Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

МОНГОЛ ЭСЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧХОН

Эсээ хэмээх бичлэг, сэтгэлгээний салшгүй нэгдэл болсон урлал зүйн нээлт нь хүн төрөлхтний оюуны үйл ажиллагааны хөгжлийн үр дүнд буй болсон уран сайхны сэтгэлгээний нэгэн өвөрмөц стандарт бичвэр бололтой. Эсээн танин мэдэхүйн болон урлал зүйн салбарууд, тухайлбал, гүн ухаан, уран зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл зүй, сурган хүмүүжүүлэх ухаан болон тэдгээртэй хамааралтай төдийгүй огтхон ч хамааралгүй салбаруудад ч нийтлэг ажиглагддаг бичлэгийн өвөрмөц загвар болон тогтжээ. Тийм ч учраас эсээг зөвхөн чөлөөт байгууламж бүхий хүүрнэл зохиолын жижиг төрлийг заадаг нэр томьёо гэж шууд тодорхойлох боломжгуй юм.

 

Монгол судлагчид эсээг өөр өөрийн салбарын онцлогийг харгалзан янз бүрээр тодорхойлсон байна. Тухайлбал: доктор М.Зулькафиль “Орчин үеийн монголын сэтгүүл зүй” бүтээлдээ эсээг "...эртний бичлэгийн төрөл зүйл болсон тэмдэглэл” (133-р тал), тэр дундаа францын гүн ухаантан Монтений “Туршлагууд” [эсээнүүд] болон дундад зууны үеийн “аян замын тэмдэглэл” (мөн тэнд) мэт зохиолуудаар улбаалан гарсан "зохиогчийн үзсэн харсан баримт, оролцсон үйл явдал, үзэгдлээс төрсөн хувийн сэтгэгдэлд тулгуурлан бичсэн, философийн өнгө аяс бүхий цэвэр нийтлэлийн бүтээл” (мөн тэнд). Ийм сэтгүүл зүйн бичлэгийн шинэ төрөл зүйл эсээ манай оронд 1950-60-аад оны үед “аян замын тэмдэглэл” хэлбэрээр эх үүсвэрээ тавьж улмаар Л.Түдэвийн “Нью-Йорк урт чацтай хот”, “Парис хол боловч ойр”, Ц.Балдоржийн “Америк хорвоогийн хязгаар биш” зэрэг сонирхолтой эсээ нийтлэлүүд бичигдсэнийг дурдсан бол доктор Л.Норовсүрэн эсээг "төрөгдөл” хэмээн нэрлэж, 1980-аад оны дунд үеэс манай сэтгүүл зүйн бичлэгт орж ирсэн” (Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм” 3-р боть, 244-р тал) гээд “төрөгдөл нь зохиолчийн сэтгэлд төрөгдсөн санаа бодол юм”, "төрөгдөл цоо шинэ зүйл мэтээр туйлширч болохгүй, эртний гүн ухаантнууд хийгээд хувьсгалт сэтгүүл зүйн үе буюу Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц. Дамдинсүрэн, С.Удвал, Т.Баасансүрэн нарын сэтгүүл зүйн бүтээлд ч төрөгдлийн элемент ажиглагддаг” (мөн тэнд) тухай баримтуудыг дурдан тайлбарлажээ.

 

Үүнээс уран зохиолд хамаардаг эсээн талаар цөөн үг хэлье. Монголын уран зохиолын үргэлжилсэн үгийн төрөлд орчин цагийн эсээн үүслийн асуудал шинэ үзэгдлийн нэг юм. Үндсэндээ 1970-1980-аад оноос монгол хэв шинж бүхий эсээн өвөрмөц хэлбэршлийг бий болгох эрэл хайгуул эхэлсэн гэж болно.Төрийн шагналт, Ардын уран зохиолч Л.Түдэв энэ шинэ төрөл зүйлийг бий болгох чиглэлд 1980-аад оноос хойш ихээхэн анхаарал тавьж, олны сонирхлыг татсан “Хүн засварын газар", "Хамраараа ус уугч” зэрэг анхныхаа эсээг бичиж асан цаг саяхан юм. Тэрээр "Эргүүлэг” (1988 эсээнүүд), “Асуудал” (1990), сүүлийн үед "Үгэн цас", “Үгэн бороо” зэрэг шинжпэх ухаан-танин мэдэхүйн эрэл бүхий уран сайхны эсээн бие даасан түүврүүдээ хэвлүүлсэн байна. 1990-ээд оноос хойш яруу найрагч, зохиолчийн хөрөг, аян замын сурвалжилсан тэмдэглэл, хөдөлмөр, улс төрийн сэдвээр бичсэн сэтгүүл зүйн нийтлэл эсээнүүд, Ж.Лхагвагийн гүн ухааны бодрол эргэцүүллийн эсээ, Д.Урианхайн шашин-гүн ухааны аяс бүхий бичвэрүүд шил шилээ даран гарч, зохиолч С.Лочин их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийг судлан сурвалжилж бичсэн “Сарны гэрэл” хэмээх судалгаа, баримт, уран сэтгэмжийг зохистой хослуулсан шинжпэх ухааны эсээ романы шинэ хэлбэршил гарч ирсэн нь монголын орчин үеийн уран зохиолд эсээн урлал зүй, хэв шинж төлөвшиж буйг харуулна.

 

Гэхдээ монголчуудын эсээн уламжлалыг үүгээр эхэлсэн гэж үзэж үл болно. Шинэ үеийн залуу зохиолчид түүний дотор сэтгүүл зүйн салбарт ажилладаг зохиолч, яруу найрагчдын эсээ бүтээлүүдийг үзвэл, эсээ нь ямар нэг шалтгаан хийгээд сонирхолтой асуудлын талаар хувь уран бүтээлчийн бодол эргэцүүллийн элемент, таамаглалт сэжим сэжүүрийг агуулсан "мифи үлгэрийн сэтгэлгээтэй нэн төсөө бүхий” юмс үзэгдлийн мөн чанар, шалтгаант холбоо хамаарлыг уран сэтгэмжтэй холбосон байгуулалт бүхий гүн үхаан, судалгаа шинжилгээ, уран сэтгэмж, баримт материалыг хослуулсан уран зохиол, сэтгүүл зүй, шинжлэх ухааны зохиолын бичлэгийн аль алины хэв маяг, өнгө аясыг зохистой хослуулсан өвөрмөц туурвил зуй гэдэг нь илтэд ялгарах болжээ. Энэ нь эсээг зөвхөн дан ганц уран зохиол руу татан тайлбарлах явдлыг хязгаарлаж байдаг ажээ.

 

Тиймээс доктор С.Байгальсайхан “Уран зохиолын шинжлэлийн удиртгал” [1995] бүтээлдээ эсээ нь “зохиолчийн бодол санааг ямар нэгэн тодорхой асуудал, учир шалтгааныг нээн илрүүлэх... гэхдээ цаад юмныхаа мөн чанарт нэвтрэхэд хандуулж байдаг (61-р тал) гэжээ.

 

Монгол эсээ нь шинжлэх ухааны ба шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолын, намтар, туух судлалын, аян замын тэмдэглэл, уран нийтлэлийн, шүүмжлэлийн болон гүн ухаан, бодролын цаашилбал түүх, байгалийн шинжлэл, үгийн урлагийн бутээлийн аль алины шинжийг хадгалсан онцлогтойн дээр бичих аргын хувьд уран сэтгэмж, уран төрөгдөл, гүн эргэцүүлэг, оюуны логик дүгнэлтүүдэд шүтсэн хэд хэдэн онцлог гол шинж тод байна. Иймээс монгол хэв шинж бүхий эсээн шинэ төрөл зүйл хөгжпийн идэвхтэй үед шилжин орж байна гэж болно.

 

Эсээ нь туурийн нэг адил хүүрнэл зохиолын бага төрөл болох уран өгүүллэгийн өвөрмөц хэлбэр мөн. Монгол эсээн нийтлэг хэв шинжүүд гэвэл дүр дүрслэгдэхүүн нь зохиолчийн хувь бодгаль шинж давамгайлсан гадаад илэрхийлэл, дүрслэл, бичлэгийн хэв маяг нь уран зохиол, сэтгүүл зүйн, утга агуулгын тал нь гүн ухаан хийгээд шинжпэх ухаан, танин мэдэхүйн, өгүүлэмж нь чөлөөт уран сэтгэмжид тулгуурласан нийлэг бүтэцтэй юм. Эсээ судпагчид эсээг үгийн урлагийн бие даасан төрөл гэдгийг нотлохын зэрэгцээ байгалийн шинжлэл, гоо зүй, ёс зүй, ардын билэг зүй, гүн ухааны олон талт хамааралтайг тэмдэглэжээ.

 

Оросын онолч М.Энштейн "Чөлөөт төрөл зүйлийн хуулиуд” хэмээх онолын алдарт бүтээлдээ эсээн төрлийг "урлаг дахь амьдрал, зохиолчийн оюун бодол, уран дүрийн нэгдлийг буй болгохоор тэмүүлж байгаа хучирхэг амьсгал, алхаа мөн" гэж тодорхойлжээ.

 

Монгол уран зохиол дахь эсээ бичлэгийн нэг онцлог нь бодот, тодорхой, бэлэн сэдэв, түүхэн болон шинжлэх ухааны баримтуудыг чөлөөтэй ашигладаг, мөн монгол эсээчид өөрсдийн бүтээлд ертөнцийг өөрийнхөөрөө танин мэдэж ухаарах, тодорхой баримтуудыг нэгтгэж түүнийгээ өөрийн чөлөөт уран сэтгэмжээр ямар нэг үнэмшил итгэл болгож хувиргах гэсэн нэгдмэл хийгээд зээлдмэл тэмүүллүүдийг дэвшүүлдэг онцлогтой бололтой. Эсээ уран зохиолд ямар нэг шалтгаан хийгээд анхаарал татсан эргэлзээтэй асуудлын талаар хувь уран бүтээлчдийн бодол эргэцүүлэл, таамаглалыг шингээсэн юмс үзэгдлийн мөн чанар, хууль зүй, шалтгаант холбоо хамаарлыг заавал бүрэн гүйцэд илэрхийлсэн байх албагүй, бэсрэг хэмжээний чөлөөт зохиомжтой үргэлжилсэн үгийн зохиолын бие даасан харьцангуй шинэ төрлийн нэг юм. Гэхдээ түүний үүслийн тухай асуудал эрт үетэй холбогддогийг санахад илүүдэхгүй. Тухайлбал: Лукианы эртний бүтээлүүд болон М.Монтений дараа бие даасан жанр болсон гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Эсээн хөгжилд Ж.Дони, Г.Фильдинг, Д.Дидро, Х.Хейне, Г.Адамс зэрэг уран бүтээлчид их хувь нэмэр оруулсан аж.

 

Эсээг ашиглаж болохгүй мэдлэгийн нэг ч салбар үгүй юм. Үүний учир шалтгаан нь эсээ бичлэгт баримт ба зохиолчийн уран сэтгэмжээс гадна түүний төвд байдаг "би”-ийн "феномен" (санаалаг мөн чанар) шинжээс эхтэйд оршино. Өөрөөр хэлбэл эсээ эргэцүүлэл, зохион бодохуйн элдэв сонирхолтой сэдэл санаа, дүгнэлтээс бүтэх бөгөөд боломжтой хийгээд үүсэх, ургах, урвах шинж чанар, хийсвэрлэн сэтгэх чадвараас шалтгаалан ямагт бичигч бодгалийн үзэл бодлын зөрчлийн хэлбэрээр илрэн гардагт түүний нэг онцлог оршдог. Товчоор хэлбэл баримтаас үүсгэлтэй хувь хүний эргэлзээ, түүнийг нягтлан тодорхойлох хүсэл эсээн чухал тал мөн.

 

Их сэтгэгч М.Э. Монтений "Туршлагууд” бүтээл эсээн гайхамшигт чуулбар юм. Нийт 107 эсээ байгаагийн 87 нь ямар нэг юмны “тухай” хэмээх тодотголтой байгаа нь эсээ зохиолын зорилго, эрэлхийллийг тодорхой болгодог. “Том хурууны тухай”, “Байлдааны морьдын тухай”, "Ичгүүрийн тухай”, “Доголонгийн тухай” бичвэруүд (эсээ)-ийн нэр эсээн гол онцлогийг илтгэдэг. Энэ эрэл хайгуулын шинж нь эсээг зөвхөн уран сэтгэмжит зохиол төдийгүй эртний хийгээд орчин уеийн сурган хүмүужүүлэх ухаанд [сургалтад] өргөн ашиглах болжээ. Их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулиудад мэдлэгийн бүх салбарт эсээг ашиглах болсон нь суралцагчид бие даан мэдлэг олгох боломжийг өөрөөс эрж хайж цуглуулж олох, шинжпэх ухааны онолын болон судалгааны академик хатуу чиг хандлагыг хэрэглээ, эрэл хайгуулын үйл явц болгон хувиргахад сургалтанд их тохиромжтой тал бий. Өөрөөр хэлбэл техникийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэл, анагаах, хүмүүнлэгийн болон нийгмийн ухаанд ч эсээ бичих явдал баруун болон Америкийн боловсролын салбарт их туршлага хуримтлагджээ. Иймэрхүү сургалтын эсээ нь мэдээж хэрэг уран зохиолын эсээнээс ихээ өөр зорилготой ч олон чиглэлээр мэдээлэл цуглуулж, янз бүрийн мэдлэг мэдээллийн сангаас нэгэн үндсэн цогц мэдлэг олох, баримт, уран сэтгэмж цуглуулсан ерөнхий хэлбэр, зорилгоороо нэгдмэл юм.

 

Жишээ нь: Анагаах ухаанд хүн амаараа идэж ууж, хамраараа амьсгалдаг гэж тодорхойлдог бол Л.Түдэв "Хамраараа ус уугч” уран сайхны эсээдээ бүр эсрэг санааг дэвшүүлж, хүн хамраараа хоол унд идэж, амаараа амьсгалж байсан тухай этгээд гэмээр санаа дэвшүүлж, түүнийгээ эртний анагаах ухааны судар шаштируудаар давхар нотлон өгүүлсэн нь нэн сонирхолтой юм. Тийм учраас эдийн засгийн сургалтад үнэ цэнтэй эд зүйлсийг хэрхэн цаас (төгрөг, доллар, юан)-аар арилждагийн учрыг эрж хайхад эсээн чөлөөт хэлбэр тусалдаг бол машин техникийн эд ангийг хүн амьтны эд эрхтний үүрэг, уйл ажиллагаатай холбон тайлбарлаж ч болох олон зүйлээс сурвалж, баримт, дүгнэлт, үзлийг нэгтгэн уран сэтгэмжийг ашиглан нэгэн гаргалгаа дүгнэлтэд хүрэх, түүнийгээ мэдлэг болгон авах боломжийг олгодог билээ. Эсээ бол хүний өөрийнх нь эрэл хайгуулын үр дүнд мэдлэгийн ямар нэг ул үндсийг олж авах боломжийг олгодог. Иймд эсээг зөвхөн уран зохиол юм уу сэтгүүл зүй, гүн ухааны шинжтэй гэж үзэх боломжгүй, “чөлөөт төрөл зүйл” гэж ойлгох учиртай байна.

 

Ер нь эсээ бичигчийн өмнө хүний ертөнцийг танин мэдэх, ухаарах, учир зүйг нь олох зорилго тавигддаг. Амьдрал, мэдлэгийн үй түмэн үзэгдэл юмс, түүний тухай эцэс төгсгөлгүй мэт асуудал, ухаарлуудыг зохиолчийн авьяас чадвараа шүүн тунгаах, боловсруулах, эцсийн дүндээ авч үзэж буй асуудлын олон тал, үр дүн, сургамж санааг нэгтгэн, өөрийн үзэл ойлголт, дүгнэлт болгох нарийн үйл явц эсээг хүн төрөлхтөнд бэлэглэжээ.

 

Д. Баттогтох

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:14:57
Visitors Counter