Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

Эсээний тодорхойлолт, онцлог шинж, өвөрмөц чанар

Эсээг дунд сургуулийн сурах бичигт дараах байдлаар тодорхойлжээ. "Эсээ гэдэг бол туурийн нэгэн адил хүүрнэл зохиолын бага төрөл болох уран өгүүллэгийн өвөрмөц хэлбэр юм. Эсээ нь ямар нэг юм үзэгдлийн мөн чанар, хуульзуй, шалтгаант холбоо хамаарлыг хувь уран бүтээлчийн бодол эргэцуулэл таамаглалаар илэрхийлсэн бэсрэг хэмжээний чөлөөт зохиомжтой үргэлжилсэн үгийн зохиолын биеэ даасан төрөл мөн" (Жачин Ч, Дулам С, нар. Уран зохиол. 7,8-р ангийн сурах бичиг. УБ. 2007, 245-р тал)


Эрдэмтэн зохиолч Л.Түдэв “Үгэн бороо” (шилдэг эсээнүүд) номдоо эсээний гол онцлогийг тодорхойлохдоо: "Тодорхой сэдвийг зохиогч хэрхэн бясапган, эргэцүүлэн ямар дугнэлтэнд хүрснийгээ чөлөөтэйгээр хүүрнэн өгуулэх богино хэлбэрийн зурвас өгүүлэл, найруулал, шуумжийн аль алины шинж төрхийг агуулсан задгай зохиомжтой зохиол" гэж бичжээ.

 

Эсээ бичвэр, эсээ зохиолд дараах онцлог, чанар оршино. Үүнд:

 

-    Эсээд тод томруун дүр, бүрэн төгс үйл явдлыг эрхэмлэх албагүй, харин ямар нэг гүн гүнзгий утга учир бүхий амьдралын хэсэг бусад хэрэг явдлын тухай үзэл ойлголт, төрөгдөл сэтгэгдэл, үзэл дүгнэлтээ илэрхийлдэг.

 

-    Эсээ уран зохиолын өвөрмөц төрөл жанр болох боловч баримтад үнэн, түүхэн үнэн, бодот байдалд тулгуурладгаараа "цэвэр" уран сайхны зохиолоос ялгаатай.

 

-    Эсээ нь юуны өмнө гүн ухааны бодрол бясалгалын шинжтэй тул хийсвэр сэтгэлгээнд тулгуурладаг, гун гүнзгий санаатай, гайхшрал, эргэцүүлэл, эргэлзээ, тээнэгэлзэл, бодол, бодрол, таамаглал, төсөөлөл, сорилт туршилт, магадлал, дүгнэлттэй бичигддэг. Ер нь эсээний нэг гол онцлог бол философи сэтгэлгээний үүднээс бичдэгт оршино. Философичид аливаа юмс үззгдлийг эргэцүүлэн дүгнэхдээ тэдгээрийн мөн чанар, зүй тогтол, хамаарлыг зөв олж тайлбарлахын тулд ямагт оюун ухаандаа эрэлхийлэл, эргэлзээ, туршилт, сорилыг хийж, таамаглал дэвшүүлж байдаг. К.Маркс нэгэнтээ: “Миний амьдралын зорилго бол би юм бүхэнд эргэлзэнэ” хэмээн өгуүлсэн удаатай. Байгаль ертөнцийн түм буман юмс үзэгдэлд туйлын үнэн гэж байдаггүй болохоор “юм бүхэнд эргэлзэх”, бас гайхшрах, тээнэгэлзэх, сорих, турших, таамаглах нь гүн ухаанчдын сэтгэлгээний ерөнхий чиг хандлага, нийтлэг нэгэн хэв загвар юм.

 

-    Эсээний нэг чухал тал нь олон шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг жирийн уншигчдад ойлгомжтой бичдэгээрээ танин мэдүүлэх, хөгжүүлэх, хүмүүжүүлэх агуулгатай. Үүгээрээ хүмүүжүүлэн сургах ухаантай "төрөлсөнө”.

 

-    Шинжлэх ухааны нарийн ойлголт, ухагдахуун, нэр томьёо, тодорхойлолтыг олон нийтэд ойлгомжтойгоор хялбаршуулан бичдэг онцлогтой. Түүнээс бус эсээнд шинжлэх ухааны болон мэргэжлийн явцуу нэр томьёо, хууль дүрэм, нарийн үндэслэгээ, нотолгоо, “туйлын үнэн”-ий гаргалгааг төдийлөн ашигладаггүй онцлог буй.

-    Эсээ нь зохиогчийн шинэ санаа, сонирхолтой сэдэв, оновчтой тодорхойлолт, гүн бодол эргэцүүлэл, урам ухаарлыг уншигчдад өгч тэднийг хөтлөн дагуулдаг, уншигчийн санааг өрнүүлдэг, өөрөөр хэлбэл уншигчдад юм бодуулж, юм үлдээдэг, зохиогч уншигчийн хооронд оюун ухааны нарийн сэжмийг тогтоодог.

 

-    Эсээ зохиогч санаагаа (эхийн гол санаа, шинэ санаа, үүдэл ба дагалдах санаа, зохиогчийн санаа гэх мэт) сарниулж бус төвлөрүүлж, агуулгыг задалж биш нэгтгэж, утгыг хураан хумиж, илүү нуршуу үг өгүүлбэргүй нягт чигжүү бичих тул ихэвчлэн бэсрэг хэмжээтэй байдаг. Гэвч эсээг богино өгүүллэгтэй андуурч болохгүй, эсээг хэдийгээр үргэлжилсэн үгээр бичивч, яруу найрагтай "өрсөлдөх”-өөр товч цомхон, үг холбоц жигд тэгш хэмтэй, уран санаа, адилтгал зүйрлэлтэй тул уншихад шүлэг мэт уран тансаг, уянгалаг, аялгуу эгшигтэй байдаг.

 

-      Эсээг ямар ч сэдвээр бичиж болох ба нэг сэдвийн дотор хэд хэдэн сэдвийн сэлгээ хийх боломжтой тул зүйл зүйлийн санааг нэг санаанд нэгтгэн зангидаж өгүүлэх боломжтой. Шинэ хүн, шинэ хэрэг, шинэ үзэл санаа, шинэ хэв суртлыг байгаль-хүн-нийгмийн баян амьдралаас зохиолч сэрж мэдэрч авдаг л юм бол эсээн сэдэв, санаа маш баялаг, олон талтай. Юм юмны тухай сэдэв бол эсээний гол сэдэв, санаа, агуулга, өгүулэмжийн үндсэн онцлог байж мэднэ. Эсээд юуны ч тухай өгүүлж болно. Тиймээс “тухай” гэдэг үгээр гарчиг өгөх нь элбэг. Тухайн юмны тухай танилцуулах нь эсээний үндсэн үүрэг зорилго, ирэлхийлэл гэж хэлж болно. Ер нь "тухай" гэж гарчигласан аливаа бичгийн эх нь мэдлэг, мэдээллийн шинжийг агуулахаас гадна эрэл хайгуулын туршиц байдаг. Тухайгүй юм байдаггүй. Байгаль ертөнц, нийгэм, хүмүүний амьдрал хэчнээн баян шигээ тэрхүү баян юмны тухай юу ч бичиж, яаж ч бодож зохиож болох бололцоотой. Тийм учраас эсээ нь өргөн сэдэвтэй, задгай зохиомжтой, чөлөөт бичлэгийн төрөл зүйлд тооцогддог.

 

Эсээний бичлэгийн арга нь олон янз учраас хүүрнэл ба шүлгийг хослуулж "шүлэглэсэн хүүрнэл”, "өгүүлсэн шүлэг”-ийн маягтай бичиж болно. Бас мэргэн үг, шигтгэл шүлэг, тахил үг, титэм үг, уянгын халил, захидал, өчиг, эхлэл шүлэг, хувийн тэмдэглэл, оруулбар, орхилт зэргийг оруулж "хачирлаж” бичиж болно.

Эсээ бичигч нь дан ганц уран сайхны сэтгэлэг, ургуулан бодохуйд тулгуурлахгүй, баримт, түүхэн үнэн, дурсамж дурдатгал хийгээд болсон хэрэг явдал, болж байгаа үйл явц, ирээдүйд болох үйлийн зөн совин, зүүд бэлгэд дулдуйдан бичих тул эсээ нь ямагт баримт-уран сайхныг шүтэлцүүлсэн онцлогтой байна.

 

-    Эсээ бичигч нь тухайн сэдвээр шинжлэх ухааны танин мэдэхүйн ойлголт ухагдахуун, баримт нотолгоо, тодорхойлол, томьёолол, эшлэл зүүлт, бусад холбогдох баялаг эх хэрэглэхүүнд тулгуурладгаараа судалгаа шинжилгээний туурвил зүйн бүтээл ч болдог.

 

-     Эсээ нь уншигчдад шинэ мэдлэг, мэдээллийг шуурхай хүргэж тэднийг сургаж сэнхрүүлдэг, шинэ зүйлд анхаарал хандуулж, өдөөж дуудсан өнгө аястай бичдэгээрээ сонины нийтлэлийн шуурхай дайчин шинжтэй.

 

-   Эсээд зохиогчийн сэрэл мэдэрхүй, сэтгэлийн хандлага, байр суурь, үзэл бодол нэвт шингэсэн байх учраас эсээнээс зохиогчийг хэн бэ? гэдгийг тодорхойлон дүгнэж болно. Мөн түүнчлэн зохиогчийн сэтгэлгээний цар хүрээ, сэтгэхүйн чөлөөт байдал, бие даасан оюуны үйл, танин мэдэхүйн чадамж, чадавхийн чухам шалгуур нь эсээ байдаг ажээ.

 

-   Эсээний бүтэц, зохиомж, хэлбэр, хэв маяг, агуулга, сэдэв, санаа ямар ч байж болно, сэтгэлгээний чөлөөт байдлыг эрхэмлэдэг, түүгээр ч барахгүй сэтгэлгээний хаос (эмх цэгцгүй, замбараагүй) шинж ч илэрч болдог. Тиймээс эсээ бичигч задгай сэтгэж, чөлөөтэй эрэлхийлэл туршиц хийж, зоргоор зохион бодож бичих бололцоотой, уран сайхан хэлтэй ур дүрслэлтэй бичдэг учраас уншигчдад сонирхолтой, уншуур сайтай байдаг юм.

 

-   Эсээ нь том санааг товч бичихийн чадварыг зохиогчоос шаарддаг. Дээд зэргээр харилцаажсан, мэдээлжсэн одоох нийгэмд уншигчид роман, тууж мэт том зохиолыг уншихаасаа төвөгшөөдөг, тийм цаг боломжоор ч хомс болжээ. Харин роман, туужийн дайтай том санааг “бичил өгүүллэг”-ийн хэмжээнд багасган жижигрүүлж, эвлүүлж шахсан бяслаг шиг эвтэй нягт, илүү дутуу үг дүрслэлгүй бичих нь эсээний найруулгын онцлог юм.

 

Эсээг утга зохиолын хэлний харилцах, мэдээлэх, нөлөөлөх өргөн боломж үүргийг ашиглаж, бичлэг, найруулгын ямар л төрөл жанр, арга хэлбэр, хэв маяг, хэлбэр зохиомж, урсгал чиглэл, өвөрмөц өнгө аяс байна, түүгээр бичиж болдгоороо давуутай юм. Тухайлбал уран зөгнөл, хошин шог, харуусал эмгэнэлт, хөхүүн инээдэмт, бодрол бясалгал, дурсамж дурдатгал, утга уянга, өгүүлсэн шүлэг, өчил, үглэл дууллын аль ч төрөл жанраар олон янзын арга барилаар бичиж болно.

 

Эсээний энэ мэт олон зүйлийн онцлог, эрдмийг тухайн нэг сэдэвтэй, нэг санаатай эхэд бүгдийг багтаан бичих албагүй ч зохиогчийн үзэл бодол, дүгнэлт эргэцүүлэл, амьдралын эгэл баримтууд - дурсамж, дурдатгал, шинжлэх ухааны нотолгоо, таамаглал, эшлэл зэрэг нь эсээд байвал зохих зүйл юм.

 

Дүгнэхэд, эсээ бол хямд хялбар, өнгөц гүехэн, амар дөхөм бичвэр бус, бас туйлын төгс төгөлдөр, бүрэн гүйцэд, алдаа мадаггүй, үнэнийг баталж нотолсон бичвэр, бичихэд хэцүү "зохиол” ч биш. Эсээ нь зөвхөн хувь бодгалийн үзэл бодол, ухамсар сэтгэлгэ, мэдлэг боловсролд дулдуйдан тухайн сэдэв, санааны тухай өөрийн байр суурь, итгэл үнэмшилээ үг хэлээр оновчтой зөв, товч тодорхой, уран чадвартай илэрхийлдэг, бичиг зохиолын бие даасан нэг төрөл, олон эшт үзэл бүхий чөлөөт сэтгэлгээний бүтээлч эх бичвэр юм.

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:16:25
Visitors Counter