Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

РУССКАЯ ГИМНАЗИЯ буюу МОНГОЛ СЭТГЭЛ

Монголчууд “Цагийн юм цагтаа сайхан” гэлцдэг. Социализмын гэгдэх он жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын гэгдэх юм бүхэн үнэ цэнтэй байлаа. Орос л гэвэл болоод явчих нь тэр. Орос бараа таваар чанартай, эдэлгээ сайтай. Орос хүний сэтгэл шиг л байсан гэсэн үг. Харин “Орос” гэж ярих хориотой. Зөвлөлтийн л гэнэ шүү дээ. Орос сургуульд хүүхүүдээ сургадаг, орос дэлгүүрийн үнэмлэхтэй хүн бол ер нь амьдралын зонхилох асуудлуудаа шийдсэн гэсэн үг. Гэвч ийм боломж хүн бүрт олдож байсангүй. Намын Төв Хороо, Засгийн газрын зохион байгуулагчид, тэднээс өндөр албан тушаалын хүмүүс, бас цэргийн том дарга нар, төмөр зам мэтийн хамтарсан үйлдвэрийн газруудын эрх мэдэлтнүүдийн овсгоо самбаатай зарим нь ийм нэгэн тусгай хангамж эдэлдэг байлаа.

 

Харин 1990 оны үймээн, бужигнаан энэ бүхнийг орвонгоор нь эргүүлж орхив. Зөвлөлтийн цэрэг, армийнхан төдийгүй хэдэн зуун мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын ихэнх хорооллуудыг барьсан барилгачид гээд товчоор хэлэхэд “шар толгойтой” бүхэн нутаг буцсан хэрэг. Зөвлөлтийн сургуулиуд үүд хаалгаа барьж, 14 дүгээр сургууль буюу Элчин сайдын яамны харьяа ганцхан сургууль үлдэв. Зөвлөлтийн цэцэрлэг, сургууль дамжин суралцсан орос хэлтэй мянга мянган хүүхдүүд монголчуудын хэлдэгээр “орох орон, оочих аягагүй” үлдэх нь тэр. Ийм хэцүү үед Москвагийн төвд байрлалтай, алдар цуут театр урлагийн дээд сургуулийг төгсөж ирээд удаагүй байсан залуу жүжигчин М.Энхтайванд орос сургууль байгуулж, “Русская гимназия” гэж нэрлэх нэгэн санаа төржээ. Цаг, түүхийн өнгөнд алга урвуулахын төдийд танихын аргагүй болтлоо өөрчлөгдөж, урваж, шарваж буй хүмүүсээс Орос орон, Оросын ард түмэн, орос хэл, боловсролыг хамгаалах этгээд нэгэн хүсэл дэндүү гэмээр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй М.Энхтайваныг амар тайван суулгасангүй. Тэр марксизм-ленинизм эсвэл коммунизм-социализмд үнэнчээ харуулах гэж ингэж зүтгэсэнгүй.  Харин Орос хэл, утга зохиол, Оросын театрын урлагийн “школь”-д үнэнч үлдэхийг хүсчээ. “Оросоос хүн бүхэн нүүр буруулж байхад ийм сургууль явахгүй, тэгээд бас дунд сургууль шүү”, эсвэл “Чи англи хэл дээр сургалттай сургууль байгуул. Одоо бүгд тэр зүгт хошуурч байна”  гэж цэцэрхэх, зөвлөх  хүмүүс ч тааралдаж байжээ. Гэвч Энхтайван эргэж буцсангүй. Сургуулиа байгуулав. “Русская гимназия” ингэж байгуулагдсан түүхтэй. Харин өнөөдөр энэ сургуулийг мэдэхгүй хүн нийслэлд лав байхгүй.  

 

Үүдэндээ идэр залуу Александр Пушкины хөшөөг залсан тус сургуулийнхан 18 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэмүүлэл дүүрэн хүүхэд насандаа хаан тосгоны лицей сургуульд суралцаж, ер бусын авьяасаараа дээдсийн анхааралд өртөөд байсан 15 настай Пушкины онгод цадиг нь халгиж, цалгисан үеийг дүрсэлсэн энэ хөшөө хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийн очийг бадрааж, юу сурч, хаа хүрэхийн гэгээн хүслийг өдөөдөг. Оросын  сургалтын хөтөлбөрийн нэг онцлог нь хүүхэд уншиж, бичиж сурах үеэсээ их утга зохиолтой нөхөрлөж эхэлдэг. Мөнөөх хөшөөг нь залсан Пушкины “Алтан загасны үлгэр”-ээс эхлээд Оросын сонгодгуудыг уншиж, амтанд нь орсон хүүхдүүд үе тэнгийнхнээсээ аль ч талаар тохой өндөр байдаг. Чухам ингэж гэгээрсэн, авьяас билгийнхээ нүдийг эрт нээж, боловсрол, чадавхийн аль алиныг тэгш эзэмшсэн төгсөгчид бэлтгэх нь тус сургуулийн эзэд, багш нарын гэгээн хүслэн юм.

 

Русская гимназийн төгсөгчид ОХУ-д төдийгүй БНХАУ, АНУ, Австрали, Канад, Польш зэрэг олон орны шилдэг их сургуулиудад суралцан, боловсрол мэргэжил эзэмшиж, түрүүчээсээ эх орондоо ажиллаж эхэлжээ. Багаасаа тал бүрийн чадавхи эзэмшсэн хүүхдүүд хөрвөх чадвартай мэргэжилтэн болж чаддаг. Гадаад хэл дээр үндсэн боловсрол эзэмшсэн хүүхдүүд монгол ахуй, зан заншлаасаа холдож хөндийрдөг талтай. Тус сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог нь энэ бүхнийг харгалзан, эх хэлний боловсрол, соёл, уламжлалыг багаас нь эзэмшүүлэхэд онцлон анхаарч байна. Хүүхдүүд зуны амралтаар хөдөлмөр-сургалтын “Өлзийт” зусландаа   мал сааж, сүү, цагаан идээ боловсруулж, ногоо тарьж, монгол гэр барьж, морь унаж амарцгаадаг. Монгол гэрээ жинхэнэ ёсоор нь барьж сурсан байхад хожмын нэг өдөр хаа нэгтээ хэрэг болохыг хэн байг гэх вэ. Японы Фужи уулын сугад байрлалтай нэгэн амралтын газарт монгол гэр барих гээд жижиг кран хүртэл бэлтгэсэн байсныг би сайн мэдэх юм. Гэр гэдэг тэр жигтээ технологи, урлаг. Зөвхөн дотуур бүсгүй барихад л хана, унь тогтдоггүй. Тоонын харц, тотгоны өндөр нам тааруулах гээд тйим ч амархан эд бас биш ээ. Хүүхдүүдийн ачааллыг жигд байлгаж, өсөлт торнилтод онцгой анхаарч, зундаа хөдөлмөр зусланд, цас мөсний улиралд цана чаргатай спорт-сургалтын төвд амраах гээд тал бүрийн хөгжлийг нь хангахад чиглэгдсэн цогцолбор хөтөлбөр хэрэгжүүлж байна.

 

Сургуулийн захирлаар Чимэдийн Сайнсанаа ажилладаг. Сайнсанаа хуулийн Б.Чимэд багшийн охин. Бас Москвад суралцаж, мэргэжил, боловсрол эзэмшсэн. Банк-санхүүгийн өндөр мэргэжилтэн, шилдэг манлайлагч. Энэ ялдамд дурсахад Б.Чимэд гуай бид хоёр их л ходий байдаг, зарим асуудлаар санаа, оноо сүрхий нийлдэг байв. Хуулийн нэвтэрхий толь, багийн засаг даргаас Төрийн түшээ хүртлэх амьдралын урт зам туулсан, бүхний хүндэтгэлт эрхэм хүн байсан боловч хэн нэгнийг их, бага, эрдэмтэй, эрдэмгүй гэж дээр, доор үздэггүй, хэлэхээ хэлсэн шиг хэлдэг, үг сургаалаас нь эрдэм ном “ханхалсан” ховор сайхан хүн байлаа.

 

Үндсэн хуулийн зүйл заалт, үг үсгээс авахуулаад заримдаа сүрхий муудалцана. 1999 оны төгсгөлөөр үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөөс болж би Чимэд ахад нэг илүү үг хэлчихсэндээ одоо ч харамсаж явдаг. Энэ бусармаг явдлын дараахан миний бичсэн өгүүлэл “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэнийг  Чимэд гуай улаан, цэнхэрээр цоохорлон маш анхааралтай уншиж, энд тэнд нь нэмэх, хасах, зарим газар нь анхаарлын тэмдэг тавьснаа үзүүлсэн. “Чи зөв дуугарсан байна” гэхэд нь би “Та яагаад УИХ-ын даргын дэргэд, зөвлөхөөр нь ажиллаж байгаа мөртлөө ийм өөрчлөлт хийлгэж байгаа юм бэ. Таныг л боловсруулсан гэцгээж байна шүү дээ” гэж хэлсэнд жигтэйхэн их уурлаж билээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ө.Энхтүвшинг ажиллаж байхад Б.Чимэд гуай миний ажил дээр ирэв. Амьсгаа дээр, сэтгэл нь ихэд догдолсон нь илт мэдрэгдэж байв. “Би сургууль байгуулахаар шийдлээ.Чаддаг чаддаггүй, мэддэг, мэддэггүй хүмүүс хуулийн сургууль байгуулаад болоод л байна. Харин би жинхэнэ сургууль хийнэ. Хүүхдүүд маань “Русская гимназия” дээрээ байр бэлтгэж өгсөн. Би хуулийн “ Чи Мэд” гэдэг сургууль байгуулна. Харин чи миний дараа хүүхдүүдэд хэлж, энэ хоёр үгийг нийлүүлээд “Чимэд” буюу Чимэдийн сургууль болгохыг хариуцаарай” гэсэнсэн. Би “ Одоо сургууль байгуулаад хэрэггүй дээ. Дэндүү олон болчихлоо” гэхэд “Аливаа ажлыг эхлэх, эрдэм сурах хоёрт оройтно гэж байдаггүй юм. Харин хойш тавина гэж байдаг юм” гэж хэлсэн нь одоо ч сонсогдох шиг болж байна. Бусдаар би сайхан ахыг уурлуулж, уцаарлуулж байгаагүй. Үе үе ойр зуурын юм хариуцуулна. Заримдаа хөгшинтэйгөө хоёулаа ирнэ. “За хө, Алздаггүйхүү  чи энэ хүүхдэд тусална шүү” гээд хэн нэгнийг дагуулаад ирнэ. Ихэвчлэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдүүд байх. Хоёр хөгшин нутаг усныхаа зөндөө олон хүүхдүүдийг дэргэдээ байлгаж, ном эрдэм сургаж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзагат хүргэсэн өгөөмөр ачтанууд.  

 

Чимэд багш эрдмийн хүн байлаа. Дуржигнатал яриад байхгүйч жинхэнэ номын орос хэлтэй. Орос үгийг язгуураар нь мэддэг байв. Алдарт Далийн толийг хамгийн сайн ашигладаг хүн Чимэд багш байсан. Бас англи хэл дээр ямар ч эх сурвалжийг чөлөөтэй ашиглана. Ийм эрдэмт аав, хуульч эрдэмтэдээс төрсөн анхны хөдөлмөрийн баатар, Ардын багш Бирагийн Чимэдийн охин Сайнсанаа сургуулийнхаа төлөө сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байна. Тус сургуулийн хамт олон интернационалч хамт олон. Орос, монголын төдийгүй өөр бусад улс орны багш нар ажилладаг. Ийм хамт олныг эрдэм боловсролтой, зангарагтай хүн удирдахгүй бол болохгүй. Энэ шаардлагад дүйх хүн бол яах аргагүй Ч.Сайнсанаа мөн. Сайнсанаа аавынхаа нэрэмжит санг удирддаг. Саяхан УИХ-ын тамгын газар хуульч, эрдэмтдэд олгох Б.Чимэдийн нэрэмжит шагнал буй болгож, Монгол Улсын шинэ үндсэн хуулийн эх баригчид гүн хүндэтгэл үзүүлж байгаад үе үеийн төрийн түшээд маш их баяртай байгаа. Удахгүй энэ хүндтэй шагналын анхны эзэн тодорно.  

 

 Сургуулийг үүсгэн байгуулсан М.Энхтайван бас багш хүний хүү. Энхтайваны ээж Г.Маамхүү бүх насаараа хөгжим бүжгийн коллежид багшилсан. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Харин төрсөн эцэг нь Ардын уран зохиолч, “Аугаа их” Тангадын Галсан абугай. Аав, хүү хоёр жигтэйхэн адилхан. Энхтайван ааваасаа зөвхөн зүс төрхийг нь төдийгүй хурц содон ааш, уран нарийн ухаан, хошин шогч зан,   билэг, авьяасыг нь өвлөн төрсөн юм билээ. Хувь заяаны төөргөөр аав, хүү хоёр хамт амьдраагүй ч Энхтайван Галсан аавдаа тунчиг хүндэтгэлтэй ханддаг. Т.Галсан гуай том хүүгийнхээ бэлтгэж өгсөн номын өргөөнд заларч, бүтээж, туурвиж, орчин тойрныхоо хүмүүст баяр баясгалан, урам зориг хайрлаж, илч гэгээ түгээж сууна. Язгуурын багш хүн болохоороо хүүхдүүдийн дунд, сургуулийн орчинд байхдаа дуртай. Сургуулийн хамт олны дунд нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч байх нь хүүхдүүдийн номонд дуртай болох, уран зохиолоор дамжуулан оюун санааны хувьд өсч хөгжихөд юутай ч зүйрлэшгүй ач тустай. Бид багадаа жинхэнэ зохиолч хүнийг амьдаар нь, дэргэдээс нь харах юмсан гэж учиргүй их хүсдэг байсансан. Би лав “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуайг анх харснаа одоо хүртэл мартдаггүй юм. Үлгэр домгийн хүн шиг санаж явсан хүн маань энгийнээс энгийн, ов тов цоохор царайтай, ердийн нэгэн өвөө байж билээ. Ер бусын олон сайхныг бүтээж туурвисан авьяас билэгтэнтэй өдөр тутам харьцаж, “Багш” хэмээн хүндлэн дуудаж яваагаараа өнөөдрийн энэ хүүхдүүд хожим бүр ч их бахархана.

 

Ил тод зантай, илт давуу өсөж хөгжсөн “Русская гимназия” сургуулийн олон зуун шавь нарын дотроос алдар цуутай, ээж, аавдаа төдийгүй эх орондоо хэрэгтэй хүмүүс хэдэн арваараа төрж, Монгол Улсаа хөгжүүлэхэд үлэмжийн их тус нэмэр болох нь дамжиггүй. Суурь нь сайн тавигдвал орд харш ч бат бэх болдог. 

 

 

                                                                         Сэтгүүлч Вандангийн АЛЗАХГҮЙ 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:15:51
Visitors Counter