийн жагсаалтыг гүйлгэж харснаа “Энэ шалгалтыг дахин авна” гэх нь тэр. МУИС-ийн багш нарыг дуудан шалгалтыг авав. Би харин шалгуулагчдыг  цуглуулж өгсөн юмдаг. Х.Наранчимэгийг би огт таньдаггүй байсан. Чадалтай, маш шударга багш гэсэн шалгуураар л түүгээр шалгалт авахуулсан юм. Манайхны зарим нөхөд намайг тун их өрөвдсөн харцаар харж арай л “эмгэнэл” илэрхийлээгүй. Шалгалтын дүн гарчээ. Төрийн нарийн дахиад дуудлаа. Хорь гаруй хүмүүс оролцсон шалгалтын дүнд бараг зөрүү гараагүй, хоёрхон хүний байр солигдсон байв. Дарга харин энэ удаад намайг сүрхий тогтоож харснаа “Та уучлаарай” гэж билээ. Энэ нэгэн тохиолдол магадгүй бидний хооронд байсан үл итгэх, үл ойлголцохын жижигхэн саад тотгорыг арилгасан болов уу. Би Х.Наранчимэг багшид утасдаж “Миний дүү уучлаарай. Ах нь маш их баярлалаа” гэж хэлж билээ.  Ганц үг  хүмүүсийг  ойртуулж чадна, бас холтгож ч мэднэ. Бодлогогүй хэлсэн арван үгнээс чин сэтгэлээс хэлсэн ганц үг үнэтэй, хүчтэй байдаг.


    2000 оны УИХ-ын сонгуульд МАХН 70 суудал авав. Засгийн эрх “Ардчилсан холбоо” эвслээс ах намд шилжив. Гэгээрлийн яам Боловсрол,соёл,шинжлэх ухааны яам болж өөрчлөгдөв. Яамны төрийн нарийн бичгийн даргаар шинэ хүн томилогдов. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Засгийн газрын шийдвэрийг яаж ч хүлээн авч болох. Харин Р.Бат-Эрдэнэ дарга нэг ч үг хэлсэнгүй, бушуухан төрийн ажлыг журам ёсоор хүлээлгэн өгөв. “Төр төмбөгөр, ёс ембогор” гэж бодсон байх. Удалгүй АНУ явж чимээ, сураггүй болсон.


   2004 оны намар Бат-Эрдэнэ даргатай дахин уулзав. АНУ-ын Питсбургийн их сургуульд боловсролын удирдлагаар докторын зэрэг хамгаалаад буцаж ирэв. Шинэ Засгийн газрын БСШУ-ны сайд П.Цагаан түүнийг яамныхаа Боловсролын газрын даргаар томилсон.  Бүх шатны боловсролын бодлого, үйл ажиллагааг  нэг газарт зангидан Бат-Эрдэнэ даргаар толгойлуулсан. Дахиад л өөрчлөлт, шинэчлэлт, өдөр тутмын нүсэр их ажил үргэлжилсэн. П.Цагаан сайд богинохон хугацаанд ажилласан боловч манай салбарын хүн болж чадсан юмдаг. Одоо ч түүнд ялангуяа дээд боловсролынхон маш сайн ханддаг. Бодлого зөв, үйл ажиллагаа шуурхай, шударга байвал олон түмний дэмжлэгийг хүлээдэг.


    Доктор Р.Бат-Эрдэнэ одоо яамны мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байна. Р.Бат-Эрдэнэ угаасаа судлаач хүн. Судалгааны ажилд гаршсан, сайн эзэмшсэн орос, англи хэл нь тухайн асуудлыг өргөн хүрээнд, цартай харж, харьцуулж судлах, бичиж боловсруулах, оновчтой дүгнэлт гаргахад нь үнэнч нөхөр мэт тусалдаг. “Хэл бол хамгийн сайн нөхөр байдаг. Тэр залхуурдаггүй. Бас хичнээн буруу хазгай хэлж байвч гомддоггүй, өр нэхдэггүй. Хэл хүнийг хөгжүүлж, хүмүүсийн хооронд гүүр болдог. Орос хэл чиний өмнө бүхэл бүтэн ертөнцийг нээнэ” гэж Москвагийн Комсомолын дээд сургууьд надад  орос хэл заасан сайхан сэтгэлт багш Анна Юрьевна Иванова олон жилийн өмнө захиж, хэлж байсан нь одоо ч надад сонсогдох шиг болдог билээ.


   Р.Бат-Эрдэнэ дарга сайн зохион байгуулагч. Ажлын хэсэг ахалсан ч, төслийн баг удирдсан ч гар санаа нийлсэн бичил хамт олныг дорхноо бүрдүүлнэ. Хийх ажил,хүн бүрийн чиг үүрэг тодорхой. Эхлээд зорилгоо маш сайн тодорхойлно. Хүрэх ёстой үр дүнг урьдчилан төлөвлөнө. Богинохон хугацаанд маш их зүйлийг амжуулна. Хамтарч ажилласан хүмүүс түүнээс олон зүйлийг сурдаг. Бичиж боловсруулахаас эхлээд техник ажлуудыг ихэвчлэн өөрийн гараар хийнэ. Уйгагүй сууна. Компьютерийн ард алжааж ядартлаа сууна. Тэглээ гээд ажил ихтэй, ядарч зүдэрч байгаа тухай нэг ч үг унагахгүй. Би л лав арав гаруй жил хамтарч ажиллахдаа нэг ч удаа энэ талаар дуугарч байхыг нь сонсоогүй. Магадгүй цаг завгүй ажил өөрт нь илүү их таашаал ч өгдөг байж болох юм. Албан тушаал хөөцөлдөж, хэн нэгэнд таалагдахын тулд  ар, өвөрт нь гүйхээс ангид төрсөн хүн шиг санагддаг. Урьд өмнө зарим хүмүүсийг “ажлын төлөө төрсөн хүн” гэж үнэлж ярилцдаг байж билээ. Одоо цаг дор тийм хүмүүс тун цөөхөн болж дээ. Харин тийм цөөхөн хүмүүсийн нэг нь Р.Бат-Эрдэнэ мөн.


   Шинэчлэл, өөрчлөлтийн хорь шахам жилд олон зүйл хувьсан өөрчлөгдөв. Хүний мөс чанар ч их өөрчлөгдсөн. Харин Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэд  өвөг дээдэс, аав ээжээс заяасан мөн чанар нь огтхон ч өөрчлөгдөж, цагийн аяс даган хувираагүй болов уу. Боловсролын шинэчлэлд юу хэрэгтэй, цаашид юу хийх ёстойг олны ярьдгаар тархиндаа баринтагласан,  итгэл үнэмшилдээ үнэнч, хэн нэгний дохио зангаагаар гарын үзүүрт хөдлөх хүн огт биш. 


    Энгийн яриа хөөрөө дэлгэн суух үед аав, ээжийнхээ унаган нутаг, өссөн төрсөн орчин, хүүхэд бага насаа дурсан ярих дуртай. Нам, төрийн ажилтан аав нь дээд байгууллагын томилолтоор хэд хэдэн аймагт ажилласан тул тэрбээр Улиастай хотод хөл, хэлд орж, Архангай аймагт дунд сургууль төгсжээ. Уг нь Архангайн суугуул, аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймаг, Галуут сумын уугуул хүн юм билээ. Би хүний удам судар, намтар түүх сонирхдог. Хүнийг аль болох таних гэж хичээх нь тийм ч муу юм биш. Багаасаа хөдөлмөрийн баатар Гомбын Лодойхүү зэрэг ховорхон хүмүүстэй ойр өссөн болохоор тийм нэгэн зан эрт дээр үеэс төлөвшсөн байж болох юм. Лодойхүү баатар “Хүнийг хөөе хээн гээд л ганц дуудахад гомддог юм шүү. Миний нэрийг мэдэхгүй байж энэ дарга миний юу хийж бүтээж, яаж амьдарч явааг минь яаж мэдэх юм бэ гэж гоморхдог. Ямар ч алба хашиж байсан чиний ажил албан тушаал чинь зөвхөн хүний л төлөө юм шүү. Чи хүн гомдоов” гэж захиж сургадаг байсан.     Рэгсүрэн гуайн тухай надад хэд хэдэн хүн ярьж өгсөн. “Түүн шиг шударга хүн надтай лав дахин тааралдаагүй”, “Түүн шиг үзэл бодолдоо үнэнч хүн одоо ховор болжээ”, “Лекц уншихад нь дахиулж байсан удаатай, уран илтгэгч хүн байсан”, “Түүхч, судлаач, нийтлэлч хүн, Архангай аймгийн түүхийг судалгааны бүтээлийн түвшинд бичсэн”,  “Дуу, шүлэг бичдэг, яагаав нөгөө …мэндлэн тольдсон Улиастай… гэж эхэлдэг дууны эзэн шүү дээ” гэхчлэн ярьцгаасан. Нээрээ л залуу зандан насандаа Завхан аймагт ажиллаж байхдаа “Улиастай хот” гэсэн дуу бичсэн нь одоо ч дуулагдсаар байгаа. 


    Хүмүүс бие биедээ сайн үг хэлж, урам хайрлаж явахын буруу гэж юу байх вэ. Ухаантай аав нь хүүдээ их л учир утгатай нэр өгсөн юм билээ. Манай Бат-Эрдэнэ үнэхээр л бат сэтгэлтэй, эрдэнэ мэт эрдэм номтой хүн дээ.

 

                                                                              Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:15:45
Visitors Counter